Б.Батцэцэг: Монгол Улс цөлжилтийн эсрэг СОР17 бага хурлыг 2026 онд зохион байгуулна

2024 оны 11 сарын 13


Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-СОР29 бага хурлын Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Тус хуралд Ерөнхийлөгчийн түвшинд оролцох нь ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх СОР29 хурлын Дэлхийн түвшний удирдагчдын Дээд хэмжээний уулзалтад үг хэллээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш дөрөв дэх жилдээ Уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх санаачлагад нэгдэж Монгол Улс өөрийн байр суурийг илэрхийлж, өндөр түвшинд оролцож, үүрэг амлалт авч байна. Ерөнхийлөгчийн түвшинд оролцоно гэдэг нь өөрөө Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдол өгч, өөрийн хувь нэмэрээ оруулж байгааг илэрхийлж байгаа юм. НҮБ-аас зохион байгуулж байгаа улс орнуудад ач холбогдол өгч, санаачлагад нэгдэж байгаагаа илэрхийлж буй нэг хэлбэр. Бид амлалтаа биелүүлэх, жил бүрийн COP хурлын үеэр тунхагласан эцсийн баримт бичигт заасан заалтуудыг хэрэгжлүүлэх, яриа хэлэлцээрийнхээ үйл ажиллагааг уялдуулах зэрэг олон талын ач холбогдолтой.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуралд хүрэлцэн ирж оролцсоноороо 100 гаруй улсын төрийн тэргүүн, гадаад харилцааны сайд нартай уулзах боломжтой болж байгаа юм. Хоорондоо уулзаж, санал солилцох боломжтой болдог. Төрийн айлчлал хийхэд их хэмжээний зардал гардаг. Гэтэл энэхүү арга хэмжээний үеэр тэдэнтэй уулзаж, асуудлаа шийдэх боломж бүрдэж байна.

Жишээлбэл өнөөдөр манай Ерөнхийлөгч олон улс орнуудын Ерөнхийлөгчидтэй уулзлаа. Цаашлаад бидэнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлж чадаагүй зарим улс орны Ерөнхийлөгчидтэй уулзах зорилгоо зуун хувь биелүүлнэ. Энэхүү боломжоо бид хоёр хоногийн дотор дээд зэргээр ашиглана. Бүхий л түвшний уулзалтуудаа зохион байгуулна.

-Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх СОР17 бага хурлыг зохион байгуулах тухай дурдлаа. Энэ талаар тодруулбал?

-Монгол Улс 2026 онд цөлжилттэй тэмцэх чиглэлд маш идэвх санаачилга гаргаж, COP17 хэмээх Цөлжилтийн эсрэг бага хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулна гэдгийг Ерөнхийлөгч илэрхийлсэн. Цөлжиж байгаа дэлхийн олон орныг Монгол Улсад ирүүлж, энэ чиглэлийн олон улсын эрдэмтдийг урих, судалгаа шинжилгээний илтгэлүүдийг танилцуулах, хурлын бэлтгэлийг Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтарч зохион байгуулах, хурлын бэлтгэлийг өндөр түвшинд хангаж байгаа тухайгаа хэлсэн.

Манай улс бэлчээрийн мал аж, ахуйтай, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд багагүй нэрвэгдэж байгаа орон. Хөгжиж байгаа орнуудын хувьд нэлээн сорилттой байдаг. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулах төсөв тун бага байдаг ба энэ хэрээр илүү хохирол амсаж байдаг. Тийм учраас хөгжсөн орнууд илүү төсөв тавьж, ингэснээр бэлчээрийн мал аж ахуйтай, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нэрвэгдэж байгаа 100 гаруй орнуудын нийтлэг эрх ашигт нийцнэ гэх санааг илэрхийлсэн.

Мөн Монгол Улс уламжлалаараа байгаль дэлхийтэй зөв сайхан харьцдаг, мал амьтадтай харьцаж, хоршиж амьдарч сурсан нүүдэлчин ард түмэн гэдгээ үргэлж илэрхийлж, үүгээрээ дэлхий ертөнцөд байгаль эхтэйгээ зөв харьцахыг уриалж байдаг юм. 

 

 

-Бусад орны Ерөнхийлөгч нар ямар асуудал дэвшүүлж байна вэ? 

- Энэ жилийн хувьд 70, 80 орны Ерөнхийлөгчид оролцож байна. Тал нь шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь жил бүр ийнхүү цуглаж хуралддаг, амлалт өгдөг ч бодит үр дүн бага байна, үнэлж дүгнээч гэдгийг хэлж байна. Ядуу, буурай, эдийн засаг багатай улс орнууд яаж ч чадахгүй байна, ямар ч ахиц дэвшил гарахгүй байна. Нийтлэг гаргасан шийдвэрүүдээ ижил тэгш хэрэгжүүлэх боломжинд анхаарах шаардлагыг улс орнууд тавьж байна. Илүү бодит үр дүнд чиглэж байна гэж хэлж болохоор байна.

-Манай улс ДНБ-ийнхээ дөнгөж 1 хувийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулж байна гэлээ. Үүнийг 50  хувьд хүргэж өгсөх шаардлагатай байна гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа. Үүнийг өсгөх шаардлага болон боломж хэр байна вэ?

Өсгөх зайлшгүй шаардлагатай. Төсвөө юунд хэдэн хувийг нь зарцуулж байна вэ гэдэг нь улс орон бүрийн хувьд харилцан адилгүй тулгарч байгаа сорилтын нэг л дээ. Үүнийг илэрхийлснээрээ бид цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд, дэлхий дахин хувь нэмрээ оруулахад тодохой хэмжээний төсөв төсөвлөх хэрэгтэй гэдэг улс төрийн шийдвэрийн тухай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр бид энэ COP17 буюу цөлжилттэй тэмцэх хурлыг 2026 онд зохион байгуулахын тулд асар их зардал гаргах шаардлагатай.  Байгаль орчны яаман дээр тодорхой хэмжээний төсөв тавигдсан байгаа. Бид үүнийг хоёр, гурван жилдээ хуваагаад бүхий л байгууллагуудын зохион байгууллалтын зардалд зориулна. Үүнийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр гэж үзнэ. 

Бид “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” зэрэг томоохон төслүүд дээр төсвөө нэмэгдүүлж байгаа.  “Тэрбум мод” төслийн хүрээнд бид 70 орчим сая мод тариад байна. Үүнд бид бас хөрөнгө зарж байгаа. Өөрөөр хэлбэл хөгжиж байгаа орнууд дунд бид харьцангуй өөрсдийн боломжоор зардлаа нэмэгдүүлж, хувь нэмрээ оруулж байгаа гэдгээ олон улсад илэрхийлж байгаа юм. 

Дээрээс нь манай улс далайд гарцгүй хөгжиж буй орон. Ийм статустай 32 орон бий. Үүн дотроо бид харьцангуй манлаалалтай, санаачилгатай байхыг эрмэлздэг. Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээүй далайд гарцгүй орон гэж байхгүй. Далайд гарцгүй орнуудын гуравдугаар бага хурлыг Ботсвана улсад энэ жил 12-р сард зохион байгуулна. Манай улс үүнд хамтарч ажиллана, туршлага солилцоно, сайн туршлагаа санал болгоно. Тиймээс энэ хуралд бид өндөр ач холбогдолтой оролцоно.

-Бусад улсын Ерөнхийлөгч нарын зүгээс багагүй шүүмжлэл гарч байна гэлээ. Тэгвэл нөгөө талаас энэ нь хэр эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?

-Янз бүрийн өнцгөөс шүүмжлэл хэлж байгаа нь дэлхийн аюулгүй байдал, геополитикийн хүндрэлтэй нөцөл байдалд үүсч, дайны гал ассан үе тохиож байна. Тиймээс байгаль орчиндоо анхаарах нь багасч, илүү зэвсэг нийлүүлэлт, аюулгүй байдлын тал дээрээ хөрөнгө зарж байгаа нь олон оронд тохиолдож байна. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлтөө орхиж болохгүй.

Хоёрдугаарт амлалт өгсөн улс орнууд төсвөө зөв хуваарилахгүй байна. Санаачилсан зүйлсээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг шүүмжлэл нь улс орон бүрт дараагийн удаа үйл ажиллагаандаа дүгнэлт хийх шаардлага үүсэж байна. Өмнөх жилүүдэд хурц шүүмжлэл бага байсан. Ирэх жил амлалтаа биелүүлэх, үр дүн гаргах тал дээр түлхүү анхаарч ажиллах байх гэж бодож байна. НҮБ ч мөн үүн дээр хяналт тавьж ажиллах байх.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top