БНСУ-ын сөрөг хүчин Юн Сог Ёлыг огцрохыг шаардав

Я.Болор | Zindaa.mn
17 цагийн өмнө

БНСУ-ын сөрөг хүчний Ардчилсан “Тобуро” нам Ерөнхийлөгч Юн Сог Ёл улс орондоо дайны байдал зарласантай холбогдуулан огцрохыг шаардлаа. Татгалзсан тохиолдолд түүнд итгэл үзүүлэх эсэх импичмент зарлана гэв.

БНСУ-ын Үндэсний ассамблейн ээлжит бус хуралдааны үеэр Ардчилсан нам Ерөнхийлөгч Юн Сог Ёл өөрийн хүсэлтээр огцрохгүй бол түүнд импичмент зарлана хэмээн мэдэгджээ. “Ерөнхийлөгч дайны байдал зарласнаар Үндсэн хуулийг зөрчсөн. Юн дайны байдал зарлах хуулийн заалт, шаардлагуудыг зөрчсөн” хэмээн мэдэгдэлд онцолсон байна.

Эрх баригч “Иргэний хүч” намын дарга Хан Дон Хун өнөөдөр /2024.12.04/ мэдэгдэлд хийхдээ, тус улсад дайны байдал зарлахыг санал болгосон Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёныг огцруулах ёстой гэж мэдэгджээ.

Мягмар гарагт /2024.12.03/ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл дайны байдал зарлаж, энэхүү шийдвэрээ Умардыг дэмжсэн хүчнүүдийг устгах, Үндсэн хуульт дэг журмыг хамгаалах шаардлагатай хэмээн тайлбарласан. Сөрөг хүчний Ардчилсан нам Үндэсний ассамблейн төсвийн байнгын хороонд төсвийг танах тухай хуулийн төсөл өргөн барьж, улсын аудитор, ерөнхий прокурорт импичмент зарласны дараа Юн Сог Ёл дайны байдал зарлах шийдвэр гаргасан гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top