Т.Галсан: Монхор Галсангийн нэрийн өмнөөс биш Монгол үндэстний нэрийн өмнөөс биеэ зарцлах болсон

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 10 сарын 22

Монголд социализм цэцэглэж байсан үеийн түүхийн нэгэн гэрч, сэхээтнүүдээ эрүүдэн шүүж, цөллөгт хатаасан хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг Хонгорын их говьд тэмээ хариулан  туулсан ч мохож яваагүй ясны тэмцэгч, эх орноосоо, эх хэлнээсээ, найраг шүлгээсээ,  хүн байхын ухаанаас, мөн чанараас урваж үзээгүй ардын ухаантан, авьяас билэгтэн бол Ардын уран зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан билээ. Монголчуудын хайртай зохиолчийг “Өглөөний зочин”-ы хойморт урьж, түүхийн ээдрээт он цаг, туулж ирсэн зам мөрийн тухай хөөрөлдсөнөө  хүргэж байна, эрхэм уншигчид таалан болгооно уу.


-Таны тэрслүү түүхийг хүн бүр шахуу мэднэ.  Харин “Яагаад тийм замаар орчихсон юм бол” гэдгийг одоогийн залуус сайн мэдэхгүй?

-Мөнх тэнгэрийн хөх өвөрт монгол минь цөөхөн. Хүн гэдэг өөрөө алдаа, оноо хоёрын хооронд шогшиж явдаг амьтан. Тийм учраас жаахан эрт хэрсүү суусных, их эрдэмтэн  мэргэдийн шавь болсных, муу муухай, бузар булай  бурангуйг өөгшүүлж дэмжээд явах уу, ирээдүйг угтсан зөв талд нь тэмцэж явах уу гэдэг нь шатрын морь, ноён бэрс хоёрыг ацан шалах шиг намайг  шалж дээ. Миний амьдрал эхнээсээ шударга үнэний төлөө байсан. Бүр хүүхэд байхын зан чанар, магадгүй удамшил тийм байсан  байх. Энэ юутай холбоотой вэ гэвэл манай өөлдүүд болбоос эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн баатарлаг түүхтэй. Тэр бахархам түүхээрээ үр ачаа багаас нь хүмүүжүүлж, ухаанаараа угжиж өсгөдөг байсных бололтой. Надад энэ араншин их эрт илэрсэн. Жишээлбэл, дунд сургуулийн сурагч  байхад уралдаан гэдэг үг нийгмийг хөдөлгөсөн дөө.

-Яаж тэр билээ?

-Нэг өдөр ангийн багш маань “За та нар ирэх улиралд нэг нэг дүн ахиулах үүрэг ав гэж сэнхрүүлдэг юм байна. Би урдах улирлаар нь онц гарсан учраас “Заавал нэг, нэг дүн урагшлуулна” гэдгийг гайхав. Багш “Асуух юм байна уу” гэлээ. Би ч гараа өргөлөө “За юу асуух гэсэн юм, хэл” гэхэд нь “Би энэ улирлаар муу гарахгүйг хичээнээ” гэсэнд “Чи ихэрхэх гэлээ” гээд миний урд МУИС төгссөн дипломаа авчирч шидэн ихэд бачимдаж билээ.

Энэ удаад би буруутай мэт боловч яг нарийндаа багш бас буруутай. Яагаад гэвэл, “Онц гарсан нь дүнгээ бататгаарай” гэж хэлээгүй, “Заавал нэг, нэг дүн ахиулаарай” гэхээр би өмнө нь тав гарсан юм чинь “Зургаа” болгох ёстой, гэтэл тийм дүн байхгүй. Эндээс эхлээд хүмүүс надад үг хэлэхдээ болгоомжилж цэнэдэг байсан. Энэ бол удмын цусан дахь тэмцэгч чанар, ээж ааваас  өвлөсөн бага байхын худлыг хүлцэн тэвчдэггүй байсан  тэр зан чанартай  холбоотой байх л даа.

-Оюутан болоод бас л тэр байдал үргэлжилсэн үү?

-Тэгээд МУИС-д орлоо. Өөдөөс минь Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Т.Пагва, Ш.Гаадамба, Ү.Нямдорж нарын багш нар угтлаа. Тэдний хэн нь ч “Чи үнэнч шударга байгаарай” гэж хэлээгүй. Гэвч  үйл хэрэг нь, амьдарч байгаа арга ухаан нь,  цаг үетэйгээ харилцаж буй харилцаа нь дандаа үнэнч шударгын дуурайл байв. Тэр  бас нөлөөлсөн нь мэдээж. МУИС-ийн хоёрдугаар  дамжааны оюутан байхдаа эрдэм шинжилгээний хуралд “Монголын шинэ үеийн утга зохиол дахь харь урсгал гэгчийн тухай”  гэсэн сэдвээр илтгэл бэлдэж билээ.

Тэр үед С.Буяннэмэх, Ши.Аюуш тэргүүтэй олон зохиолчийг “Эсэргүү зохиолч” гэж заадаг. Эртний сонин, сэтгүүл унших гэтэл тэдний  нүдийг  нь үзүүртэй юмаар хатгаад сохолчихсон, харандаагаар зурган дээр нь чагт тавиад дарчихсан байдаг байв. Дээр үеийн сонин, сэтгүүл бүгд  тийм л байлаа. Гэтэл түүнийг оюутан хүү уншаад үзтэл  бүгд л  эх орондоо хайртай, арга барилын хувьд  нам, найрамдлыг  магтдаг үхмэл утга зохиолын дэргэд хамаагүй сайхан, уран чадвар төгс байгааг хараад шударга зүрх маань тэсгэлгүй тийм илтгэл бэлдэж дээ.

Тэгээд МУИС-ийн доторх хана дүүрэн зарлал гарч, эрдэм шинжилгээний хурал болно, ийм илтгэлүүд тавигдана гээд зарладаг юм. Тэр үед  би Увсын нэг торомгор охинд сэтгэл алдарсан цаг байв. Нөгөөх маань намайг тоодоггүйсэн. Би тэр охинд мундаг харагдах гэж хичээж явсны минь нэг илрэл тэр илтгэл байсан юм. Нэг хартал нөгөөх зарлал дээрх миний нэрийг хар будгаар дарчихаж, удалгүй цагдаа ирж намайг бариад явлаа.

-Тэгээд таны “Эсэргүү” болгочихсон хэрэг үү?

-Хоёр цагдаагаар сугадуулаад Засгийн ордны хоёрдугаар давхарт очиход Лигүү тэргүүт хоёр дарга сууж байна. Тэд  намайг байцаалаа. “Эсэргүү  гээд буудчихсан  зохиолчдыг чи яахаараа өмөөрдөг билээ” гэж байна. Би “Тэдний бүтээл үнэхээр яруу сайхан зохиол байна лээ. Би урд гарсан андуурал, эндүүрлийг   засаж залруулах гэж шийдсэн  юм” гэлээ. “Төрөөс өршөөл, уучлал, зарлиг, тогтоол гараагүй байхад ингэдэг чинь буруу. Энэ бол чиний санаа биш. Чамд Б.Ринчен багш чинь чиглэл өгсөн үү, Ц.Дамдинсүрэн багш чинь ингэ гэв үү. Эсвэл Ш.Гаадамба багш чинь чиглэл өгсөн үү” гэж байцаалаа. Тэр үед монгол сэхээтэнтэй болж, тэд нь эх орны хөгжил, ард түмний амьдрал нэг л биш болсныг шударгаар ярьж эхэлсэн цаг л даа. Жишээ нь, ЗХУ-тай бид найрамдалтай байх ёстой, энэ бол аргагүй. Гэтэл наймаан дээр ч харилцан ашигтай байж чадахгүй байна. Биднээс  тарваганы арьсыг хоёр, гуравхан төгрөгөөр авдаг. Англид 25 ам.доллараар зарж байна.Тийм учраас бид нэг бол худалдааны чөлөөт орон болж, өөрөө бусад улс оронтой наймаа хийх, эсвэл түүхий эдээ олон улсад өндөр үнээр зарах ёстой. Энэ бол найрамдалд харш биш, ах дүү улс адил тэгш эрхтэй байх ёстой гээд ярих. Төлөвлөгөөтэйгээр мал, мах тушааснаас болж хөдөөгийн ард түмэн идэж уух юмгүй,  бараг турж үхэхэд хүрч байна, ялангуяа олон хүүхэдтэй айл өрхүүд. Ноосыг нь төлөвлөгөөтэй хураагаад авчихдагаас болж эсгий хийж чадахгүй, гэр орон нь дээр үеийн “нар сарыг гэртээ мандуулсан” гэдэг шиг уранхай бүрээстэй, цоорхой дээвэртэй чичирч байна. Нам, төр ард түмнийхээ төлөө байх уу гэхээс гадныхны төлөө байх ёсгүй гэлцэх. Ийм зүйлүүд  сонсогдож  байхад өчүүхэн оюутан  утга зохиол дахь хэлмэгдүүлэлтийг залруулах анхны оролдлогыг хийж байж дээ, ухаандаа.

-Тэр үед “сэхээтний төөрөгдөл” гэдэг нэр томъёо гаргаж, олон хүмүүсийг хэлмэгдүүлсэн гэдэг. Танд тулгасан зүйлүүд бусдад ч бас тохиосон гэсэн үг биз?

-Тэр үед “сэхээтний төөрөгдөл” гэж олон хүнийг хавчиж эхэлсэн. Жишээ нь, Дорнод аймгийн Намын хорооны дарга Содномцэрэн тэнд суудаг амбан консулын дайллага дээр “Та нар биднийг мөн ч их мөлжиж байна даа, би ер нь олон улсын үнээр үнэт баялгаа өгнө шүү” гэж хэлсний төлөө ажлаасаа халагдаж байлаа. Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга н.Дангаасүрэн бас л тиймэрхүү утгатай, өөрийнхөө үндэсний ёс заншил, үүх түүхийг сэргээе гэж хэлээд бас халагдаж  хараалгаж  байх жишээтэй.

Сүхбаатар жанжны охин, /Гадаад хэргийн сайд/Дүгэрсүрэнгийн эхнэр/ “Пионерийн үнэн” сонины эрхлэгч С.Наран “Монгол хүүхдүүд үндэсний хувцсаа өмсөж байя, хичээлдээ тэрлэг өмсч байя” гэж бичсэний төлөө бас л үндсэрхэг үзэл гаргалаа гэж чимхүүлж байв. Энгүй том хүний удам, бас бүсгүй хүн байсан тулдаа хатуу донгодуулаад өнгөрсөн. Сэхээтний төөрөгдөл гэж хэдэн сэхээтнээ хадлан шиг хяргаж байхад  Дарамын Төмөр-Очир гэдэг гүн ухаантан “Бид чинь төөрөх сэхээтэнтэй болжээ, ер овоо шүү дээ. Сэтгэдэг  сэхээтэнгүй болчихсон шүү дээ. Дээр үеэс байсныг нь хар, шар феодал гээд дуусгасан. Ер ингэхэд манай сэхээтэн төөрөө юү, бид өөрсдөө төөрөөд байна уу” гэж хэлсэн цорын ганц хүн дээ. Тэгэхээр  өмгөөлөгчтэй байдаг юм байна гэж бодох. Тэр цагаас намын улаан дансанд, НАХЯ-ны хар дансанд хөөрхий жулдрай оюутан бүртгэгдсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл эх орныхоо үнэнч, ард түмэндээ хайртай бүхэн тийнхүү ад болж байв шүү.

 

 

-Хэрэв та тэмээ хариулаагүй байсан бол өнөөдрийнхөө алдар зэрэгт хүрэх байсан болов уу?

-Ер нь энэ байтугайд хүрэх байсан байх. Яагаад гэвэл нас залуу, оюун санаа тунгалаг, өөрийн тогтсон үзэл санаатай, уран бүтээлд бол аль эрт “Арвай хээр” гэж анхныхаа найраглалаар Ш.Гаадамба багшийн үнэлснээр “эхлэн бичигч”, “шүлэгч”, “залуу зохиолч” гэх тэр бүх шатыг алгалсан цойлж, яруу найрагчийн өндөр сэнтийд хүрсэн байв шүү. Бас дарга болох, тэрэг унах боломж ч олон удаа гарсан. Хоёрхон баримт дурдъя. Намын хороон дарга Норолхоо нэг өдөр дуудаад “Намд элсэх өргөдлөө бич. Одоо чамайг намд элсүүлнэ, батлан даалгах хэрэггүй, хоёр жил орлогчоор явах ч хэрэггүй. Нам боловсон хүчнээ мэддэг, чамайг аймгийн үзэл суртлын хэлтсийн дарга болгоно” гэлээ.

Тэр үед би аймгийн төдийгүй, төвийн сонинуудад  И.А.Крыловын ёгт үлгэр орчуулаад гаргадаг, хөдөө болж байгаа өөдтэй, өнгөтэй бүх л явдлын тухай мэдээ бичдэг. Жишээ нь, улсын начин Эрдэнэхүүгийн өвөө Балжинням  тэр үед хоёр чиргүүл чирдэг болж тэр тухай “Хуурай замын галт тэрэг”, “Сэтгэлийн шинэчлэл” зэрэг найруулал бичиж, тэр нь”Үнэн”зэрэг сонинд гараад л, ”Залуучуудын үнэн” сонины оны шилдэг бүтээлийн шагнал аваад л. “Арвай хээр” найраглал радиогоор ахин, дахин уншигдаад л... Баянхонгортоо том сэхээтэн байсан бололтой. Гэсэн ч  “Дарга минь би өргөдөл бичихгүй” гэв. Яагаад гэхэд нь “Намд хүн сэтгэл, зүрхээрээ элсдэг байх. Намын хороон даргын тушаалаар элсдэггүй байх шүү” гэлээ. Тэгсэн “Чи намд харьяалагдахаас татгалзаж байгаа юм уу” гээд ширээгээ дэлсээд босов. Би намд сэтгэл зүрхээрээ харьяалагдаж явъя, батлахаар  харъяалагдахыг хүсэхгүй гэсэн дээ. Тэр үед Н.С.Хрушев гайгүй сайн манлайлах хүмүүсийг “беспартинный коммунист” гэж нэрлэж байсан. Тэр үзэл санааг авсан хэрэг. Үзэл суртлын хэлтсийн дарга болоогүй явдал бол би өөрийнхөө замаар явахын анхны зоримог шийд. Шүлгээ бичиж, хүүхдүүддээ багшилж явъя гэсэн андгай байжээ.

 

 

-Таныг Баянхонгор аймгаас Эвлэлийн Их хуралд оролцох  төлөөлөгчөөр сонгоод  дээш нь залах гэтэл  “явахгүй” гээд бас л буруутсан гэж уншиж байлаа?

-Намд элсээгүй явдлаас хойш нэг их удалгүй Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн  Их хурал болох болсон юм. Манай аймгийн Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооноос намайг дуудлаа, нэгдүгээр дарга нь Дорж, хоёрдугаар дарга нь Цэрэнжамц гэж хүн байсан юм /Магсарын Цэрэнжамц нь сүүлд Ю.Цэдэнбал даргын гэрэл зурагчин байсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, төлөв түвшин сайхан хүн байлаа/. Тэр хоёр надад “За хө, нөгөөдөр хот явна шүү” гэж байна. “Яасан бэ?” гэсэнд “Чамайг Эвлэлийн Их хуралд төлөөлөгчөөр сонгосон” гэв. Би “явахгүй” гэлээ. “Яагаад” гэхээр нь “Би хот зөндөө  үзсэн. Зөндөө удаа  усанд орсон. Усанд орж үзээгүй, нийслэл үзээгүй нэг хүүхэд явуулчих. Тэр нүд нээгээд, юмны учрыг боддог болоод ирэг дээ” гэчихлээ. Хэрэв би удирдах албан тушаалын донтон байсан бол  тэр өгсөх шатаар авирах байсан байх. Аягүй бол нэлээн үзэл суртлын аюултай мангаа болох байсан ч юм билүү. Тэр мэтээр үйл хэрэгтээ, уран бүтээлдээ үнэнч байсныг одоо бодоход, тэмээчин болохоос өмнөх үеийн уран бүтээлүүд маань нам төр шатаах хэмжээний, эзнийг нь цөлөх дайны бүтээлүүд байснаас  үзэхэд би өөрийнхөөрөө явж иржээ. Эх орондоо,ард түмэндээ, эзэмшсэн мэргэжилдээ, уран бүтээлдээ тууштай үнэнч байсных нэг юманд хүрэх л байсан байх.

-Уучлаарай, би түрүүний “Хэрэв  та тэмээ хариулаагүй байсан бол...” гэсэн асуултыг бэрхшээл таныг илүү хурцалж, бүтээж өгсөн болов уу гэдэг утгаар асуусан юм шүү. Та зөвөөр ойлгоорой?

-Эр хүн санасандаа эс хүрвэл цусаар бөөлжих үнэн

Эр барс үсэрсэндээ эс хүрвэл цусаар урхирах үнэн

Эр морь харайсандаа эс хүрвэл цусаар шээх үнэн

Санасан зорьсноосоо урваагүй бүхэн шагналтай хорвоо шүү дээ, хө. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай энх төрийн тамгаа шилжүүлэхээсээ 30 хормын урд 73 настай Галсанд “Ардын уран зохиолч” цол хайрласан. Оносон шагнал, гагнасан итгэл хоёр хүнийг өөд татдаг байх. Ахадсан алдар амь насанд нь арандаг болдог байх шүү. Тэр цагаас би Монхор Галсангийн нэрийн өмнөөс биш Монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтний соёлд орох өв бүтээлд биеэ зарцлах болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top