Энэ сарын 17-нд Ливан дахь Хезболла бүлэглэл нэгэн ер бусын халдлагатай нүүр тулав. Үд дундын үед олон зуун хүний пейжер нэгэн зэрэг дэлбэрч эхэлжээ. Халдлагыг зохион байгуулагчид Хезболла бүлэглэлийн холбооны системийг өөрт ашигтайгаар эргүүлж, тэсрэх хэрэгсэл болгон ашиглаж дөнгөв. Үүний улмаас тус хөдөлгөөнд сэтгэл зүйн цохилт өгч, итгэлийг алдагдуулав. Гэсэн хэдий ч болсон хэрэг явдал тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр үл барам улам хурцатгахад хүргэнэ гэж шинжээчид үзэж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тархсан дүрс бичлэг дээр хүнсний дэлгүүрт гэнэт дэлбэрэлт болж, нэгэн эрэгтэй шалан дээр унаж байгаа нь гардаг. Ливаны эрүүл мэндийн яамны мэдээллээр, үүний улмаас 4000 хүн шархдаж, 11 хүн амиа алдав.
Халдлага шиитийн Хезболла хөдөлгөөн, Израилын хоорондын хурцадмал байдал гүнзгийрч байгаа энэ үед гарлаа. Талууд харилцааны түүхийн бүхий л хугацаанд өөр хоорондоо сөргөлдөж байгаа.
Ливанд пейжерыг голдуу Хезболла бүлэглэлийн гишүүд ашигладаг байна. Хуучирсан хэрэгсэл ийн дэлгэрснийг тус хөдөлгөөн, Израилын хоорондын мөргөлдөөнтэй холбоотой гэж тайлбарладаг. 2024 оны хоёрдугаар сард тус хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга Хасан Насралла Ливаны хил орчмын бүсийн ард иргэдэд хандан “дайсны тагнах хэрэгсэл” болох интернэт хэрэглэхээс татгалзахыг уриалж байв. Улмаар пейжерийг зөвхөн Хезболлагийн дайтагчид төдийгүй энгийн гишүүд нь хүртэл хэрэглэдэг болжээ. Тус байгууллага Тайванийн “Gold Apollo” брэндийн олон мянган пейжерийг гишүүддээ тараан өгсөн байна. Эдгээр төхөөрөмж нь эцсийн бүлэгт дэлбэрэв.
Халдлагын дараа Хезболла Израилыг буруутгасан бол Израилын эрх баригчид энэ талаар тайлбар хийгээгүй байна.
Код эсвэл тэсрэх хэрэгсэл
2024 онд халдлага үйлдэхэд санаанд оромгүй хэрэгсэл болох пейжерийг ашигласан байдал, халдлагын цар хүрээ нь ажиллагааг зохион байгуулагчид хэрхэн дэлбэрэлтүүдийг гүйцэтгэсэн бэ гэх янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байна. Цахим халдлага уу эсвэл тэсрэх төхөөрөмж ашигласан уу. Одоогоор хоёр дахь хувилбар нь илүү үнэмшилтэй харагдаж байна гэж шинжээчид үзэж байна.
Цахим халдлагын тухайд халдлага үйлдэгч тал онолын хувьд компьютерын код ашиглан пейжерүүдийн аккумляторыг халааж, дэлбэрэхэд хүргэсэн гэж үзэж болно. Хезболла хөдөлгөөний нэгэн төлөөлөгчийн хэлснээр, зарим хүмүүс пейжер нь халж байгааг анзаарч, дэлбэрэхээс нь өмнө өөрийгөө хамгаалж чадсан байна. Сүүлийн хэдэн жил ухаалаг утасны лити ион зай халсны улмаас дэлбэрсэн тухай олон мэдээлэл гарч байснаас үзвэл энэхүү хувилбар үнэмшилтэй санагдаж болох талтай. Хэдийгээр энэ таамгийг бүрэн үгүйсгэх боломжгүй ч ухаалаг утас, тэр тусмаа пейжерийг кодын тусламжтай дэлбэлсэн бодит жишээ байдаггүй. Ялангуяа, үүнийг нэгэн зэрэг олон төхөөрөмж дээр гүйцэтгэх хүндрэлтэй. Эцсийн эцэст Ливанд пейжерүүд гал авалцсан бус харин дэлбэрч, хүмүүст ноцтой гэмтэл учруулаад байна.
Хоёрдох хувилбараас үзвэл, халдлагад тэсрэх төхөөрөмж ашигласан. Үүний тулд зохион байгуулагчид пейжер худалдан авч байгаа мэдээллийг авч, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хуурамч компани эсвэл ажилтнаар дамжуулан нэвтэрч, олон мянган пейжерт алсын зайнаас удирдах боломжтой бичил хэмжээний тэсрэх төхөөрөмж суурилуулах ёстой.
Ийм оролцоо байсныг “The New York Times” хэвлэлийн эх сурвалжууд баталж байна. Тэдний ярьснаар, пейжерүүдэд 10-20 гр тэсрэх бодис нуусан гэх. Мөн энэ талаар Ливаны аюулгүй байдлын алба, “Al Jazeera” агентлаг мэдээлсэн. Тухайн өдрийн 15:30 цаг орчим пейжерүүдэд “Хезболла” хөдөлгөөний удирдлагуудаас мэдээлэл ирсэн гэх. Энэхүү мэдээлэл ирсний дараа пейжер хэдэн секунд дохио өгч, дэлбэрсэн аж.
Гэхдээ энэ хувилбарт олон цоорхой бий. Пейжер захиалж, худалдан авсан мэдээллийг хэрхэн олж авсан бэ? Хэн үйлдвэрлэв? Тайванийн “Gold Apollo ” компани захиалгыг Будапештад бүртгэлтэй “BAC Consulting KFT” гэх компани гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн. Яагаад үүнийг Ливанд илрүүлээгүй вэ? Гэхдээ энэхүү хувилбар ийм өргөн цар хүрээтэй халдлага хэрхэн гарсныг муугүй тайлбарлаж байна. Үүнийг өнгөрсөн үеийн туршлага ч илтгэнэ.
Устгах ажиллагаа
“Израилын оновчтой устгах ажиллагааны нууц түүх” номын зохиолч Ронен Бергманы тооцоолсноор, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Израил барууны аль ч улсаас илүү олон хүнийг устгажээ. Ойрх Дорнодын мөргөлдөөний үеэр 2000-2010 оны хооронд АНУ оновчтой устгах ажиллагааг идэвхтэй явуулж байх үеэс ч олон.
Ийм ажиллагаандаа Израилын тусгай албад голдуу тэсрэх төхөөрөмж ашигладаг байна. Ингэхдээ янз бүрийн арга хэрэглэнэ. 1988 оны арванхоёрдугаар сард Палестиныг чөлөөлөх ардын фронтын тэргүүн Ахмал Жибрилийг онилсон ажиллагааны үеэр Израилын арми тусгай сургасан нохойг ашиглаж байв. Төлөвлөгөө ёсоор нуруундаа тэсрэх төхөөрөмж зүүсэн нохой тус бүлэглэлийн тэргүүний нуугдаж байсан агуй руу ороход бөмбөгийг алсын зайнаас удирдан тэслэх ёстой байв. Гэвч нохой буун дуунаас айж зугтсан ба хожим нь Хезболла бүлэглэлийн гарт орсон байна.
1996 оны нэгдүгээр сард Израил Хамас хөдөлгөөний цэргийн Аль Кассам жигүүрийн тэргүүн Яхие Айяшаг устгах ажиллагааг явуулж байв. Дотоодын аюулгүй байдлыг хариуцсан Шин Бет алба Айяаш багын найзынхаа гэрээс утсаар хаяа арьдаг болохыг олж мэджээ. Шин Бет албаны ажилтнууд түүнийг тэнд хороох боломжтой байсан ч бусад хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулахаас эмээсэн байна. Зөвхөн байг устгахын тулд тэдэнд бага хэмжээний бөмбөг хэрэг болов. Эндээс л утсанд бөмбөг суурилуулах санаа төржээ. Эхний оролдлого бөмбөгийг ажиллагаанд оруулж чадаагүйгээс болж бүтэлгүйтсэн байна. Харин хэдэн сарын дараа Айяшыг эцэгтэйгээ утсаар ярьж байхад Израилын нууц албаныхан дуугаар нь илрүүлж, бөмбөгийг амжилттай ажиллуулсан байна.
Ийм аргыг Израилын тусгай албад Ираны цөмийн хөтөлбөртэй тэмцэхийн тулд мөн ашигладаг байжээ. 2010 оны нэгдүгээр сард Тегеран хотод шилдэг физикчдийн нэг Масуд Али Мохаммадийн амь насыг хөнөөсөн. Түүний автомашины дэргэд байрлуулсан мотоцикл дэлбэрсэн. Мөн оны арваннэгдүгээр сард хоёр цөмийн эрдэмтэн Мажид Шахриари, Ферейдун Аббаси-Даванийн эсрэг халдлага үйлдэж байв. Ажиллагааг гүйцэтгэгчид физикчдийн автомашинд бөмбөг тогтооно. Шахриари амиа алдсан бол Аббаси-Давани эхнэрийн хамтаар автомашинаасаа гарч амжжээ. Эдгээр ажиллагааг “Моссад”-ын захирал Меир Даган удирдаж байсан гэж Бергман үздэг.
Эдгээр болон бусад ажиллагаанаас үзвэл пейжерүүдийн дэлбэрэлт нь саарал бүс дэх тулааны арга хөгжсөнийг харуулж байна. Өмнөх халдлагуудаас цар хүрээгээрээ ялгаатай.
Айдас ба хурцадмал байдал
Тактикийн хувьд зохион байгуулагчид Хезболла эсвэл Ливаны эрх баригчдад мэдэгдэлгүйгээр ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадсан. Тэр бүү хэл тэд Хезболлагийн холбооны системийг тэсрэх төхөөрөмжийг дэлгэрүүлэх сүлжээ болгон ашиглав.
Халдлага Хезболлагийн дотоод холбоог тасалдуулж, сэтгэл зүйн цохилт өгч, тус байгууллагад итгэх итгэлийг ганхуулсан. Гэсэн хэдий ч энэхүү хэрэг бүс нутаг дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүй. Хезболла өшөө авна гэж амлаж байна. Ойрх Дорнодын мөргөлдөөн шинэ шатанд гарна гэсэн үг. Халдлагыг зохион байгуулагчид Хезболлагийн захиалсан пейжерүүд энгийн иргэдийн гарт очихгүй гэж үзэн, юуны өмнө дайтагчдад цохилт өгнө гэж төлөвлөжээ. Тэсрэлтийн улмаас Хезболлагийн найман гишүүн амиа алдсан. Халдлага энгийн иргэдийн дунд мөн айдас төрүүлэв. НҮБ-ын тусгай зохицуулагч Жаин Хеннси-Плассхерт энгийн иргэдийг хамгаалахыг уриалсан. Халдлагын хүмүүнлэгийн хохирлыг үнэлэх нь тодорхой.
Пейжерүүдийн дэлбэрэлт хүчирхийлэл үйлдэхэд хэрхэн үр дүнтэй, бүтээлч аргыг ашиглаж болдгийн харуулав. Гэхдээ Ойрх Дорнодод энэ бол хэнд ч сонин биш.
Сэтгэгдэл ( 0 )