Дөрвөн жилийн өмнө Доналд Трампыг дэмжигчид Капитолийн ордон руу дайран орж, Жо Байдены ялалт байгуулсан сонгуулийн санал хураалтын дүнг батлахад саад хийхийг оролдож байлаа. Түүнээс хойш Нэгдсэн Улсад 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдалтай холбоотой болгоныг мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 1.6 мянган хүнд зөрчлийн болон эрүүгийн хэргээр ял тулгасан байдаг.
2024 онд Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Конгрессын ордон руу дайран орсны төлөө шийтгэгдсэн хүмүүст өршөөл үзүүлнэ хэмээн амласан. Шинжээчдийн үзэж буйгаар, Цагаан ордны ирээдүйн тэргүүн аль болох олон дэмжигчээ суллахыг хичээнэ.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Доналд Трампыг дэмжигчид ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдены байгуулсан ялалтыг үл хүлээн зөвшөөрч, Вашингтон хотноо эсэргүүцлийн цуглаан хийж, улмаар Капитолийн ордон руу дайран орсон билээ. Тэдний зорилго 2020 оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг батлахад саад хийх явдал байв. Тухайн үед Конгрессын үйл ажиллагаа хэдэн цагийн турш зогсож байсан бөгөөд жагсагчдыг ордноос гаргасны дараа Конгресс Жо Байдены ялалтыг баталж байлаа.
Энх замбараагүй байдалд оролцсон ихэнх хүмүүс нийслэл хотод шилжилт хөдөлгөөн хийх эсвэл хот руу орох эрхээ хасуулсан. Харин эдгээр хүмүүс Трампын тангараг өргөх ёслолд оролцох эрхийг нь сэргээхийг шаардаж байгаа ч хууль зүйн яам тэдний хүсэлтийг хүлээн авах бодолгүй байна. Тухайлбал, Капитолийн хэргийн хариуцагч Кристофер Белливо гэгчийн ижил төрлийн хүсэлтийг хууль зүйн яам хүлээн авахаас татгалзаад байна. Түүнийг Капитолийн ордныг хамгаалах цагдаагийн алба хаагчдын аюулгүй байдалд заналхийлж магадгүй хэмээн үзэж байна. Гэтэл шүүх одоогоор түүнд ял оноогоогүй байгаа тул хуулиар тэр гэм буруугүй хэвээр байна. Хариуцагчийн Вашингтонд сүүлд оролцсон арга хэмжээ нь өргөн хүрээний эмх замбараагүй байдал болж хувирсан хэмээн прокурор мэдэгджээ.
Харин Белливо өөрөө түүний өмнөх намтарт хүчирхийллийн үйлдэл байдаггүй тул суллах үндэслэл хэмээн үзэж байна. Түүнтэй зэрэгцэн эрүүгийн хуулийн дөрвөн заалтаар буруутгагдаад байгаа хариуцагч Синди Янг мөн Вашингтонд болох тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцох хүсэлтээ хүргүүлээд байна. Түүний өмгөөлөгчийн мэдэгдсэнээр, Янг сүүлийн нэг жилийн хугацаанд суллагдах нөхцөлийг бүрэн дүүрэн биелүүлж байгаа нэгэн. Янг нийгэмд аюул учруулаагүй бөгөөд оргон зугтах эрсдэл байхгүй гэж түүний өмгөөлөгч онцолжээ. Гэсэн хэдий ч прокурорууд түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаад байна.
АНУ-ын хууль зүйн яамны мэдээллээр, Капитолийн ордон руу дайран орсон хэрэгт буруутгагдаж буй 1000 орчим хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Тэдгээрийн 600-д цагдаагийн алба хаагчид халдсан эсвэл эсэргүүцэл үзүүлсэн хэрэгт ял тулгаж байна. Хэд хэдэн хүнийг эрэн сурвалжилж байгаа тул баривчилгаа дахин болно гэсэн хүлээлт бий.
Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр нэгдүгээр сарын 6-ны хэрэг явдалтай холбоотой гэмт хэрэгт буруутгагдаж байгаа болон ял шийтгэл авсан хүмүүст өршөөл үзүүлнэ хэмээн амлаж байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэрбээр “эдгээр хүмүүс тамд амьдарч байна” гэж мэдэгдэж байсан билээ. Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан эхний өдрөө тэдэнд өршөөл үзүүлэх тухай зарлиг буулгана гэж мэдэгдсэн билээ.
Улс төрийн агуулга
“The Wall Street Journal” хэвлэлийн мэдээллээр, Капитолийн ордон руу дайран орсон хэргийг буруутгаж байсан компаниуд Трампын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд зориулж хандив өргөөд эхэлжээ. Эдгээр компанийн тоонд “PhRMA” холбоо, “Ford”, “Intuit”, Японы “Тоёота” зэрэг компани оржээ. Тус компаниуд тус бүр нэг сая ам.долларын хандивыг Трампын тангараг өргөх ёслолд зориулна хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдлыг шүүмжилж байсан Bank of America болон Goldman Sachs банк, “General Motors” корпорац, “AT&T” үүрэн утасны оператор мөн хандив өргөхөө мэдэгджээ. Шинэ засаг захиргаатай найрсаг харилцаа тогтоох найдвар тээн томоохон компаниудын удирдлагууд Трампын Мар-а-Лаго эдлэн рүү цуварч байна гэж “The Wall Street Journal” бичсэн байна. Капитолийн хэрэгтэй холбоотой өгч байсан тэдний ихэнх амлалт өнгөрсөн үед үлдэж байна хэмээн тус сонин онцолжээ.
Трампын тангараг өргөх ёслолыг хүлээлгүйгээр Колумбиа тойргийн прокурор Мэттью Грэйвс энэ сарын 16-нд ажлаа өгнө гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Капитолийн хэрэгт оролцогчдыг хариуцлагад татах томоохон мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байлаа.
Трамтай тэмцэх арга
Шинжээчдийн үзэж буйгаар, Капитолийн ордон руу дайран орсон хэргийг тойрсон үйл явдлууд болон олон тооны мөрдөн шалгах ажиллагаануудыг Жо Байдены засаг захиргаа улс төрийн байр сууриа бэхжүүлэх, Доналд Трампын нэр хүндийг унагахын тулд ашиглажээ.
Тэдний гол зорилго нь Трампыг АНУ-ын их улс төрөөс бүр мөсөн зайлуулах явдал байсан хэдий ч бүтэлгүйтсэн тул мөрдөн шалгах ажиллагаа энгийн иргэдээр л хязгаарлагджээ. Ардчилсан намынхан үүнийг Трамптай тэмцэх арга болгон ашиглаж, түүнийг дэмжих нь ноцтой үр дагавар дагуулдаг болохыг ойлгуулахыг зорьсон хэмээн улс төр судлаачид үзэж байна. Харин Трампын хувьд тэднийг өршөөх нь нэр төрийн хэрэг болох юм.
Асуудал Трампыг сонгогчидтой шууд холбоотой тул тэр амлалтаа биелүүлэхийг хичээнэ. Доналд Трампыг чин сэтгэлээсээ дэмжсэнийхээ төлөө хохирсон хүмүүсийг өршөөх нь түүний хувьд нэр төрийн хэрэг хэмээн ажиглагчид онцолжээ.
Гэсэн хэдий ч тэднийг өршөөх үйл явц хүндрэлтэй байх талтай гэж шинжээчид үзэж байна. Жо Байден Капитолийн ордон руу дайран орсон хэрэгт оролцогчдыг алан хядагч хэмээн зарласан нь санамсаргүй хэрэг огт биш. Энэ үг Америкийн нийгэмд хүчтэй нөлөө үзүүлсэн. Эл нөхцөл байдал тэднийг өршөөх Трампын санааг хэрэгжүүлэх явцыг хүндрүүлэх ч Трамп аль болох олон хүнийг суллахыг хичээх нь тодорхой.
Зарим шинжээчид нэгдүгээр сарын 6-ны үйл явдалд оролцсон Трампыг дэмжигчдийг Жо Байдены засаг захиргааны улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчид хэмээн тодорхойлсон байна.
Капитолийн гэсэн тодотголтой үйл явдлыг нийгмийн дэг журмыг зөрчсөн хэрэг гэж үзэх боломжтой. Эл үйл явдал терроризм огт биш бөгөөд оролцогчдын авсан хатуу ял шийтгэл нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн илэрхийлэл гэж шинжээчид тодруулжээ.
Жо Байдены засаг захиргааны зүгээс Капитолийн ордон руу дайран орсон Трампын дэмжигчдийг мөрдөх стратегид дабл стандарт ажиглагдаж байна. Тухайлбал, Байдены засаг захиргаа Гүржийн парламентын ордон руу дайрсан жагсагчдыг идэвхтэй дэмждэг. Капитолийн ордон руу дайрах нь терроризм, Гүржийн парламентын ордон руу дайрах нь эрх чөлөөний төлөөх тэмцэл болж таарч байгаа нь дабл стандартыг илтгэж байна.
Ямартаа ч Трамп тангараг өргөснөөр Капитолийн хэрэгт оролцогчдын хувь заяа сайн тал руу өөрчлөгдөнө гэж шинжээчид дүгнэжээ. Бүгд найрамдах намыг дэмжигчид ч Трампыг хэлсэндээ хүрнэ гэж хүлээж байгаа. Харин ардчилсан намынхны хувьд Трампыг муу бүхний биелэл хэмээн зарлах ээлжит шалтаг болно. Гэхдээ ийм мэдэгдэлд гайхах хүн АНУ-д үгүй.
Сэтгэгдэл ( 0 )