БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын цахим уулзалт өнөөдөр өглөө 08.46 цагт эхэллээ. Цагаан ордны мэдээллээр, уулзалт хэдэн цаг үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нь Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоноос хойш болж буй анхны уулзалт юм. Үүнээс өмнө тэд зөвхөн утсаар ярьж байв.
Хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэн, энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай гэж Ши Жиньпин онцолжээ. Түүнчлэн, Бээжин, Вашингтон, хоёр талын харилцааны тогтвортой байдлыг хангах замаар уур амьсгалын өөрчлөлтөд үр дүнтэй хариу үйлдэл хийж, ковидын цар тахалтай тэмцэх ёстой. Өдгөө Хятад улс, АНУ хөгжлийнхөө чухал үе шатыг туулж байгаа бөгөөд “дэлхийн тосгон” олон тооны сорилттой нүүр тулж байна. Дэлхийн томоохон эдийн засаг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд хоёр улс харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэж Хятадын тэргүүн мэдэгдэв.
Цагаан ордны тэргүүн хоёр улс санал зөрөлдөж буй асуудлаа тодорхой, шударга ярилцах үүднээс эрүүл ухаан дээр үндэслэсэн хамгаалалт бий болгож, ашиг сонирхол нийцсэн асуудлаар хамтарч ажиллах ёстой гэж онцолжээ. Түүний хэлснээр, энэ хандлага нь хариуцлагатай манлайллын үлгэр дуурайлал юм. АНУ, БНХАУ-ын харилцаа дэлхий дахинд ихээхэн нөлөө үзүүлж буйг Байден дурджээ. Тэрбээр бүх улс орнууд нэг дүрмээр тоглох учиртай гээд АНУ хэзээд өөрийнхөө болоод түнш, холбоотнуудынхаа эрх ашиг, үнэт зүйлсийг хамгаалах болно гэж мэдэгдсэн байна. АНУ, БНХАУ-ын эрх баригчид хоёр улсын өрсөлдөөн сөргөлдөөн болж хувирахаас зайлсхийх ёстой гэж Байден онцлоод Ши Жиньпинтэй биечлэн уулзана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.