COP29 | Б.Оюунсанаа: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд тэрбум тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах шаардлагатай

2024 оны 11 сарын 12

Азербайжан улсын нийслэл Баку хотноо “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” сэдвийн хүрээнд  COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал эхлээд байна. Хурлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч Ойн газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.


-Монгол Улсын хувьд цөлжилтөд эрчимтэй нэрвэгдэж байгаа . Энэ нь зөвхөн манай орны асуудал биш болж, хил залгаа улсууд руу шар шороон шуурга нүүсээр байна. Манай улсын хувьд ойжуулах арга хэмжээ, хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?

-Азербайжан улсын Баку хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын 29 дүгээр бага хурал болж байна. Энэ удаагийн хуралд 40 гаруй мянган хүн ирж оролцож байна. Хувийн хэвшлээс эхлэн энгийн иргэд, иргэний байгууллагын төлөөллүүд, салбарын сайдууд, Ерөнхий сайдууд ирсэн байна.

1994 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн энэхүү UNFCCC хэмээх талуудын хоорондох тогтолцооны байгууллагын гишүүн улс орнууд чиглэл, чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт хүний нийгэмд аль салбарт хэрхэн нөлөөлж буйг онцгойлон анхаарч, тодорхой төлөвлөлт хийж, амлалт өгч үүнийгээ лавлан хэлэлцэж ирсэн.

Монгол орны хувьд уур амьсгал, температурын өөрчлөлт дэлхийн өөрчлөлтөөс 3 дахин их хурдтай явагдаж байгаа. Эх газрын уур амьсгалтай улсуудын хувьд илүү эмзэг, өртөмтгий байдаг учраас дэлхийн бусад улс орнуудаас илүү хурдацтай сөрөг нөлөөлөлд өртөж байгаа гэсэн үг.

Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд жилд 10 орчим сая га талбай ой доройтож байна гэсэх судалгаа бий. Энэ нь Солонгос улсын газар нутагтай дүйцэхүйц хэмжээний ой дэлхийн хэмжээнд жил бүр үгүй болж, эсвэл доройтож байна гэсэн үг. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд ойн асуудал зүй ёсоор орж, анхаарч, тэмцэх шаардлага үүсч байгаа юм.

-Монгол Улсын хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ямар нөлөө үзүүлж байгаа гэж тооцож байна вэ?

-Ойн доройтлын эсрэх тэмцэх, хүлэмжийн хийг бууруулахын тулд дэлхий нийтээрээ олон арга хэмжээ авч ажиллаж байна. Эдгээрийн нэг нь мод тарьж ургуулах, ногооруулах юм. Мод тарих “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан хэрэгжүүлж хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Дэлхий нийтийн хувьд олон улс орнууд энэ чиглэлд алхам хийж байна. Пакистан улс 10 тэрбум мод, Европын холбоо 3 тэрбум мод БНХАУ 70 гаруй тэрбум мод тарьж ургуулаад явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй тэрбум мод хөтөлбөр нь дэлхийн бусад улс орнуудын чиг хандлагад нийцсэн, дэмжсэн ажил гэж хэлж болно. Цаашдаа бид тэрбум тэрбумаар тоологдох мод ургуулах шаардлагатай. Энэ нь манай орны төдийгүй дэлхийн экосистем нөхөн сэргээгдэхэд хувь нэмрээ оруулна.

-Гэхдээ сүүлийн жилүүдэд манай орны заримх ой мод гадны нөлөөтэйгээр үхжиж, устгаж байгаа нь нэмэгдээд байх шиг харагддаг. Үүнтэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Монгол орны хувьд 1.6 сая га талбай сүүлийн 30 гаруй жилд хөнөөлт шавж, түймрийн улмаас доройтсон. Нэн тэргүүнд бид энэ талбайгаа нөхөн сэргээх ажлыг хийж байна. Дэлхийн нийтээр энэхүү нөхөн сэргээлтэд анхаарч ажиллаж байна. Мэдээж шинээр тодорхой талбайнуудад мод тарина. Гэхдээ энэ нь байгальд суурилсан шийдэл буюу ерөнхийдөө байгалийн хуулийг дагаж тарина гэсэн үг. Хэдэн зуун жил мод ургаагүй газар шинээр тарина гэдэг хэцүү. Тиймээс ургах бололцоотой газруудыг харгалзан үзэж, тэлэх замаар ажиллана. Нэн тэргүүнд бид одоо байгаа экосистемээ нөхөн сэргээж, унаган төрх рүү нь дөхүүлэх тухай асуудал хамгийн чухал.  

Ой өөрөө дэлхийн хуурай газрын амьд бие организмын биологийн олон янз байдлын 30 хувийг агуулдаг. Тэгэхээр гуравны нэг нь ойтой холбоотой, түүнээс хамааралтай гэсэн үг. Ой доройтсноор энэ биологийн олон янз байдал тэр хэмжээгээрээ доройтолд орно гэсэн үг. Тэгэхээр бид үүнийг хамгаалахын тулд ой руу чиглэсэн эдгээр ажлыг хийж хэрэгжүүлж байна.

-Монгол Улсын хувьд COP29 бага хуралд олон чиглэлээр оролцож байгаа. Ойн газрын хувьд ямар үүрэгтэй оролцож байна вэ?

-COP29 уулзалтад орон орны маш олон салбар яамдын төлөөлөл, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, залуусын төлөөлөл оролцож байгаа. Бидний хувьд маргааш буюу арваннэгдүгээр сарын 13ны өдөр Монгол Улсаас уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хийхээр төлөвлөж буй болон хийж байгаа жлуудынхаа талаар танилцуулга мэдээлэл хийнэ. Монгол Улс энэ чиглэлд юу хийж байна вэ гэдэг талаарх мэдээллээ олон улсад өгөх зорилготой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top