Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын хүрээнд Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариусан тусгай элч П.Батхишигтэй ярилцлаа.
-COP29 уулзалтын үеэр гол онцолж буй сэдвүүдийг танилцуулахгүй юу? Таны оролцсон хурлуудын сэдвүүд ямар агуулгатай байв?
-Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн ээлжит хурал энэ удаад Баку хотноо болж байна. Өмнөх уулзалтуудаар яригдсан ажлуудаа дүгнэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулж байгаа санхүүжилтын талаар голлон ярьж байна. Бидний зүгээс юу харж байна вэ гэвэл уур амьсгалын өөрчлөлт зайлшгүй зүйл гэдгийг мэдэж байгаа. Энэ өөрчлөлттэй тэмцэх ажилд хэзээ ч төсвийн мөнгө хүрдэггүй, төслийн мөнгө ч мөн хүрдэггүй. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль орчноо хамгаалах, зөв зохистой ашиглах, ирээдүй хойч үедээ чиглэсэн энэ ажил бүх нийтийн үйл болох нь зүйтэй хэмээн харж байгаа. Миний хувьд ялангуяа санхүүжилт тал дээр хоёр панелд оролцлоо. Тэндээс харж байхад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хувийн салбарыг хэрхэн татан оролцуулах вэ, ногоон сангуудын санхүүжилтэд тухайн улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн салбарууд яагаад сайн оролцож чадахгүй байна вэ, ямар сорилт тулгараад байна вэ гэдэг талаар, тэр дундаа чадавхийн талаар их ярилцлаа. Яагаад гэвэл олон улсын хөгжлийн байгууллага хэдийгээр санхүүжилт босгож байгаа ч гэсэн тэр боломжууд, чадавхууд хязгаарлагдмал байдаг юм байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад. Манай улсын хувьд ч ялгаагүй хөгжлийн байгууллагууд олноор ажиллаж байгаа ч энэ нь дэлхийн ногоон сангуудаас санхүүжилт татах өрсөлдөөн гэж харах хэрэгтэй. Тэгэхээр энэ өрсөлдөөн байгаа тохиолдолд бидний хувийн компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд чадавхтай байж, менежмент сайн байж энэ хөрөнгийг санхүүжүүлж чадах юм.
Цаашдаа дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрээр авсан амлалтаа хэрхэн яаж ахиулах вэ гэсэн сорилт мөн ирж байна. Ахиулах хэсэг улсууд өндөр амбицтай байгаад байдаг бол зарим улсууд гүйцэтгэл хангалтгүй байгаа, мөн учирч буй сорилтуудынхаа талаар ярьлаа.
Тэгэхээр Парисын хэлэлцээрийн амлалт ирэх жил 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Цаашаа 2030 он гэхэд бидэнд харьцангуй бага хугацаа үлдэж байна. Энэ бага хугацаанд санхүүжилтээ нэмье, санхүүжилт авах боломж, шийдэл гаргах хугацаануудаа бас анхааръя. Зарим сангуудад хүсэлт өгснөөс 3-4 жилийн дараа асуудал нь шийдэгдэж байна. Тиймээс хугацааг нь богиносгож, санхүүг нь нэмж, улс орнуудын чадавхыг бэхжүүлье гэсэн гурван үндсэн асуудлыг нэлээн ярьлаа. Улс орнуудын бондуудыг ногооруулах, үүнээс гарч ирсэн нэмэгдэл хөрөнгүүдийг байгаль орчинд татан оролцуулахад зарцуулах асуудлуудыг хөндөж ярьж байна. Чуулган дөнгөж өчигдөр нээлтээ хийсэн. Цаашид 10 хоног үргэлжилнэ. Илүү хэрэгтэй мэдээлэл, санаачилгууд, бидэнд хэрэгтэй туршлагуудыг авах байх гэж бодож байна.
-Жилд 100 тэрбум ам.доллар санхүүжилтэд зарцуулсан гэх тооцоо гарсан байсан. Уг санхүүжилт буурах нь уур амьсгалын өөрчлөлтөд эерэг үр дүн гарч байна гэх нэг өнцөг гэж бодож байна?
-Нэг талаараа тийм. Санхүүжилт үр дүнтэй зарцуулагдаж байна уу гэдэг асуудал байна. Энэ ажил байгаа онож байна уу, үр дүнтэй, үр ашигтай зарцуулагдаж байна уу гэдэг өөрөө том асуудал болж байгаа юм. Бид зарим төслүүдийг харахад манай улсад болон олон улсад хийгдэж байгаа төслүүдийг сайн, муу талуудыг харахад тийм. Мөнгө хязгаарлагдмал байгаа хэдий ч зарцуулах нь бас нэг асуудал. Дээр нь байгаль орчны чиглэлд хувийн салбаруудыг оруулж ирэх нь зайлшгүй асуудал гэж харж байгаа юм. Хувийн салбар энэ асуудлаас харьцангуй хол байлаа шүү дээ. Тусгай хамгаалалттай газар гэхэд юу болдог билээ дээ. Үүн дээр яаж хувийн салбар оролцож байгаа билээ. Цаашид орон нутаг, иргэдийн байгууллага, төрийн бус байгууллагууд хэрхэн оролцох вэ гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Тэгж байж урт хугацааны үр дүн бий болно. Түүнээс төр дангаараа энэ ажлыг хийж чадахгүй гэдгийг бүгд сайн мэдэж байгаа.
-Энэхүү уулзалт 29 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Өөрчлөлт хэр гарч байна гэж харж байна вэ?
-Оролцогчийн хувьд харахад жижиг, том, хөгжсөн, хөгжөөгүй гээд бүхий л улс орнууд энэхүү асуудалд ижил анхаарал хандуулдаг болсон байна. Өмнө нь хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд буруутай, буурай хөгжилтэй орнууд харьцангуй гайгүй гэх хандлага байсан. Сүүлдээ бид бүгдээрээ нийлээд урагшлахгүй бол болохгүй юм байна гэдэг ойлголтод хүрсэн. Ойлголт сайжирахын хэрээр ногоон сан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилт 100 тэрбум ам.доллар хүртлээ өссөн. Сүүлийн 10 жилд энэ дүн огцом өссөн. Энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа улс орнууд ч мөн тасралтгүй нэмэгдэж байгаа гэдэг утгаараа бид алхам алхамаар урагшилж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгаралд маш бага хувьтай нөлөө үзүүлдэг гэдэг. Гэтэл үүнээс үүдсэн өөрчлөлт, хохиролд Монгол Улс хэр өртөж байна вэ?
-Та маш зөв асуулт тавьлаа. Бидний үзүүлэх нөлөө бага гэж байгаа боловч нөлөөнд хамгийн их өртдөг улс байх. Яагаад зудын давтамж нэмэгдэж байна вэ, яагаад ган болоод байна вэ, яагаад ойн бүс багасаж байна вэ гэдэг талаас нь харвал бид арай өөр зүйл ярих шаардлагатай. Бэлчээрийн доройтол, цөлжилтөөс сэргийлэх вэ гэх мэт. Энэ бүхнээс харахад манай улсын үзүүлж буй нөлөө бага нөлөөтэй мэт боловч эргээд бидэнд ирж байгаа нөлөө нь харьцангуй их байгаа юм. Тиймээс бид энэхүү нөлөөх хэрхэн бууруулах, хэрхэн дасан зохицох асуудалд анхаарч бодлогын өөрчлөлтүүдээ илүү сайн хийж явах ёстой гэж харж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нүүрэээ америкийн бордооны үхэр адил махлуултлаа хоолоо гахай шиг идэж таргалсан хүн уур амьсгалын асуудалд зөв шийдэл олж чадах уу?. Асар хүйтэн сэтгэлтэй нөхөр дөө. Энэ хүйтэн сэтгэлтэй нөхрийг ХҮДСийн үйлдвэрлэлийн менежментийн багш байсныг мэдэх юм байна. Оюутнуудаас юу асууж байгаагаа мэддэггүй будилсан нөхөр л байсан даг.