COP29 | Н.Батхүү: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтын шинэ зорилтыг батлах хүлээлттэй байна

2024 оны 11 сарын 12

 “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” сэдвийн хүрээнд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал үргэлжилж байна. Хурлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүтэй ярилцлаа.


-COP29 уулзалтын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Монгол Улсын баримталж буй бодлогын талаар танилцуулаач?

-НҮБ-ын байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын 29-р бага хурал буюу COP29  хурал Азербайжан улсын нийслэл Баку хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс эхлээд дэлхийн удирдагчдын уур амьсгалын тухай дээд түвшний уулзалт хоёр хоног үргэлжилнэ. Энэхүү уулзалтын эхний өдөр удирдагчид өөрийн улс орны байр суурийг НҮБ-ын индэр дээрээс илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох төлөвлөлт болон эх орондоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ямар ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа талаараа Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

-Монгол Улсын хувьд COP29 хуралдаанд ямар бүрэлдэхүүнтэй оролцож байна вэ?

-COP29 хэмээх хурлаар НҮБ-ын суурь конвенцын олон талт хэлэлцээр, түүний Киотогийн протокол, Парисын хэлэлцээрийн талуудын хурал хийхээс гадна Шинжлэх ухаан технологийн их хурал болон Конвенцийн хэрэгжилтийг хангах олон улсын хорооны хуралдаан болж, энэ үеэр олон талт гэрээ хэлэлцээрүүд болж байдаг.

Үүнд Монгол Улсыг төлөөлөн төрийн захиргааны байгууллагууд болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын төлөөлөл гээд тодорхой чиглэлийнхээ дагуу олон талт хэлэлцээрүүдэд оролцож байна.  

-Энэ удаагийн бага хурлын онцлог нь юу байна вэ?

-COP29 бага хурал нээлтээ хийгээд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс эхлэн дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэлж, үйл ажиллагаа нэлээн эрчимжиж байна. Энэ удаагийн хурлаар гарах үр дүн болох шийдвэрийг энэ сарын 22-ны өдөр талууд эцсийн байдлаар хүлээн авч, дүгнэлтээ хийнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн 29-р бага хурлын онцлог гэвэл Уул амьсгалын санхүүжилтын асуудалд бүх талууд онцгой анхаарч, НҮБ-ын гишүүн орнууд буюу 198 орон цаашид ямар түвшинд хүрэх вэ гэдэгт нэлээд анхаарч байна. Энэ утгаараа конвенцын зүгээс 2009 оноос хойш яригдсан Уур амьсгалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүжилтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлэлцээрийн хүрээнд дурдсан нь чухал баримт болж, Уур амьсгалын санхүүжилтын шинэ зорилго хэмээх баримт бичиг талуудад өгөгдлөө.

Энэ нь ерөнхийдөө 2022 оныг хүртэл уур амьсгалын санхүүжүүлтыг хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийн хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэх амлалт маягийн зүйлийг хэрэгжүүлж байсан. Энэ жилийн санхүүжилтын тайлангийн хувьд 180 орчим тэрбум ам.долларын санхүүжилт өгсөн байна.

Гэхдээ улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлынхаа жагсаалтыг гаргаж хүргүүлсэн нь нэгтгэсэн дүнгээр тэрбумаар бус их наядаар тоологдох ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна гэх тооцоолол гарсан. Тиймээс энэ удаагийн хэлэлцээр маш сонирхолтой, олон талт хэлэлцээр болох байх. Оролцогч талууд санхүүжилтийн шинэ зорилгыг батална гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Үүнийг энэ 14 хоногт хэлэлцэж, хэлэлцээрийн эцсийн өдөр тодорхой болох байх.

Энэ жилийн онцлог бас нэг онцлог нь Риогийн гурван конвенц хэмээн нэрлэгдэж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц, Биологийн олон янз байдлын тухай конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай конвенц энэ жил давхцаж зохион байгуулагдаж байна. Энэхүү гурван конвенцын үйл ажиллагаанууд өөр хоорондоо уялдаа холбоотой байдлаар явдаг. Энэ нь байгаль орчны гурвалсан хямралыг бууруулахад энэхүү конвенцуудын хэрэгжилтийг харилцан уялдаатай хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн ерөнхий чиглэлийн хүрээнд улс орнууд өөр өөрсдийн хийх ажлыг төлөвлөөд явж байгаа гэсэн үг.

-Монгол Улсын хувьд энэхүү Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад ямар зорилго, зорилт баримталж байна вэ?

-Улс орон бүр конвенцын талууд гэдэг утгаараа өөрсдийн тайлангаа нарийн бичгийн дарга нарт тодорхой хугацаанд өгдөг. Манай улсын хувьд хоёр жил тутамд ил тод байдлын тайлангаа хүргүүлдэг.

Үүнээс гадна өөрийн орны дасан зохицох үндэсний төлөвлөгөөгөө өнгөрсөн онд баталж, түүний хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа. Мөн бусад улс орнууд энэ тал дээр хэрхэн ажиллаж байгааг судлан, тодорхой шийдэл олно гэж бодож байна.

Монгол Улсын хувьд үндэстнүүдэд тодорхойлсон хувь нэмрийн төлөвлөгөөгөөр 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна гэсэн амлалт авсан байгаа. Дэлхийн хэмжээний нийтлэг хандлагын хүрээнд 2050 он хүртэл Улмаар хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьсан. Энэ хүрээнд ирэх оны 2-р сар хүртэл улс орон бүр өөрийн орны үндэсний зонхилсон хувь нэмрээ ахиулан тодорхойлсон баримт бичгийг Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх үүрэгтэй байгаа. Монгол Улс ч NDC3.0 баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.

-Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж буйг илтгэх бодит жишээнүүдээс дурдвал?

-Манай улсаас ялгарч буй хүлэмжийн хийн ялгарал хэдийгээр бага ч гэлээ олон улсын түвшинтэй, хүн ам, эдийн засгийн багтаамжтай нь харьцуулахад өндөрт ордог. Тэр утгаараа бид дасан зохицох үйл ажиллагаан дээр нэлээдгүй ажиллах ёстой. Ойн салбараас, газар ашиглалтын салбараас үүдэлтэй ялгарлыг бууруулах чиглэлд онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг нэлээн ярьж байна.

Хүлэмжийн хийг бууруулахын тулд хамгийн ихээр ялгаруулж байгаа хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний салбарууд дээрээ мөн онцгой анхаарах ёстой. Тэр ч утгаараа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний асуудлууд нэлээдгүй төлөвлөгдөн хэрэгжилтийн шатанд явж байгаа. Нөгөө талаар хөдөө аж, ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийн асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Харин газар ашиглалт болон газар ашиглалтын өөрчлөлтийг бууруулах боломж Монгол Улсад бий. Ойн сангаа хамгаалах болон нөхөн сэргээх чиглэлд хүлэмжийн хийг шингээх боломж байна гэдэгт голчлон анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хүлэмжийн хийг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна гэж хэлж болно. Гэхдээ бид үүнийгээ ахиулан тодорхойлох үүрэгтэй учраас дэлхийн дундаж буюу 44 хувь хүртэл хүлэмжийн хийг бууруулах ёстой.

-Монгол Улсаас дэвшүүлж буй төсөл, хөтөлбөрүүд олон улсын түвшинд хэр нөлөө үзүүлж байна вэ?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй ижил төстэй хөдөлгөөнүүдийг өөрийн улс орнуудад хэрэгжүүлж буй орнууд олон бий. Зөвхөн мод тарихаас гадна байгалийн ойг хамгаалах, дасан зохицох чадвартай байгалийн ойг бий болгох, нөхөн сэргээх ажлууд ихээр хийгдэж байна.

Азербайжан улс болон булангийн орнууд, Арабын Нэгдсэн Эмират улсууд 10 тэрбум мод тарих замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлыг хийж хэрэгжүүлж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top