Палестины эзлэгдсэн нутаг дахь палестин ард түмэн болон бусад арабуудын эсрэг хүний эрхийг хөндсөн Израилын ажиллагааг мөрдөн шалгах НҮБ-ын Тусгай хороо Израил, Палестины мөргөлдөөн хурцадсанаас хойш Израилын эрх баригчдын явуулж буй ажиллагааг аймаглан устгах үйлдэл хэмээн дүгнэж болохыг тогтоолоо гэж энэхүү Тусгай хорооноос нийтэлсэн илтгэлд тэмдэглэжээ.
Уг илтгэлд 2023 оны аравдугаар сарын 7-ноос 2024 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд өрнөсөн үйл явдлыг хамруулсан байна. “Бүлэг хүн ам болох паленстинчууд руу цэрэглэн довтолж, байлдааны ажиллагааны үр дүнд Газын зурваст палестинчуудад амьдрахын аргагүй аюултай нөхцөл байдал үүсгэж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хязгаарлаж, хүмүүсийг үхэлд хүргэж, Газын зурвас болон Баруун эрэгт палестинчуудыг алж талж, бие болон сэтгэл санааны ноцтой эмгэг учруулж байгаа нь олон улсын эрх зүйг зөрчиж байна. Газын зурваст энгийн хүн амыг олноор хөнөөж байгаа нь тохирсон хариу арга хэмжээ биш юм” гэж Тусгай хорооны илтгэлд онцолсон байна.
Тусгай хорооны дүгнэлтээр, Израилын засгийн газар болон зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой юм. Израилд бүх төрлийн давшилтын зэвсэг, түүний дотор тэсрэх бодис, их буу болон галт хэрэгсэл нийлүүлэхийг зогсоохыг Тусгай хорооноос НҮБ-ын гишүүн орнуудад тууштай зөвлөж байна.
Палестины эзлэгдсэн нутаг дахь палестин ард түмэн болон бусад арабуудын эсрэг хүний эрхийг хөндсөн Израилын ажиллагааг мөрдөн шалгах НҮБ-ын Тусгай хороо нь 1968 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд илтгэлээ жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд танилцуулдаг юм. Тусгай хороо дээр дурдсан илтгэлээ энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд танилцуулах юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
HAMASIIN TERORISTUUD BOL PALESTIN UURUU YUM .HEREV TED HAMASAA USTGAVAL ENH TAIVAN UURUU IREH BULGUU
Hog