Цахим спортын "CS2" төрлийн 2025 оны эхний томоохон тэмцээнүүдийн нэг “ESL Pro League Season - 21” Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна.
400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын шигшээ баг "The MongolZ" оролцож, шигшээ шатанд гурав дахь удаа, хагас шигшээд анх удаа шалгарч, мажорын аварга баг болох Францын "Team Vitality" багтай тоглолоо.
Улмаар тоглолтод 1-2 (Anubis 6-13, Nuke 16-14, Inferno 2-13) харьцаагаар Vitality хожсон юм. Ийнхүү The MongolZ тэмцээнээ 3-4-р байраар дуусгаж, 80 мянган ам.долларын шагналыг хүртэж байгаа бөгөөд үүний 25 мянган ам.долларыг тоглогчдод, 55 мянган ам.долларыг The MongolZ гэх цахим спортын багт нь өглөө.
Сануулахад, "The Mongolz” баг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдсэнийг хоёрдугаар сарын 28-нд зарласан.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар "THE MONGOLZ" багт болон электрон спортын цаашдын хөгжилд иж бүрэн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдэгдээд байгаа.
Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19-р наадамд дөрвөн төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд найман спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа билээ.
The MongolZ баг сүүлийн жилүүдэд Азийн “COUNTER STRIKE 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байгааг дахин тодотгоё.
The MongolZ-ынхон удахгүй Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах чансаа өндөртэй тэмцээнүүдэд үргэлжлүүлэн оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )