Нетаньяху Ливанд Газын зурвасын адил cүйрүүлнэ хэмээн анхааруулав

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 09

Израил Израилын Хезболлагийн эсрэг довтолгоогоо эрчимжүүлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны ард түмэнд хандан "урт хугацааны дайны ангал руу" унана гэдгийг анхаарууллаа.

Тэрбээр "Христ, мусульман, суннит, шийтүүд бүгд Хезболлагийн Израилын эсрэг явуулж буй утга учиргүй дайны улмаас зовж шаналж байна. Гэхдээ Газын зурваст харж буй сүйрэл шиг урт хугацааны дайны ангалд Ливаныг унахаас өмнө сэргийлэх боломж та бүгдэд байна” гэжээ. НҮБ-ын албаны хүний ярьснаар, Израил Газын зурваст явуулж байгаатай ижил дайны арга барил Ливанд ажиглагдаж байна. Израилын балмад халдлагын улмаас энгийн ард иргэд олноор гэр орноо орхин, шилжилт хийж байна. Израилын арми Газын зурвасын ихэнх хэсгийг газартай нь тэгшилж, 41900 хүний амийг хөнөөж, зурвасын хүн амын 90 хувь буюу 1.9 сая гаруй энгийн иргэдийг дүрвэхэд хүргээд байна. Хезболла Ливанд гал зогсоохыг дэмжиж байна гэж дэд удирдагч Шейх Наим Кассем мэдэгдсэн нь тус бүлэглэл анх удаа Газын дайныг зогсоох болзол тавилгүйгээр эвлэрэх санал илэрхийлсэн явдал боллоо.

Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант АНУ–д хийх айлчлалаа Нетаньяхугийн зөвлөмжийн дагуу хойшлууллаа. Учир нь Ерөнхий сайд эхлээд танхимаараа Ираны эсрэг авах хариу арга хэмжээний талаар санал хураалт явуулахыг зорьж байгаа юм.

Хезболлагийн удирдагч агсан Хассан Насраллагийн залгамжлагч амь үрэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Нетаньяху Хезболлагийн тэргүүн болон түүний залгамжлагчийг устгасан гэж мэдэгдэж байсан. Ямартаа ч Израилын арми Бейрут дахь Хезболла бүлэглэлийн тагнуулын төв байранд цохилт өгсний улмаас Сафиеддин амиа алдсан эсэхийг шалгаж байгаа гэжээ.

Газын зурвасын хойд хэсэгт Израилын цэргийн ажиллагаа явуулж буй газраас палестинчуудыг нүүлгэн шилжүүлж байх үед нь тэдэн рүү гал нээсэн гэж мэдээлжээ. Мягмар гарагт Сирийн Дамаск хотын нэгэн орон сууцны барилга руу Израилын Зэвсэгт хүчин халдлага үйлдэж, дор хаяж долоон хүн амиа алдаж, 11 хүн шархаджээ.

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top