Байден, Ши нар сүүлчийн уулзалтаа хийв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Перу хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /APEC/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзаж, Байдены бүрэн эрхийн хугацаан дахь хоёр талын харилцааг дүгнэжээ. Хоёр цаг үргэлжилсэн тэдний уулзалт Байдены бүрэн эрхийн хугацаан дахь гурав дахь бөгөөд сүүлчийн уулзалт юм.

Талууд хиймэл оюун ухаан, хар тамхитай тэмцэх, Украины дайн зэрэг бүхий л салбарын харилцааны асуудлыг хэлэлцэж, дүгнэжээ.

Ши Жиньпин ирэх дөрвөн жилд Хятад улс АНУ-тай тогтвортой, эрүүл харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдэгдсэн бол Байден өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаанд гарсан ололт, амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлжээ. Хэрэв хоёр улс бие биедээ түнш шиг хандаж, хамтын ажиллагааны боломжуудын эрэлхийлэх аваас хоёр улсын харилцаа ихээхэн дэвшилд хүрнэ гэж Ши Жиньпин онцлоод харин хоёр тал бие биеийгээ өрсөлдөгч эсвэл сөргөлдөгч хэмээн хүлээн авбал ширүүн өрсөлдөөнд орж, харилцаагаа муутгах аюултай гэжээ.

Байден Хятад улс Оросыг Украины эсрэг дайнд дэмжиж буйд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэхэд Ши Жиньпин хариуд нь Бээжин Орос, Украины мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө байр суурийг тууштай баримталсаар ирснийг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top