“ОРАНО”-той гэрээ байгуулж, НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуультай болохоор шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, олны анхаарлын төвд байгаа “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах өдрөө товлож, нийслэлийн агаар хөрсний бохирдлыг буруулах чиглэлээр арга хэмжээ авах, орлого багатай иргэдэд НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуультай болохоор тус тус шийдвэрлэлээ.


ЧУУЛГАН ЗАВСАРЛАХААР ААН НЭГЖҮҮДИЙГ ХАМРУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

 

Засгийн газар Улаанбаатар хотыг 2025 оны дэд бүтцийн жил болгон зарласантай холбогдуулж тулгамдсан асуудал болох утаа болон түгжрэлийн эсрэг бүтээн байгуулалтад хандив тусламжийг чиглүүлэх уриалга гарсан. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд татварын хөнгөлөлт дэмжлэгийг Улаанбаатар хотын утаа түгжрэлийн эсрэг зориулахаар гаргасан. Нарийвчилж журамлах шийдвэр өнөөдөр гарлаа. УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн өөрчлөлт шинэчлэлийг өргөн барина. Татварын цөм нь өөрөө НӨАТ байх болно. Татварын байгууллагын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлж ирсэн И баримтын систем маань боловсронгуй болсон, олон улсын стандартад нийцсэн. Зарим улс манай И баримтын жишээг туршлага болгож, биднээс суралцаж байгаа. Эдгээр боломжууд дээрээ суурилаад НӨАТ -ын шинэчлэл хийнэ. НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ- ын орлогын 60 хувийг бүрдүүлж байдаг. Хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх бус аль болох бага орлоготой хэсэг рүүгээ илүү их НӨАТ- ын хөнгөлөлт тавьж өгөх цогц татварын шинэчлэлийн хуулиудаа өргөн бөрихаар Засгийн газар бэлдэж байна. Нэг, хоёр, гуравдугаар сард бүтэн татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Санал асуулга аваад эхэлсэн. УИХ-ын намрын чуулган завсарлангуут олон нийтийг хамруулсан дунд шатны аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийг хамруулсан хэлэлцүүлэг болно. Идэвхтэй оролцохыг хүсч байна гэлээ.

 

НИЙСЛЭЛИЙН АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХЫГ ХОЛБОГДОХ САЙД НЭРТ ҮҮРЭГДЛЭЭ

 

Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна. “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан татварын хөнгөлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байгаа юм.

 

“ОРАНО МАЙНИН”-Г КОМАНИТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

 

Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД НЭГДҮГЭЭР САРЫН 17-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

 

Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.

 

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР ҮҮРЭГ ӨГӨВ

 

Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах болсон тул уг асуудлаар холбогдох байгууллагуудад “Зөвлөмж” хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт, зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

 

АЙМАГ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top