Ойрх Дорнодод хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан АНУ нэмэлт хүч илгээжээ

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 24

Израил болон Ливан дахь Хезболла бүлэглэлийн хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан АНУ цөөн тооны бие бүрэлдэхүүн бүхий нэмэлт хүчийг Ойрх Дорнод руу илгээж байгаа тухай Пентагон есдүгээр сарын 23-нд мэдэгджээ. Тэд байршуулах цэргийнхээ тоо болон зорилгыг тодруулсангүй.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Агаарын цэргийн хүчний хошууч генерал Патрик Райдер "Бүс нутагт буй хүчээ нэмэгдүүлэхийн тулд АНУ цөөн тооны цэргийн алба хаагчдыг илгээж байна" гэж сэтгүүлчдэд мэдэгдэв. Газын зурваст Хамас-ын эсрэг бүтэн жил орчим үргэлжилсэн дайны дараа Израил хойд хил рүүгээ анхаарлаа хандуулж эхэллээ. Учир нь Хезболла бүлэглэл өөрийн холбоотон Хамасыг дэмжин Израилын хойд хэсэгт пуужингаар цохилт өгөх нь нэмэгдэж байна.

Израилын цэргүүд даваа гаригт Ливаны өмнөд хэсэг, Бекаа хөндийн зүүн хэсэг болон Сиритэй хил залгаа хойд бүс нутаг дахь Хезболла бүлэглэлд маш хүчтэй цохилт өгсөн. Даваа гарагийн орой Израилын арми Ливаны нийслэл хотын өмнөд хэсэгт өгсөн цохилтоор өмнөд фронтын командлагч, Хезболлагийн удирдагчдын нэг Али Каракийг онилсон хэмээн Ротерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Газын зурвас дахь мөргөлдөөнийг хязгаарлах зорилгоор Израил, Ливаны хил дээрх хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхийг удаа дараа уриалж байсан.

Хэрэв Ливан дахь Хезболла бүлэглэлийн оршин тогтнолд аюул заналхийлбэл Иран гадна талд үлдэнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байгаа бөгөөд хэрэв бүс нутгийн дайн дэгдвэл Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргүүдийн аюулгүй байдал эрсдэлд орж болзошгүй гэж үзэж байна. АНУ цэргийн хүчээ хамгаалахын зэрэгцээ бүс нутгийн оролцогчдыг нөхцөл байдлыг ашиглан, мөргөлдөөнийг хурцатгахаас урьдчилан сэргийлэхэд бэлэн байна" хэмээн Пентагоны мэдэгдэлд онцолжээ. Одоогоор тус бүс нутагт АНУ-ын Абрахам Линкольн тээвэрлэгч хөлөг онгоц, сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлаж байна.

Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top