Хезболла Израилын зүг 220 орчим пуужин харвав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 05

Хезболла бүлэглэл Ливаны нутаг дэвсгэрээс 220 орчим пуужин харвасан тухай Израилын арми мэдээлжээ.

Бямба гарагт агаарын цохилтод Израилын хойд хэсэгт дэх цэргийн хүчин төвлөрсөн Кфар Гилади суурин, Кфар Ювал зэрэг сууринд өгсөн байна. Үүнтэй зэрэгцэн Хезболлагийн байлдагчид Израилтай хил залгаа байрладаг Эл Адис хотын зүг давшилтад орсон Израилын цэргүүдтэй тулаанд оржээ.

Мөн өдөр Израилын зүгээс Ливан дахь дүрвэгсдийн Эл Бедауи болон Бекаа хөндийд агаарын цохилт өгч, үүний улмаас дор хаяж зургаан хүн амиа алджээ. Энэ үеэр Палестины Хамас хөдөлгөөний цэргийн “Аль кассан” жигүүрийн командлагчдын нэг Саид Аттала гэр бүлийн хамтаар амь үрэгдсэн тухай Shehab агентлаг дамжуулжээ.

Есдүгээр сарын 23-нд Израил Ливан дахь Хебзолла хөдөлгөөний эсрэг “Умардын сум” цэргийн ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд Израилын тал Хезболлагийн цэргийн объектуудад хүчтэй цохилт өгч байгаа юм. Аравдугаар сарын 1-нд Израилын арми Ливаны өмнөд хэсэгт хуурай газрын ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top