Израил Ливан дахь Хезболла бүлэглэлийн объектуудад агаарын цохилт өгсний улмаас дор хаяж 492 хүн, тэр дундаа 35 хүүхэд амиа алдаж, 1600 гаруй хүн шархдаад байна.
Израилын арми сүүлийн 24 цагт Ливаны өмнөд хэсэг, Бекаа хөндий болон Сирийн хойд хэсэг дэх Хезболла бүлэглэлийн 1300 объектод цохилт өгчээ. Израилын талын мэдэгдсэнээр, цохилтыг Хезболла бүлэглэлийн сүүлийн 20 жил бий болгосон цэргийн дэд бүтцэд өгсөн бөгөөд ажиллагааны дараагийн үе шатад бэлтгэж байгаа гэнэ. Мөн цохилтын улмаас Хезболлагийн командлагч Али Караки амь үрэгдсэн хэмээн мэдэгджээ.
Харин тус бүлэглэлийн зүгээс Караки амьд байгаа бөгөөд аюулгүй газарт шилжсэн тухай мэдээлжээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны ард иргэдэд хандан, аюултай бүсийг орхин гарахыг уриалж, цэргийн ажиллагаа дууссаны дараа орон гэртээ эргэн ирэх боломжтой гэж мэдэгджээ.
Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, Ливан дахь нөхцөл байдлыг хэлэлцэхийг шаардав.
Сэтгэгдэл ( 0 )