Ливан дахь Хезболла бүлэглэлийн хэрэглэж байсан богино долгионы станцууд лхагва гарагийн орой ээлж дараалан дэлбэрч эхэлжээ.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээллээр, үүний улмаас 20 хүн амиа алдаж, 450 гарй хүн шархаджээ. Мягмар гарагт Хезболла бүлэглэлийн хэрэглэж байсан пейжерүүд дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 12-т хүрч, тэр дундаа хоёр хүүхэд байна.
Ливанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ долоо хоногтоо багтаан хуралдахаар болжээ.
Ливанд дэлбэрсэн пейжерүүдийг Тайванийн “Gold Apollo” компанитай холбож байгаатай холбогдуулан Тайванийн аюулгүй байдлын албаныхан шалгалт явуулж эхэлсэн тухай арлын батлан хамгаалахын сайд Гу Лисюн мэдэгджээ. Ройтерс агентлагийн эх сурвалж дурдан дамжуулснаар, Израилын тагнуулын “Моссад” алба Хезболла бүлэглэлийн Тайванийн “Gold Apollo” компанид захиалсан таван мянган пейжерт бичил хэмжээний тэсрэх төхөөрөмж суурилуулсан аж. Тайванийн компани дэлбэрсэн пейжерүүдийн загварыг Будапешт хотод байрладаг “BAC CONSULTING KFT” компани боловсруулж, үйлдвэрлэсэн гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )