БАРИМТ, ТАЙЛБАР | 7 жилд 700 хүн "БИОТЕРРОРИЗМ"

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 02 сарын 07

Гурван дэд хэлэлцүүлэг хийж, хоёр өдөр үргэлжилсэн “Утааны сонсгол”-д 250 гаруй албан тушаалтан, шинжээч, мэргэжилтнүүд хамрагдсан ч тодорхой шийдэл, гарцгүйгээр үлдсэн нь харамсалтай. 

Утааг бууруулах нэрийдлээр өнгөрсөн 15 жилийн турш нийт 1.7 их наяд төгрөг зарцуулсан боловч ямар ч үр дүнгүй өнөөдрийг хүрчээ.

Харин ч эсрэгээрээ иргэд утаанаас үүдэлтэйгээр эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор ирэв. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 779 хүн амь насаа алдсан тоо, баримтыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас ил гаргасан байна. 

Энэ бол зөвхөн нас барсан хүмүүсийн тоо бөгөөд агаарын бохирдлын дам нөлөөнд уушгины хатгалгаанаас эхлээд хорт хавдар хүртэл хүнд, хөнгөн өвдсөн иргэдийн тоог нарийвчилбал, нийслэлчүүд  “Биотерроризм”-д өртөж байгаагаас ялгаагүй. 

Угаарын хийн хордлого, үхлийн гол шалтгааныг “Утаагүй түлш”, түүний орц найрлагад бий гэж үзэж байгаа ба бид хэн нэгэн буруутныг эрж хайж буй энэ цаг хугацаатай давхцаж, нэг гэр бүлийн зургаан хүн угаарын хийн хордлогоор харамсалтайгаар амь насаа алдлаа.

Төрсөн ээж, гурван дүүгээ алдсан цэргийн хүү төр, засгаас хариуцлага нэхэж, олон нийтэд хандаж мэдээлэл хийснээр эрх баригчдын байр суурь хөндөгдөж, нийгэм тэр чигээрээ энэ асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байна.


ҮЙЛ ЯВДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД ХЭН, ЯМАР ТАЙЛБАР ХИЙВ?
 

  • 2025.02.06 I 15.00 цаг 

Угаарын хийн хордлогоор төрсөн ээж, гурван дүүгээ алдсан О.Одбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Надад ингэхээс өөр арга байсангүй. Дүү нараа, ээжийгээ алдлаа. Надад маш их хэцүү байна. Өмнө нь нүүрс түлдэг байхад угаартсан гэх зүйл ярьдаггүй байсан шүү дээ. Одоо шахмал түлш хэрэглээд, зөндөө олноороо угаартаж байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна” гэж хэвлэлээр мэдэгдэв. 
 

  • 2025.02.06 I 16.00 цаг 

О.Одбаярыг хэвлэлд мэдээлэл өгөхөөс өмнө нагац ах, эгч нь гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс түүнийг “Цэргийн ангиасаа оргосон тул сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй. Удахгүй ачаад авч явна” гэх зэргээр хэвлэлийнхнийг төөрөгдүүлэхийг оролдлого хийсэн бөгөөд энэ асуудалд Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас тэр даруй тайлбар өгсөн юм.

ХХЕГ-ын хурандаа Г.Чинзориг “Байлдагч О.Одбаярын гаргасан өргөдөл  Нийслэлийн цэргийн штабаар дамжаад манайд нэгдүгээр сарын 29-нд албан тоотоор ирсэн. Үүн дагуу хоёрдугаар сарын 3-нд ХХЕГ-ын даргын тушаалаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлсөн” гэж мэдэгдээд, цаашид ажлын байраар хангаж, цэргийн сургуульд сургах боломж нээлттэй гэдгийг онцолсон.
 

  • 2025.02.06 I 18.00 цаг 

Үүн дараа Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэрэгтэй холбогдуулан Шуурхай хэвлэлийн хурал зарлаж, О.Одбаярын ярианд залруулга хийв.

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай утсанд Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн Нарангийн ...дугаар хаягт зургаан хүн угаартаж, нас барсан байж болзошгүй тухай хэрэг бүртгэгдсэн. Энэ хэрэгт амь хохирогчдын хамаарал бүхий хүн болох түүний дүү О-г мөрдөн шалгах ажиллагааны оролцогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мэдээлэл өгсөн амь хохирогчийн хүү, иргэн О-г тухайн үед хугацаат цэргийн алба хааж байсан учраас ямар нэгэн байдлаар Цагдаагийн байгууллагаас дуудаж, мэдээлэл авсан зүйл байхгүй” гэж мэдэгдсэн.

Түүнчлэн “Аливаа гэмт хэрэг, зөрчил хуульд заасны дагуу тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг бол тухайн хэргийн шийдвэрлэлтэд хамгийн чухал нөлөөтэй. Мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой хүрээнд    оролцож байгаа гэдгээ эрх, үүргийн хүрээнд мэдэж байгаа учраас уг мэдээллийг задлах нь гэмт хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанд эрсдэлтэй талаар сануулсан” гэсэн юм.
 

  • 2025.02.06 I 22.00 цаг

Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж албаны хүмүүс хэвлэлийн хурал хийснээс дөрвөн цаг хүрэхгүй хугацааны дараа цахим орчинд энэ хэргийн хохирогчдын хувийн эмзэг мэдээлэл бүхий зурагт хуудас тарлаа.

Уг мэдээлэлд “Талийгаач эмэгтэйг архины хамааралтай, эмзэг бүлгийн, өрх толгойлсон гэх зэргээр тодотгосон байх бөгөөд хохирогч хүүг мөн урьд өмнө хулгайн хэргээр хариуцлага хүлээж байсан” гэх зэргээр тодотгожээ.

Энэ мэдээллийг энгийн нэг иргэн олж авах, задруулах боломжгүй бөгөөд цагдаагийн албаны ажилтан л дээрх мэдээлэлтэй танилцах эрхтэй. Энэ хүрээнд хэргийн материалыг хэн нэгэн албан тушаалтан, санаа зорилготойгоор задруулсан байх боломжтой гэж сэрдэж байна. 
 

  • 2025.02.07 I 08.00 цаг

Ийнхүү өнгөрсөн шөнө амь хохирогч болон цэрэг хүүгийн эмзэг мэдээллийг олон нийтэд цацсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.

Харин мэдээлэл дотроосоо алдагдсан эсэх асуудалд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, хурандаа Г.Арсланхуяг “Угаартаж, амиа алдсан иргэдийн тухай мэдээлэл хаанаас гарсныг хайж, судалж байна. Бичсэн хэлбэр нь бол цагдаагийн протокол биш байсан” гэдэг тайлбар өглөө. 
 

  • 2025.02.07 I 10.30 цаг

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл угаартаж, нас барсан зургаан иргэний хэргийн материал задарсантай холбоотойгоор мэдээлэл хийж, албаны журмаар олж авсан мэдээллээ задруулсан этгээдэд хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.
 


Тэрбээр “Хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын рапорт хэлбэрээр бичигдсэн мэдээлэл өчигдөр тарлаа. Хэрвээ албан тушаалын хүрээнд олж авсан мэдээллээ задруулсан бол 5 хүртэлх жилийн хорих ялтай. Албаны журмаар олж авсан мэдээллээ цацсан бол гэмт хэрэг. Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим нэг мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй, үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Албаар тараасан гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг илрүүлэхийн төлөө бүх хүчээрээ ажиллаж байна. Мэдээлэл хийсэн хүүг бид хамгаална" гэсэн мэдэгдэл хийлээ. 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс нас барсан эмэгтэйн хамуутнуудтай уулзах хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй гэх бөгөөд хохирогч хүүтэй холбоо тогтоож чадахгүй байна гэж мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.177.118) 2025 оны 03 сарын 13

80955877

1  |  0
S(139.5.218.178) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80O55877

1  |  0
Top