“Хувь заяа” булангийнхаа энэ удаагийн дугаарт нийгэмдээ сайн сайхныг түгээгч эерэг нэгэн залуу Г.Батбаярыг урилаа.
Тэрбээр 1988 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Гурван хүүхэдтэй айлын ууган хүү. Өвөө Дамдинсэрээнэн агсан Дорнод аймгийн Халхгол сумын хүн. Насаараа Барилга трестэд санхүү, нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Эмээ Цэцэгдарь нь Сүхбаатар аймгийн Асгат сумынх. Цэцэрлэгт бүхий л насаараа сурган хүмүүжүүлэгчээс эрхлэгч болтлоо ажилласан Ардын боловсролын тэргүүний ажилтан хүн. Дорнод аймгийнхан андахгүй мэднэ дээ. Аймгийн I цэцэрлэгийг тоосго байхаас нь эхлээд ажилласан, ард түмэндээ Цэцэрлэгийн Цэцэгээ гэж авгайлагдсан сайхан эмэгтэй байлаа. Аав ээж нь хойно сурч байсан тул амьдралын бичигдээгүй хуулиар Г.Батбаяр өвөө эмээгийн хүүхэд болжээ. Буянтай хоёр буурлынхаа өвөр дээр тарвалзан тансаглаж, Хэрлэн голын хөвөөнд эрхэлж өссөн “жараахай”. Түүний аав Д.Ганбат автомеханикч, ээж Ж.Сайнбаяр цахилгааны инженер мэргэжилтэй. Ээж нь Дорноговь аймгийн Өргөн суманд төрж өссөн говийн бүсгүй.
Ач хүүгийнхээ “Алсыг харагч”
Эмээ нь цэцэрлэгийн эрхлэгч байсан хэр нь ач хүүгээ зориудаар өөр цэцэрлэгт явуулдаг байжээ. Энэ нь ч цаагуураа учиртай, ач хүүгээ эрхлүүлж нялхруулахгүйгээр нийгэмшүүлэн хүмүүжүүлэх гэсэн эмээгийн алсыг харсан бодлого, их ухаан байж. Ач хүү ч хар багаасаа биеэ даасан хэрсүү нэгэн болон төлөвшиж, хожмоо цэцэрлэг, сургуулийнхаа тэргүүний хүүхэд болж, байнга л шагнал урамшилд тодорхойлогдож явдаг байжээ. Хаана ямар секц, дугуйлан, клуб хичээллэнэ, тэр болгон дээр хэдийн гүйгээд оччихсон байдаг адтай сэргэлэн хүү аандаа үеийн нөхдөө манлайлаад ирсэн байна. Нийгмийн идэвхтэй гэж жигтэйхэн. Ангийн дарга. Сурлагаараа анги, хамт олноо тэргүүлдэг. Гэхдээ дандаа ном шагайгаад суудаггүй. Өсвөр үеийнхэнд зориулсан тамхины эсрэг акцид оролцчихсон, тэгсэн мөртлөө ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг гээд сургууль дээр болж байгаа бүхий л дугуйлан секцэд цаг нь зөрж л байвал гүйгээд орчихдог хүү байж. Сагсан бөмбөгөөр арай түлхүү хичээллэжээ. Сургуулиа төлөөлөөд аймгийн физик, математик, монгол хэлний олимпиадад оролцдог байв. Дорнод аймгийн Хэрлэн сумын V сургуулийн долоодугаар ангид сурч байх үед аав ээж нь Улаанбаатар руу шилжин ажиллахаар болж, Г.Батбаяр хүү ч даган иржээ. Тэрбээр нийслэлийн Ерөнхий боловсролын 39, 48 дугаар сургуульд сурч байв. Ялгаагүй Дорнод аймагт байсан шигээ л сургуулиа төлөөлж, нийслэл, дүүргийн физик, математик, шугам зургийн олимпиадад амжилттай оролцоно. Гэхдээ эмээгээ санаад төрж өссөн Дорны уудам тал руугаа буцаад “гүйчихэж”. Хээлэн урсах Хэрлэнгийн хөвөөнөө санасан сэтгэл дэвтэж тайтгарсан учир тэгэсхийгээд хичээл сургуулийн аяа бодож, арван жилээ Дорнод аймагт төгссөн түүхтэй. Хүүхэд насны хүсэл мөрөөдлөө биелүүлж конкурсээ амжилттай өгч Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн хуваарь авсан тул эмээдээ үнсүүлээд эргээд Улаанбаатарыг зорьжээ.
Цэцэрлэгийн Цэцэгээгийн амьдралын их сургууль
Цэцэрлэгийн Цэцэгээ багш ач хүүгээ бага балчирт нь өглөө бүр бурмаар биш урмаар тэтгэж хөгжүүлдэг байжээ. Харин өсвөр насанд нь амьдралын их сургуульд суулгаж, хөдөлмөр хийгээд мөнгөний үнэ цэн, цаг хугацааг бүтээмжтэй, зөв зохистой ашиглах дадлага чадвартай болгожээ. Өдгөөгийн нягт нямбай, аливаа зүйлд тууштай, даалгаж өгсөн ажилд хариуцлагатай ханддаг чадвар нь тэр л он жилүүдэд суурь нь тавигдсан гэхэд хилсдэхгүй. Магад, хайртай ач хүүдээ хэлээгүй л болохоос биш эмээгийнх нь магнай битүүхэн тэнийж байсан болов уу. Хүмүүний хувь заяаны өгөгдөл, удам судрын улбаа гялбаа гэдэг гайхалтай зүйл хэдий ч эзэн өөрөө хичээж, улам өнгөлж тордохгүй бол бас юу ч болоо билээ дээ, ялангуяа өнөөдрийн энэ өрсөлдөөн ихтэй нийгэмд. Цэцэгдарь багш тэтгэвэрт гарсныхаа дараа ч зүгээр суухыг тэвчилгүй ТҮЦ ажиллуулдаг байв. Тэр ажилд Г.Батбаяр гар бие оролцоно. Тухайн үед ТҮЦ-тээ бараагаа орхидоггүй, заавал хурааж, авч явдаг байв. Эмээгээ бараанд явсан зарим өдөр Г.Батбаяр ТҮЦ-т ганцаараа үлдэж, арын албыг дааж үлдэн наймаа хийх үе ч бий. Тэр нь гайгүй ажил санагдана. Харин оройн хоолны дараа хүүхдүүд гадаа тоглож байх үеэр тортой бараагаа барьж гэр рүүгээ явахаасаа жаахан ичээд байдаг байв. Харин одоо эргэн дурсахад хамгийн их жаргалтай үе нь тэр байжээ. Эмээ нь айхтар хүн болохоороо хайртай ач хүүгээ алсуураа амьдралын ухаанд суулгаж, мөнгө болоод хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлж, цаг хугацааг үр дүнтэй ашиглах ухаанд биеэрээ үлгэрлэн сургажээ. Эмээгийнхээ энэхүү уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дүү Г.Баярбат ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгсөөд одоо МАК-т ажиллаж байна. Бага дүү Г.Ганбаяр нь ч тогооч мэргэжилтэй болжээ. Өөрийн дөрвөн хүүхдээ гар ганзаганд, хөл дөрөөнд хүргэсэн, мөн ач хөвгүүдээ өсгөлцсөн ачит эмээ нь хоёр жилийн өмнө бурхан зүг оджээ.
Амьдралын гарааны гэрэлт мөчүүд
Г.Батбаяр ч Санхүү, эдийн засгийн дээд сургуулиа төгсөнгүүтээ ХААН банкинд теллерээр ажилд орж, нягт нямбай, хичээл зүтгэлтэй ажилласны хүчинд цахилгаан шатанд суучихсан юм шиг л богино хугацаанд шат дамжлага бүрээ гүйцээсээр удирдах албан тушаалд томилогдож, салбар, бүс, бүр банкны системийн шилдэг ажилтан болов. Залуу насны шижигнэсэн эрч хүчээр Г.Батбаяр нэг эргээд харахад банк, санхүүгийн салбарт 10 жил ажиллачихсан байсан аж. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төр, нийгмийн салбарт эзэмшсэн мэргэжил, ур чадвараа зориулжээ. Ажлын туршлага сууж, амьдрах урлагт суралцаж яваа ид насны хүн засаж тавьсан шагай шиг л цэмцгэр цэгцтэй байдгийг анзаарав.
Тэрбээр нийгмийн идэвх, оролцоо сайтай нэгэн тул хэзээг бүү мэд, нэг мэдэхэд л янз бүрийн хүмүүстэй танилцчихсан байдаг “эрдэм”-тэй. Энэхүү JCI Прогресс салбар байгууллагын нийгэмдээ эерэг өөрчлөлт түгээдэг залуустай танилцаж, гишүүн нь болж, улмаар 2023 оны ерөнхийлөгч нь болж амжсан байх жишээний. Олон янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар нийгэмдээ эерэг өөрчлөлтүүд авчрахыг хичээдэг залуусын эрч хүч гайхалтай. Залуучууд сайн дурын үндсэн дээр нийгэмдээ манлайлал үзүүлдэг тус байгууллагын нэг эд эс нь Г.Батбаяр болж үе насныхантайгаа хамтран ажиллаж, эерэг өөрчлөлт түгээхийн төлөө ханцуй шамлан оржээ. Тэр ч байтугай салбар бүрд манлайлж түүчээлж буй шилдэг залуустай танилцаж, тэднийхээ нөлөө, хүрээллээр нэг мэдэхэд улс төрд дуу хоолойгоо өргөдөг нэгэн болчихсон байв. Өөрөөр хэлбэл, тэндээс Г.Батбаяр өөрийгөө задалж, шинээр бүтээх дараагийн алхмаа эхэлжээ. Ингээд сайн дурын залуучуудын байгууллагаас улс төрийн залуучуудын байгууллага руу сайн дурын идэвхтэн болж шилжсэн аж. Ингээд нийгмийн болоод улс төрийн идэвх оролцоо сайтай тул МАХН-аас 2020 оны Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д нэрээ дэвшүүлж 30 гаруй мянган сонгогчоос 8000 хүний санал авч байв. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр нам нэгдсэнийг уншигчид мэднэ. Тэр түүхэн үйл явдлын нэгэн гэрч, МАН-ын нэг эд эс болсон тэрбээр намынхаа дэргэдэх СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч, намын бага хурлын гишүүнээр, нийслэлийн МАН-ын хороонд орон тооны бус дэд даргаар идэвхтэй ажиллаж байна. Улс орны түүхтэй салшгүй холбоотой МАН дэргэдэх залуучуудын байгууллагаар дамжуулаад боловсон хүчнээ бэлтгэдэг. Ахмад, дунд, залуу гурван үеийн алтан хэлхээс дээр үйл ажиллагаа нь төвлөрч явагддаг. Энэ чиг шугамаас гажилгүй намын дэргэдэх залуучуудын байгууллагаар дамжин бэлтгэгдсэн боловсон хүчний нэг нь Г.Батбаяр юм. Нэг талаасаа намын удирдлагууд дэмжиж боломж олгосон. Нөгөөтэйгүүр, нийслэл хот, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд нэмэр тус оруулж, цаашлаад улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах хувь хүний хүсэл тэмүүлэл, зорилго ч байсан болов уу.
Г.Батбаяр гэж яг хэн бэ?
Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеийн төлөөлөл. Улаанбаатар хотын нэгэн эд эс болон ажиллаж амьдарч байгаа олон мянган залуу гэр бүлийн төлөөлөл. Түүний гэргий Х.Уянга Говьсүмбэр аймагт төрж өссөн. Санхүүч, нягтлан бодогч мэргэжилтэй. Тэд оюутан байхдаа хотод танилцжээ. Г.Батбаяр найзуудтайгаа сургууль хоорондын тэмцээн үзэж явахдаа волейболын зэрэгтэй тамирчин бүсгүйтэй танилцсан нь түүний ирээдүйн гэргий Х.Уянга байлаа. Тодруулбал, ШУТИС-ийн оюутан бүсгүйг анх хараад л сэтгэл татагдаад байсан гэх. Залуус одоо гурван сайхан хүүхдийн ээж аав болжээ. Хоёр хүү, нэг охинтой аав хүний хувьд үр нь үлдэх хорвоод нэрээ хичээхийг эрхэмлэдэг. Тиймээс хүндээ, ялангуяа хүүхдэд ээлтэй хот, тэр соёл, нөлөөлөл, эерэг өөрчлөлтийг үлдээхсэн гэж чармайдаг юм. Тэр сайхан хотыг ирээдүй үедээ зориулан бүтээж үлдээхийн тулд зориг зүрхтэй залуу насан дээрээ иргэдээ төлөөлөн дуу хоолойгоо төрдөө өргөж сонсгохоор шийдсэн улстөрч. Үгүй бол, зүгээр хараад, эсвэл хааяа нэг шүүмжилсэн болоод суугаад байвал юу ч бүтэхгүй нь ойлгомжтой. Тэрбээр гэр хороололд өссөн учраас худгаас ус авч, жавар тачигнасан өвлийн хүйтнээр нүүрс түрж, харанхуй шөнө ариун цэврийн модон байгууламж руу тэмтчин явах тав тухгүй байдлыг сайн мэднэ. Тиймээс одоо энд тэндгүй өрнөж буй дахин төлөвлөлтөд аль болох хувь нэмрээ оруулахыг хичээдэг аж.
Г.Батбаяр, “Монголчуудад, нийслэл хотод маань маш их нөөц бололцоо байдаг. Залуучуудын орон учраас тэдэндээ боломжуудыг нээж, эерэг өөрчлөлт авчирвал манай улс хурдан хөгжинө. Гагцхүү одоо энэ үйл явцыг л хурдасгах хэрэгтэй. Нийслэл хотод маш олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Гэхдээ энэ нь хараахан хангалттай түвшинд хүрээгүй л байна. Тиймээс миний үеийн болон дараа үеийн залуус иймэрхүү боломжийг өөрсдөө нээж, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгоно. Залуучууд бид хичээвэл өөрийнхөө болон, улс орны хувь заяаг зөв залаад явах бүрэн боломжтой” гэж тэрбээр үздэг аж.
Хэрлэн голын “жараахай” зэвэг загасыг үржүүлэхэд гар бие оролцов
Тэрбээр гол ус, загас жараахайд ойрхон өссөн тул байгаль эхээ хайрлан хамгаалах сэтгэл зүрхтэй. Ийм нандин мэдрэмжүүд ялангуяа энэ цаг үеийн хүмүүсээс алсарч холдсоор байгаа нь харин харамсалтай. Нийгэмдээ эерэг өөрчлөлт түгээх хүсэлтэй 18-40 насны залуучуудыг эгнээндээ сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн JCI Прогресс салбар байгууллагынхан жил бүр нийгэмдээ хэрэгтэй, эерэг өөрчлөлт авчрах төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг уламжлалтай. Төсөл хөтөлбөрийнхөө дагуу төсөв, санхүүжилтээ өөрсдийн хандиваар босгодог улс төр, шашны байгууллагаас хараат үйл ажиллагаа явуулдаг юм.
Тэрбээр энэ байгууллагын гишүүнээр элсээд 7-8 жилийн турш идэвх чармайлттай манлайлал үзүүлж ирсэн төдийгүй 2023 оны ерөнхийлөгч нь байсныг дээр дурдсан. Г.Батбаяр олон янзын төсөл хөтөлбөрт гар бие оролцож, нийгэмдээ сэтгэл чилээж явсан ч хоёрхон төслөөс энд цухас дурдъя. Тодруулбал, “Сая загас” төслийг 2019 оноос одоог хүртэл хэрэгжүүлсээр явна. Угтаа бол Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр Туул гол байдаг. Тэгвэл Туул голыг цэвэр цэнгэг байлгадаг бодгаль нь зэвэг загас юм. Зэвэг загасыг зориудын аргаар өсгөж үржүүлээд буцааж байгальд тавьдаг ажлыг тэд хийгээд багагүй хугацаа өнгөрч байна. Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгаас эх сүргийг авч ирээд зориудын аргаар түрснүүдийг үржүүлж, лабораторид жараахай болгоод Туул голд тавьдаг. Байгаль дээрээ нэг эм зэвэг загас ойролцоогоор 3000 түрс гаргадаг. Түүний 99 хувь нь үхээд 10-30 ширхэг нь жараахай болж амьдардаг юм байна. Жараахайг 3-5 см болонгуут байгальд буцаан тавьснаар 50 хувь нь загас болон амьдардаг аж. Зориудын аргаар үржүүлэн байгаль эхдээ амьд бодгаль бэлэглэж байгаа буянтай ажил, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирч буй маш бодитой төсөл юм. Зэвэг загас олон байх тусам Туул гол маань илүү тунгалаг, цэвэр цэнгэг байх нь. Гэтэл загас агнуурын чиглэлээр хүмүүс их барьдаг, бусад загасныхаа идэш тэжээл болдог учир зориудын аргаар үржүүлж буй нь зөв гарц болжээ. Хамгийн гол нь газрын гүний усыг тэжээж байгаа нь гадаргын ус байдаг. Туул гол мөн Улаанбаатарчуудын цэвэр усны эх үүсвэр. Гэтэл Туул гол жилээс жилд багасаад, нарийсаад байх юм бол нийслэлийнхэн цэвэр усны хомсдолд эрт оройгүй орох эрсдэлтэй тул одооноос ийнхүү хамгаалж буй юм. Үүнийг хэсэг залуу сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн юм биш мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч байж хийсэн үр дүнтэй төсөл болжээ. Ази тивийн шилдэг таван төслийн нэгээр энэхүү “Сая загас” төсөл шалгарсан байна. “Туул ижий сан” ТББ-тай хамтран энэхүү төслийг одоо ч үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа юм.
“Тэргэнцэртэй баатрууд” олимпыг зорих цаг айсуй
Нөгөө нэг нь “Тэргэнцэртэй баатрууд” төсөл. Анх эхлэхдээ Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбоотой хамтран санаачилсан юм байна. Монголд анх 2018 онд туялзуур сэлэмний спортыг хөгжүүлээд, тэргэнцэртэй иргэдийг энэ спортоор хичээллүүлээд явж байгаа нийгмийн хариуцлагын төсөл. Энэ төслийн зорилго нь нэгдүгээрт, тэргэнцэртэй туялзуур сэлэм буюу олимпизмыг дэмжих, хоёрдугаарт, энэ спортоор дамжуулаад гэртээ сууж байгаа мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй буюу ялангуяа тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, өөртөө итгэлтэй болгох, шинэ мөрөөдөл, шинэ итгэл найдвартай болгоход оршиж байгаа юм. Судалгаагаар төрөлхийн гэхээсээ илүү олдмол хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүн байна. Автомашины болон үйлдвэрлэлийн осол, гэмтэл, ямар нэгэн өвчний хүндрэлээс болж хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Эрүүл саруул хүн гэнэт тэргэнцэр дээр суухаар сэтгэл гутралд автдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээл гэдэг өвчтэй байгаа тухайн ганц эд эрхтний асуудал биш, түүнийгээ дагаад үүсэж буй хүндрэл бэрхшээлээс болоод нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцож чадахгүй, нарийн яривал ар гэрийнхэн нь ч тэр бүр санаа тавиад байж чадахгүй, ажил амьдралдаа түүртсэнээс болж нөгөө хүнд маань сэтгэл гутрал үүсгэдэг. Өнөөдөр ийм хавсарсан өвчтэй хэр олон хүн байгааг бид анзаараагүй ч байж магад. Ийм нөхцөл байдал нийгэмд хэдийн үүсчээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн хөлийг нь л үзээд эмчлээд байх биш сэтгэл гэдэг эрхтнийг ч бас анзаарч үзэн, цаашилбал эмчлэх шаардлагатай юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ар гэр нь гадаа аюултай, хамгаалж байна гэдэг нэрээр гэрээс нь ч гаргахгүй тусгаарлах биш аль болох нийгэм, хүмүүстэй харилцаа үүсгэх боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй аж. Ингэвэл биемахбодын эрүүл мэнд болоод сэтгэл зүйн хувьд сайхан байх болно. Аутизмтай хүмүүс ч гэсэн энэ спортоор хичээллэх боломжтой гэнэ. Бүр цаашилбал, дотоод, гадаадын олон улсын тэмцээн уралдаанд оролцохоос гадна паралимпд оролцох боломж, үүд хаалга нээгдэнэ. Лос Анжелес-2028 олимпод Монголоос анх удаа тэргэнцэртэй туялзуур сэлэмний тамирчид оролцох боломжтой аж. Замаа засаж, гараанаасаа хэдийн хөдөлжээ, манай улсын тамирчид. Анх удаа Азийн наадамд оролцож, наймдугаар байр эзэлснээр дэлхийн чансаатай болсон түүхийг ч бичиж амжжээ, тэд. Тамирчдын чансаа ахихаас гадна нийгмийн үзүүлэлтүүд ч сайжирч байгаа аж. Учир нь аль нэг компанийн нэр дээр уралдаан тэмцээнд оролцож, орлоготой болгож байгаа юм. Ингэснээр тухайн хүний амьдрал, нийгэмд эзлэх байр суурь дээшилж байна. Магадгүй гэртээ сууж байгаа хүүхдүүд ч гэсэн энэ спортоор хичээллэж цоо шинэ мөрөөдөлтэй болох боломжтой.
Манай улс байнгын энэ спортоор хичээллэдэг 50 гаруй мэргэжлийн тамирчинтай болсон байна. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй Дархан, Эрдэнэт хотод салбараа нээгээд улс орон даяар нөлөөллийн ажлаа хийсээр байгаа аж. Найз нөхөд, хамтын ажиллагаатай байгууллага, нийгмийн дэмжлэгээр ийм амжилтад хүрсэн гэдгийг Г.Батбаяр онцлон ярьж байна. Тэрбээр “Бид анх эхлэхдээ тавцанг нь өөрсдөө гагнаад, гараар хийж байлаа. Харин одоо Япон, Хонконгийн Паралимпын холбоо зэрэгтэй хамтран ажиллаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагдсан” гэв. JCI-ийн гишүүн орнуудын 110 гаруй төслөөс шилдэг, шилдгийн шилдэг хувь хүний хөгжлийн төслөөр тус төсөл мөн шалгарчээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Эмээ өвөөгийн өсгөсөн хүүхдүүд зөв хүн болдогдоо удам нь ч ажилч хичээнгүй улс байж улс орноо үр хүүхдээ зөв сайхан авч явахын төлөө их зүйл хийгээрэй. Төр түмнээсээ Хулгай хийж гүзээ сууж болохгүйг л улс төрд орох гээд байгаа залуус сайн ойлгоорой.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бүтээлч залуу баына. Дэмжинэ ээ
Манай дүүрэгт нэр дэвшиж байгаа. Өнөөгийн хөлөлмөрч, бүтээлч залуусын төлөөлөл бна. Дэмжинээ. амжилт