НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын хүрээнд “Газар дундын тэнгисийн хөгжлийн түлхэц: 2030 онд 1ТВт” сэргээгдэх эрчим хүчний зорилтод хүрэх нь” сэдвээр панел хэлэлцүүлэг боллоо.
Азербайжаны эрчим хүчний дэд сайд Орхан Зейналов Төв Азид сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий гэж мэдэгдээд Азербайжан, Узбекистан, Казахстаны засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах гэж буй зарлав. Талууд ногоон коридор төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Газар дундын тэнгисийн төлөөх холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Грамменос Мастроени хэлсэн үгэндээ Газар дундын тэнгисийн бүс нутаг нь дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй бүс нутгуудын нэг юм. Хэдхэн жилийн дараа 250 сая хүн усны хомстолтой нүүр тулна. Сэргээгдэх эрчим хүч бол нүүрстөрөгчийн хийг тэглэх боломж. Байгаль дэлхий нөөц боломжийг тэгш хуваарилсан. Нар цөөн үздэг улсууд салхины эрчим хүчээр баялаг. Уран зэрэг эрдэс баялаг цөөн ард түмэнд л оногдсон байдаг. Тиймээс сэргээгдэх эрчим хүч бол тусгаар тогтнол юм. Сэргээгдэх эрчим хүч бол ажлын байр. Газар дундын тэнгисийн хувьд энэ бол хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн томоохон нэгдэл юм гэв.
Газар дундын тэнгисийн цэвэр эрчим хүчний сүлжээний тэргүүн Жавад Эль Харразын мэдэгдсэнээр, Газар дундын тэнгисийн бүс нутаг 2030 онд нэг ТВт сэргээгдэх эрчим хүчтэй болох амбицтай зорилт тавиад байна. Хямрал бүрд боломж нуугдаж байдаг. Бидэнд цэвэр, тогтвортой эрчим хүчний шинэ эринд орох боломж байна. СОР28 бага хуралд оролцсон 130 гаруй улс сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, 11 тераваттад хүргэх үүрэг даалгавар авсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )