Б.Бэлгүн: Асуудлаа ойлгож, өөрчлөгдөх нууц нь сургуулийн менежментэд л зангилагддаг

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 11 сарын 13

Монгол Улсын нийт хүүхдийн долоон хувь нь хувийн өмчийн, үлдсэн 93 хувь нь төрийн өмчийн сургуульд сурдаг. Дийлэнхдээ олонх хүүхдийн сурч байгаа төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанар, орчин нөхцөл, багш нарын ур чадварыг өөчилж гоочилсон шүүмжлэлт сэтгэлээ нийгэмд байдаг нь нууц биш. Харин энэхүү нөхцөл байдлыг өөрчилж, гэгээ татуулж, чихэнд чимэгтэй мэдээ дуулдаж байсан нь саяхан. “Шинэ Монгол” сургууль 20 жилийн хугацаанд хуримтлуулсан сургууль удирдах менежментийн арга зүй, сайн туршлага, нөүхау-гаа төрийн өмчийн ЕБС-иудтай хуваалцах хөтөлбөр хэрэгжүүлээд гурав дахь үе шатандаа явж байна. Энэхүү хөтөлбөрт 2020 оноос өнөөдрийг хүртэл нийт 188 сургуулийн 18 мянга 86 багш ажилчин, 219 мянга 415 сурагч хамрагдаж байна. Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв НҮТББ-ын гүйцэтгэх захирал, ЕБС-ийн менежментийг сайжруулах хөтөлбөрийн удирдагч Б.Бэлгүнийг өнөөдрийн “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


-Төрийн өмчийн ЕБ-ын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх болсон шалтгаан нөхцөл нь юу байв. Төсөл хөтөлбөрийн зорилго нь гэсэн үг л дээ?

-Энэ бол “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрахын санаачилсан хөтөлбөр юм. Бид “Шинэ Монгол” сургуулийн 20 жилийн ойн хүрээнд боловсролын салбартаа хувь нэмэр оруулах зорилгоор нэгэнт үр дүнгээ өгсөн сургуулийн менежментийн арга зүйг сургуулиудад хуваалцаж, нэвтрүүлэхийг зорьсон. Сургуулийн менежментийг сайжруулна гэдэг нь захирал, сургалтын менежер эрхлэгч нарын л хийх ажил биш юм. Хамт олон нэгдсэн үнэт зүйлтэй, алсын хараатай, хоорондоо харилцан уялдаатай ажилласны үр дүнд сургууль өөрчлөгдөж, сайжирдаг. Өөрчлөлтийг гаднаас биш, дотроос хайх хамгийн чухал. Бидэнд харагддаггүй хэр нь хамгийн чухал зүйл буюу багш нар, хүүхдүүдийн хандлага төлөвшлийг өөрчлөхгүйгээр, зүрх сэтгэлийн боловсрол, ёс зүйн хөтөлбөр хэрэгжүүлэхгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй. Энэ бүгдийг сайжруулах нууц нь сургуулийн менежментэд л бий. Үүнийг ойлгож, хэрэгжүүлж, багаар ажиллаж, бие биенээсээ суралцаж чадсан сургуулиуд бидний нүдэн дээр эрс өөрчлөгдөж сайжирч байна. Анх аймаг, сум, хотын төвийн болон алслагдсан найман сургуулийг сонгож хоёр жилийн турш ажилласан. Сургуулиуд маань эхнээсээ маш амжилттай ажиллаж байна. Товчхон хэлэхэд, эхлээд нотлогдсон үр дүнг боловсруулах судалгаа хийхээс эхлээд одоо гурав дахь шатандаа хэрэгжиж байгаа хөтөлбөр юм.

-Сургуулийн менежмент ямар зүйлээс эхлэх вэ?

-Юуны түрүүнд, гарааны оношлогооноос эхэлдэг. Ихэнх сургуулиуд болж бүтэж байна, сайжирч, хичээж байна гэж өөрсдийгөө үнэлдэг. Менежментийн гарааны оношлогоо хийсний дараа л бодит үнэнтэйгээ нүүр тулж асуудалдаа тохирсон шийдэл, гарц гаргалгаагаа хайдаг. Зарим сургуулийн удирдлагууд “Гарааны оношлогооны ачаар л сургуулийнхаа бүхий л үйл ажиллагааг том зургаар нь харж чадлаа, чухам хаана нь алдаж онож байгаагаа ч мэдэж авсан” гэж ярьж байсан. Багш нарын ихэнх нь менежмент гэхээр бидэнд хамааралгүй зүйл гэж ойлгодог. Манай хөтөлбөрт хамрагдсаны дараа менежмент гэдэг өдөр тутмын үйл ажиллагааг ойлгомжтой, дэс дараатай болгох үйл явц байж шүү дээ гэж сэтгэгдлээ хуваалцдаг. Үр дүнг нь мэдэрсэн багш нар ажил нэмэгдэх биш харин ч ачаалал буурч, сурагч нэг бүртэйгээ ажиллах боломжтой боллоо гэдэг юм.

-Та бүхэн энэ хичээлийн жилд 120 сургуультай ажиллаж байгаа гэсэн. Эдгээр сургуультай ажиллахад юунд илүү анхаарал хандуулж байна вэ?

-Өмнө нь бид 68 ЕБС-тай хамтран ажилласны үр дүнд сургуулийн менежментийг сайжруулснаар богино хугацаанд нүдэн дээр сайжирч, өөрчлөгдөхийг харсан. Сургуулийн удирдлагууд ч багш нар ч яг л ийм шийдлийг хүсэж хүлээж байснаа ч хэлсэн. Ялангуяа сургуулиудад хэрэгжүүлж болох найман төрлийн менежментийн брэндийг санал болгож, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй, алхмууд, асуудал бэрхшээлийг шийдэх дэлгэрэнгүй зааварчилгаа чиглүүлгийг өгдөг загвар маань бодит шийдэл боллоо гэсэн талархсан үгсийг хэлж байлаа. Иймээс урт хугацаанд илүү хүртээмжтэй, тогтвортой зөвлөн туслахын тулд төслөө үргэлжлүүлж байна.

-Сургуулиуд танай төсөлд ам сайтай байдаг. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаагийн гол нууц нь юу байна вэ?

-Бид хөрсөн дээрээ буугаагүй, агаарын зүйл ярихыг хүсээгүй. Тулган шаардахгүйгээр тухайн сургуулийн онцлогт нь тохирсон шийдлийг санал болгож, хамтран хэрэгжүүлдэг. Ерөнхий арга барилыг бус туршигдаж нотлогдсон арга зүйгээр алхамчлан дагуулан сургадаг. Бид заавал мөнгө зарцуулахгүйгээр хийж болох арга зүйг л санал болгож байгаа. Тухайлбал, уламжлалт арга барилд багш нар нэгэнтэйгээ өрсөлдөх хандлагатай байсан бол манай хөтөлбөрт багт нэгдэж, хамтач сэтгэлээр нэгдэж ажиллаж сурч байна. Багш нар энэ талаар “Бид одоо л жинхэнээсээ багаар ажиллаж сурч байна. Ажил мэргэжлээ өөрөөр харж өсөж хөгжих боломжийг олгож тэр хэрээрээ өөрчлөгдөж байна” гэж ярьдаг. Энэ өөрчлөлтийг харж анзаарч мэдэрдэг хамгийн гол хүмүүс бол эцэг эхчүүд шүү дээ. Сургуулийн соёл, дадлын ачаар гэхэд “Манай хүүхэд хүнтэй мэндлээд сурчихлаа, сургуульд явах дуртай болчихлоо” гэж хэлэх эцэг эхчүүдтэй олон таарсанд баярладаг.

-Эндээс үзэхэд монголчууд өөрсдийн гэсэн туршигдан сайжирсаар яваа сургуулийн менежментийн хөтөлбөртэй болжээ гэж хэлж болох уу?

-Үнэндээ сургуулиуд менежмент сайжруулах шаардлагатай байгаа нь нууц биш шүү дээ. Бид аль нэг улсын туршлага биш дотооддоо харилцан  суралцах тогтвортой системийг бий болгохоор зорин ажиллаж ирлээ. Өмнөх хоёр үе шатанд, “Шинэ Монгол” сургуулийн менежментийн найман брэнд тухайлбал, “Сургуулийн соёл төлөвшлийн менежмент”, “Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр” зэргийг 32 долоо хоногийн турш цахимаар дагуулж сургаж хамтран ажиллан судалгаа хийсэн. Төслийн эхэн үедээ “Шинэ Монгол” сургууль дээр түшиглэж, багш нарын практик туршлагыг хуваалцан, агуулгаа хүргэдэг байсан бол энэ жилээс 68 сургуулийн маань төлөөлөл болох удирдлага, багш нар өөрсдийн бодит туршлагаа хуваалцаж байна. Энэ туршлагаасаа дүгнэхэд сайн туршлага, сургамжаа  хуваалцах олон сургуулиуд төрөн гарчээ. Цаашид энэ хөтөлбөр маань олон сургуульд хөтөч болж, үр дүнтэй хэрэгжих боломжтой нь харагдаж байна.

-Менежмент гэхээр мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг хандлага байдаг шүү дээ. Энэ хандлага сургуулиудад хэр анзаарагддаг вэ?

-Сургуулийн менежменттэй холбоотой олон тодорхойгүй, жигд бус ойлголт тархсан байдаг нь ажиглагдсан. Тухайлбал, ихэнх сургуулийн алсын хараа, эрхэм зорилго бэлгэдлийн шинж чанартай тул үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд ашиглагддаггүй. Утга агуулгыг нь ухаж ойлгоогүй, яагаад ингэж тодорхойлсныг мэддэг нь цөөн байгаа нь менежментийн ойлголт хангалтгүй байгааг илэрхийлдэг. Тиймээс бид сургуулийн удирдлагын баг, багш ажилчид, сурагч, эцэг эхчүүдтэйгээ хамтарч сургуулийн онцлогийг нь бүрэн илэрхийлж чадах алсын хараа, эрхэм зорилгыг нь тодорхойлуулдаг. Ингэж хамтдаа ойлголтоо нэгтгэж гаргасан алсын хараа бүх үйл ажиллагааг чиглүүлж, тодорхой болгож байдаг. Энэ нь юуны төлөө вэ гэвэл үр дүнтэй сургуулийг бий болгохын төлөө зорьж байгаа хэрэг. Эцсийн дүндээ хүүхдийн төлөө юм.

-Ямар сургуулиуд богино хугацаанд амжилттай ажиллаж, ахиц гаргаж чаддаг вэ?

-Байгууллагаараа нэгдсэн ойлголттой, сургуулиа өөрчлөе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй бол богино хугацаанд суралцаж, шинэ зүйлийг хүлээн авч өөрчлөгдөж чаддаг. Үүн дээр зангидсан гар шиг ажиллаж чаддаг удирдлагын багийн нөлөө маш их. Хамт олондоо боломжийг бий болгож, хамтдаа хөгжиж чаддаг захирлын нөлөө асар их юм билээ. Ингэж өөрчлөгдөж чадсан сургуулийн үүдээр ороход л шууд мэдрэгддэг. Багш нар нь урам зоригтой, сурагчид нь асчихсан харцтай, сургууль нь цаанаасаа цэгцэрчихсэн байдаг.

-Долоо хоног бүр цахимаар сургалт өгдөг юм байна. Тэгвэл тэдгээр сургуулиуд дээр өөрчлөлт гарч байгаа эсэхийг хэрхэн мэддэг вэ?

-Долоо хоног болгон цахимаар сургалт ордог. Хичээлийн дараа  удирдлагын баг нь хоорондоо ярилцаж, өөр өөрийн сургуулийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийнэ. Дараа нь бүх багшдаа хүргэнэ. Өөрөөр хэлбэл, багшийн үйл ажиллагаа сургуулийн үр дүнг илэрхийлэх учир сайтар ойлголт өгч хамтран ажиллахыг орхигдуулахгүй байх юм. Цаасан дээр хийсэн даалгаврыг нь шалгаад өнгөрөх бус тухайн сургууль өөрийнхөө онцлогтоо тохируулан хэрэгжүүлээд гарсан алдаа оноог нь хэлж өгч сайжруулдаг. Ингэхийн тулд үндсэн хичээлээс гадна цахимаар тогтмол уулзаж зөвлөн чиглүүлдэг. Мөн манай төслийн багийнхан томилолтоор очиж зөвлөн тусалдаг. Багш сурагч, удирдлагын багтай уулзаж орчин нөхцөлтэй нь танилцаж хөрсөн дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцдаг. Зарим сургуулийн удирдлагын багийн гишүүн шиг л дотор нь ороод ажиллах үе ч зөндөө бий.

-Сургууль бүр дээр ажиллаж явахад хамгийн их урам зориг авдаг зүйл нь юу байдаг вэ?

-Манай төслийн баг өнгөрсөн жил буюу төслийн хоёрдугаар шатны 68 сургуульд хүрэн ажиллажээ. Хаа байсан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургууль, Дорнод аймгийн Хэрлэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сургууль гээд Монгол орныхоо өнцөг булан бүрд хүрсэн. Нийт 22 мянга гаруй км замыг туулж боловсролын салбарын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь ажилласан. Хаа хол алслагдсан газар ч сургуулиа хөгжүүлье, багш нараа сайжруулъя, сурагч бүрийнхээ амжилтыг ахиулъя гэсэн баг хамт олон байгааг хараад маш их урам зориг авч байлаа. Тэдний ассан харц, сурах эрмэлзлээс бид төслөө улам сайжруулж, хичээх ёстойгоо мэдэрдэг.

 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ын захирал Х.Сэндэрмаа: Бид бүхэн сургуулиа хөгжүүлэх хүчирхэг баг гэдгээ ухаарч ойлгосон

 

-Судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс зохион байгуулсан Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах хөтөлбөрт манай сургуулийн удирдлага, багш нар 2023-2024 оны хичээлийн жилийн турш хамрагдаж, дадлагажиж олон зүйл сурч мэдэхийн зэрэгцээ өөрсдийнхөө үйл ажиллагааг дүгнэж цэгнэх, алдаа оноогоо дэнслэх, засан сайжруулах арга замаа тодорхойлох боломжийг олж авсан үр дүнтэй, завгүй, тасралтгүй хөжсөн цаг хугацаа байсан. Багт нэгдэж ажиллахын мөн чанар, аливаа зүйлийг нарийвчлан төлөвлөхийн ач холбогдол, сурагчдад зөв дадал хэвшил эзэмшүүлэхэд тасралтгүй тууштай, алхам алхмаар ахиулах, байгууллагад хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг соргогоор мэдрэмжтэйгээр олж харах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд олон талт үйл ажиллагаагаар татан оролцуулах гэх мэт олон сайн жишээг дурдаж болно. Энэхүү сургалтын үр дүнд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан сургуулийнхаа менежментийг хамтдаа сайжруулж болдог гэдгийг ойлгож авсан. Бидний сурагчид, эцэг эхчүүд асран хамгаалагчид, багш нар, ажилчид гээд сургуульд хамаатай хүн бүхэн сургуулиа хөгжүүлэх хүчирхэг баг бөгөөд гагцхүү зөв менежменттэй чиглүүлж чадвал төсөөлж чадсан зүйлээ бүтээж чадах юм байна гэдгийг ухаарч ойлгосон.

 

Архангай аймгийн Чулуут сумын ЕБС-ийн сургуулийн захирал Д.Лонжид: Төслийн тогтвортой байдал хамгийн чухал нь

 

-Архангай аймгийн Чулуут сумын ЕБС 89 дэхь хичээлийн жилдээ сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд сургууль дээр маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж ирсэн. 2023–2024 оны хичээлийн жилд Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол ТББ-аас зохион байгуулсан “Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах хөтөлбөр”-т манай сургууль хамрагдсан. Энэ төсөлд хамрагдсанаар 20 жил туршигдсан менежментээс суралцах боломж бидэнд тохиосон юм. Энэ төсөл олон онцлог давуу талтай байсан. Ажлын байрандаа 36 долоо хоногийн турш шилдэг менежментээс суралцах боломж сургуулиудад тэр бүр олдоод байдаггүй ховор завшаан. Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлох, багш нарыг багт нэгтгэх, шинэ багш нарт зориулсан чиглүүлэг уулзалт, гурвалсан уулзалт зохион байгуулах, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зэрэг үйл ажиллагаануудыг сургуулийнхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд маш үр дүнтэй байсан. Энэ төсөлд хамрагдсанаар удирдлагын багийн нэгдмэл байдал сайжирсан, багш нарын хандлага өөрчлөгдсөн зэрэг бодит үр дүн гарсан нь бид бүхэн сэтгэл хангалуун ажлаа эрч хүчтэй хийх урам зориг өгсөн.  Аливаа төслийг хэрэгжих хугацаанд хийгээд орхих бус түүнийг цааш тогтвортой авч явах нь хамгийн чухал зүйл тийм ч учраас энэ хичээлийн жилдээ бид бүхэн үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явж байна.

 

Сүхбаатар аймгийн ЕБ-ын 1-р сургуулийн захирал Ц.Оюунжаргал: Багш нар шинэлэг санаа, шийдлийг ажилдаа тусгадаг болж байна

 

-Сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрт хамрагдсанаараа манай сургуулийнхан үйл ажиллагаагаа төлөвлөхдөө нүсэр биш төсөр аргаар, хүртээмжтэй хэлбэрээр төлөвлөдөг менежментэд суралцаж, оновчтой шийдлийн хувилбаруудыг ярилцаж хэрэгжүүлдэг болсон.  Зохион байгуулах, төлөвлөх арга зүйд өөрчлөлт орж, мэндлэх хүндлэх соёлыг сургуульд нутагшууллаа. Сурагчдын аливаа үйл ажиллагаанд үеэрээ оролцох, үе тэнгийн найзуудтайгаа багаар хамтарч ажиллах, танилын хүрээгээ тэлэх, мэндлэх хүндлэх соёлд суралцаж, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар өөрийн онцлогт тохирсон сургалт мэдээлэлд хамрагдах хүсэл зориг нэмэгдсэн. Багш нар суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран ажиллах арга барил, багаар ажиллах хандлагад түлхүү суралцаж, шинэлэг санаа, шийдлийн хувилбаруудыг ажилдаа тусгадаг болж байна. Багт нэгтгэх менежментээр ажиллах нь багш нарын олон талт чадварыг нээн илрүүлсэн. Сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдыг татан оролцуулснаар сурагчдын сурлага, хүмүүжил төлөвшил, хамгааллын хүрээнд өөрчлөлт ажиглагдаж байна. Анги удирдсан болон мэргэжлийн багш нарт эцэг эхтэй хамтран ажиллах, ойлголцох итгэлцүүрт ахиц гарлаа.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн захирал Б.Нарангэрэл: Асуудал оношлогдож байж л ажил цэгцрэх замдаа ордог

 

-Боловсролын байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байна. Захирлын ажлын утга учрыг менежерээр ажиллаж байхдаа мэдэрсэн, гол нь бодлогоо бариад ажиллавал хөгжил ойрхон гэдгийг ойлгосон.  Түүний гол түлхүүр, цөм нь менежмент байжээ. Анх төсөлд хамрагдангуутаа л “Шинэ Монгол” сургуулийн менежментийг хуулаад Сэлэнгийн “Шинэ Монгол” сургууль болно гэж эндүүрснээ нуугаад яах вэ. Гол төлөвлөгөөг нь хуулж, үр дүнд биш олон ажил хийхэд л төвлөрч гол асуудлаа нууж хэсэг явсан. Жилийн дараа очихдоо нэг сайн загнуулж аваад учраа олсон. Хөтөлбөрийн үр дүнд асуудлаа ойлгосон. Асуудал оношлогдож байж л ажил цэгцрэх замдаа ордог юм байна. Сургалтын чанарыг сайжруулна гэж  том ажил төлөвлөхдөө биш хөрсөн дээрээ ямар асуудал байгаагаа ярих ёстой юм байна. Үүнд хамгийн чухал нь цэгцтэй төлөвлөгөө. Төслийн багийнхан маань тайлангаа тавих болгондоо л нэг зүйл ойлгож авч байсан. Үүнээс тайлан тавих нь ямар чухал гэдгийг ойлгоод багш нараараа тайлангаа тавиулдаг болсон. Хүн ярьж байхдаа, сонсож байхдаа алдаагаа олж хардаг юм билээ, үүнээс сайжруулах санал гаргах нь үр дүнтэй ч юм. Алдаа бүхэн, асуудал бүхэн нь сайжруулах гарц шийдэл гэдгийг олж хардаг гайхалтай философийг энэ төслөөс сурч байна. Багийн ажиллагааны нууц жор буюу багт нэгдэх чухал. Анх багт хуваана л гэж ярьдаг байв, гэтэл багт хуваана гэдэг өрсөлдөнө гэсэн утга агуулдаг. Харин төслийн үр дүнд бид багт нэгдэх гэсэн шинэ ойлголтыг ойлгож авлаа. Ингэснээр хүчээ хуваадаг биш нэгтгэдэг зарчимд шилжсэн. Үр дүнд нь багш нарт ч, хүүхдүүдэд ч шинэ өөрчлөлт гарсан. Багийн гишүүн бүхэн өөрийн чадварт тохирсон ажлаа сайн хийх нь багийн үйл ажиллагаа юм билээ. Үүнийг нь олж хараад чадах ажил дээр нь хуваарилдаг. Ажлыг нь үүрэгжүүлээд, үр дүнг нь тооцоход бүтээмж эрс дээшилдэг. Хүн болгон өөрийн гэсэн давуу талтай.

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЕБ-ын V сургуулийн нийгмийн ажилтан Ц.Анхтуяа: Хүрэх газраа очих газрын зурагтай боллоо

 

-Хөтөлбөрт хамрагдсанаар ойлголцлын зөрүү гаргахгүй байхад анхаардаг болсон. Анх яана аа, ажил дээр ажил болох нь дээ гэсэн санаа зовнил хөтөлбөр эхлэхэд байсныг нуухгүй. Ажил хойно асуудал гарна, гэхдээ хаана хүрэх вэ, ямар үр дүнд хүрэх вэ, яаж хийх вэ, хэн юуг хариуцах вэ зэрэг асуултуудад хариулт нь маш товч тодорхой байх ёстой. Ингэсэн цагт хүрэх газраа очих газрын зурагтай л боллоо гэсэн үг. Ойлголтоо цэгцлэхийн тулд менежментийн багаараа маш сайн ярилцаж ажлаа төлөвлөдөг. Үүний дараа хамт олондоо танилцуулж ажилдаа ордог. Ер нь нэгдсэн зорилго, нэг хүсэл тэмүүлэл л хамгийн чухал байдаг. Мөн “Шинэ Монгол” сургуулиас “32 шипи” авлаа. Хөтөлбөрийн 32 хичээл буюу сургалт болгон үнэ цэнтэй. Үүнийг яаж хөрсөн дээрээ буулгаж ажил хэрэг болгож, ашиглаж чадаж байгаагаас л бүх зүйл хамаарна. Даалгавраа хэзээ ч хойш тавилгүйгээр хичээл орсны дараах халуун мэдрэмжээ алдалгүй шууд тухайн өдөртөө хийдэг. Түүнчлэн төлөвлөхийн “ид шид”-ийг маш сайн ойлгож, хэрэгжүүлсэн. Бид ажлаа төлөвлөхдөө багш, сурагч, хамт олныхоо саналыг сонсож, аймгийнхаа боловсролын газрын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг авч тусгадаг. Энэ нь тухайн хичээлийн жилд хийх бүх зүйлийг тодорхой болгодог. Энэ бол хөтөлбөрийн сургалтаар заасан "Тогтмол ажлын төлөвлөгөө" юм. Ингэснээр хэт ерөнхий бус нарийвчилсан төлөвлөгөө гардаг. Багш, сурагч, эцэг эхчүүдийн алинд ч ойлгомжтой гэдгээрээ давуу талтай. Оролцоог ч онцгойлон анхаардаг болсон. Багш, сурагч, асран хамгаалагч буюу боловсролын тулгийн гурван чулууг бат бөх эргэх холбоотой байлгах арга нь оролцоог хангаж, тэднийг сонсож, үйл ажиллагаандаа татан оролцуулах байдаг. Гуравласан уулзалтын дараа эцэг эхчүүд маш сайхан сэтгэгдэл хэлдэг. Тухайлбал “Би ерөөсөө хүүхдээ сонсдоггүй байсан юм байна, хэдийгээр нэг гэрт амьдраад байгаа ч юу хүсэж мөрөөдөж байгааг нь мэддэггүй байжээ" гэж зарим асран хамгаалагч хэлж байсан. Хүүхэдтэйгээ сонсож, ярьж байх ёстойг ойлгож ухаарсан ярианы дараа хүүхдүүд жаргалтай болдог. Энэ бүхэн тус хөтөлбөрийн бидэнд өгсөн ажлын нөү-хау юм. Төсөл хөтөлбөрүүд голдуу нэг л сэдэв дагнан заадаг бол энэ төсөл маш цэгцтэй, системтэй мэдлэг өгдөг юм билээ.

 

Өмнөговь аймгийн ЕБ-ын V сургуулийн суурь боловсрол хариуцсан сургалтын менежер Д.Бямбасүрэн: Эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж сурсан

 

-Хөтөлбөрийн үр дүнд гуравласан уулзалтаа амжилттай зохион байгуулж сурлаа. Нийтэд нь биш тусгайлан уулзалт хийснээр аль, аль талдаа тулгамдаад байгаа асуудлыг ойлгож, таньж, аль болох тусалж дэмжихийг хичээдэг хандлагатай болдог юм байна. Хаана ч явсан мэндэлж, хүндэлдэг сурагчид бол манай сургуулийнх. Эцэг эхчүүд “Яаж ч хичээгээд сургаж чадахгүй байсан хүүхэд хүнтэй мэндлээд сурчихлаа” гээд олзуурхаж ярьдаг. Мэндэлнэ гэдэг хүний нүүр хараад үг солихын нэр биш. Үүний ард хүндлэх ухаанд суралцдаг юм билээ. Үүнээс гадна багш ажилчид ажлын байран дээрээ хөгжиж байна. Хамтарч нэгдэж байж, үеийн системээр ажиллаж байж ажиллах арга барилаа, сурагчдынхаа сурлагыг ч сайжруулна гэдгийг ойлгосон. Гар нийлээд ажлыг хамтдаа гялалзуулж байгаа багш нараа харах хамгийн урамтай. Түүнчлэн дүгнэж сайжруулж сурч байна. Хэмжүүр үгүй бол амжилт үгүй гэдэг. Ямар нэгэн арга хэмжээ болсны дараа бид хуралдаж чеклист бөглөж сурсан. Тухайлбал, юун дээр анхаарах ёстой, юуг сайжруулах ёстой вэ гэдэг дээр дүгнэлт хийдэг. Энэ бол ажлаа хамтдаа ярилцаж сайжруулах хамгийн энгийн хэр нь үр дүнтэй арга юм билээ.

 

Увс аймгийн Улаангом сумын ЕБ-ын III сургуулийн захирал Х.Орших: Өөрийн сургуулийн брэнд ажилтай болж, тоог нэмэгдүүлнэ

 

-Боловсролын шинэчлэл яригдаж буй өнөө цаг үед сургуулиудад хамгийн чухал хөтөлбөр байлаа. Төслийг хэрэгжүүлэхдээ сургуулийн онцлогыг харгалзсан, менежментийн оношлогоо хийсэн, хэрэгжүүлж буй үйл явцыг төслийн баг сургууль дээр ирж танилцан зөвлөгөө өгч, долоо хоног бүр “Шинэ монгол” сургуулийн бренд ажил, хэрэгжүүлж ирсэн арга туршлагаар сургалт зохион байгуулж, бид сургуульдаа хэрэгжүүлэх арга аргачлалаа боловсруулж туршин хэрэгжүүлж ажилласан нь онол,  практикт суурилсан бүтэн жилийн үр дүнтэй төсөл байсан. Төсөл хэрэгжсэнээр удирдлага болон багш нарын хандлагад их өөрчлөлт гаргасан гэж үзэж байна. Үүнд

1. Сургууль бүхлээр ажиллах бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн ажилласнаар багаар ажиллах арга хандлага бий болж сэтгэл зүйн таатай орчин бүрдэж байна.

2. Алсын хараа, эрхэм зорилгын дор нэгдэж түүндээ хүрэх стратегийн зорилтоо тодорхой болгож тухайн жилд тулгамдаж буй асуудлаа тодорхойлон хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтмол ажлын төлөвлөгөөнд тусган сар бүр үр дүнгийн тооцоолол хийж ажиллах удирдлагын арга барилд суралцан ажиллаж байна. 

3. Ажлыг төлөвлөхдөө хүнээ дээдэлж, бүх хүний оролцоог хангаж, оновчтой төлөвлөж үр дүнгийн хурал хийж ажлаа дүгнэдэг болсон. 

4. Хэрэгжүүлж байсан ажлын зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулж, оновчтой төлөвлөлттэй удирдамжуудыг боловсруулан өөрийн сургуулийн брэнд ажилтай болох, тоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. 

5. Сурагчдын мэдлэг олох явцад хандлага, төлөвшил хамгийн чухал нөлөөтэй гэдгийг мэдэрч байгууллагын 10 соёлыг хэлэлцэн баталж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн өөрийн сургуулийн хэрэгжүүлж байсан суралцахуй, хөгжихүй, нийгэмшихүй хөтөлбөрийг сайжруулан шинэчлэн ажиллаж “Зүрх сэтгэлийн боловсрол”, “Амьдрах ухааны хөтөлбөр” хэрэгжүүлж ажиллахаар хамт олноороо боловсруулан хэлэлцэж батлан ажиллаж байна. Энэ хичээлийн жилд сургууль бүхлээр ажиллах, тулгамдаж буй асуудлаа хамтаар шийдвэрлэх, өмнөх онд хэрэгжүүлсэн ажлаа улам чанаржуулах, шинээр төлөвлөж брэнд ажилтай болох урам зоригтой ажиллаж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top