Европын Холбоо АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах үүрэг хүлээж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор нэвтрүүлсэн зарим хязгаарлалтаа цуцалбал худалдааны дайнаас зайлсхийж чадна гэж Газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгчдийн олон улсын холбооны Европын хэсгийн дарга Франсуа-Режис Мутон мэдэгджээ.
“Ирээдүйд удаан хугацаанд Америкийн шингэрүүлсэн байгалийн хийн найдвартай худалдан авагч байна хэмээн бид америкчуудад итгүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна Европын Холбоо байгалийн хий хэрэглэхийг хязгаарлах болон олборлодог түлш ашиглахыг зогсоох зэрэг зарим хориг арга хэмжээгээ цуцлах шаардлагатай болно” гэж Мутон Politico сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.
“Хамтын нийгэмлэг Америкийн шингэрүүлсэн байгалийн хийг илүү ихээр худалдан авахыг эрмэлзэж байхад ЕХ-ны эрх баригчид метан ялгаруулахыг хязгаарлах журам нэвтрүүлсэн нь шингэрүүлсэн хийн худалдан авалтыг ихээхэн унагаж байгаа юм. Магадгүй, уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд аюул учруулж байгаа байх. Гэхдээ л бидэнд өөр олон сорилт тулгарч байгаа шүү дээ” гэж тэр онцолсон байна.
Хоёрдугаар сарын 26-нд танилцуулахаар төлөвлөж байгаа эрчим хүчний салбарыг дэмжихэд чиглэсэн Европын Холбооны төлөвлөгөөнд шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг тусгах ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа шингэрүүлсэн байгалийн хий экспортлох тусгай зөвшөөрлийг Луизиана муж улсын Commonwealth LNG компанид хоёрдугаар сарын 15-нд олгосон байна.
Гадаадын бүх бараанд 10%-ийн импортын гаалийн татвар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа болон уг татвараас АНУ-ын холбоотон улсууд, түүний дотор ЕХ-ны орнууд ч чөлөөлөгдөхгүй гэж Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм. Гаалийн татвараас зайлсхийхийн тулд Америкийн шингэрүүлсэн байгалийн хийг илүү их хэмжээгээр худалдан авах асуудлыг ЕХ хэлэлцэж байгаа тухай Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )