Тейлор Свифт: Таны англи хэлний багш биеийн тамирын багштай тань гэрлэхээр боллоо!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

35 настай дуучин Тейлор Свифт өчигдөр 35 настай америк хөлбөмбөгч Трэвис Келситэй гэрлэхээр болсон тухайгаа сошиал хуудастаа мэдээллээ. “Таны англи хэлний багш биеийн тамирын багштай тань гэрлэхээр боллоо” хэмээн поп од мэдэгджээ.

People сэтгүүлийн мэдээлснээр бол Келси сэтгэлд бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа Нью-Йоркийн дизайнер Киндред Любэкийн Artifex Fine Jewelry-гээс сонгосон сүйн бөгж бэлэглэжээ. Дэлхийг тойрон тоглолт Eras-ийн амаргүй үед тэд танилцаж, амрагууд болсон юм. Канзас Ситид аялан тоглолтоор ирэхэд нь Трэвис Келси нөхөрлөлийн бугуйвчийн хамт утасныхаа дугаарыг өгөх гэсэн ч бүтээгүй гэдэг. Үүнийхээ дараахан New Heights подкастдаа дуучин бүсгүйд сэтгэл алдарсан тухайгаа ил цагаан ярьсан.

“44 дуугаа дуулахын тулд хоолойгоо гамнах гэхдээ тоглолтоосоо өмнө мөн хойно юу ч ярьдаггүй нь надад тиймхэн санагдсан. Хэрвээ та Тейлор Свифтийн тоглолтыг үздэг бол нөхөрлөлийн бугуйвчийг мэдэх байх. Надад тийм бугуйвч маш олон бий. Би Тейлор Свифтэд тийм бугуйвчийг утасныхаа дугаартай бэлэглэх гэсэн юм” гэж ярьж байлаа.

Үүний дараагаар холбоо тогтоож, удалгүй уулзаж, учирч эхэлсэн юм. 2023 оны есдүгээр сард “Канзас Сити”-“Чикаго”-той тоглоход Тейлор Свифт “Эрроухэд” стадионд очиж үзсэнээр дотно харилцаа эхэлсэн гэж хэвлэлүүд тэмдэглэн бичсэн байдаг. Түүнээс хойш дуучин, америк хөлбөмбөгч хоёр хэвлэлийн нүүр, сошиалын хуудаснаас буухаа больж, 2024 оны Супербоулд ялалт байгуулсны дараа Трэвис Тейлор хоёр тэврэлдэн үнсэлцсэн нь хөгжөөн дэмжигчдийнх нь зүрхийг асаасан агшин болсон.

Стадионд цугласан олон мянган фанатуудын өмнө Тейлор Свифт Eras Tour-ийнхаа Karma дууг өөрчлөн “Карма гэдэг бол миний гэрт шулуухан хүрээд ирдэг “Чифс”-ийн тэр залуу” хэмээн дуулсан юм. Мөн Лондонд болсон тоглолтдоо ч Трэвисийг урьсан.

Саявтархан хос хоёр New Heights подкастад хамтдаа оролцохдоо Свифт 12 дахь цомгоо гаргах гэж буйгаа зарласан. Подкастын энэ дугаарыг 1.3 сая хүн шууд үзсэн бол хоногтоо Ютүбэд үзэлтийн тоо нь 20 саяд хүрч, дээд амжилт тогтоолоо.

Сүй тавьсан тухай мэдээний дараагаар хос хоёрт олон хүн баяр хүргэж буйн дотор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч байна. “Тэр их сайн тамирчин. Бас их сайн ч залуу байх. Тейлор ч гэсэн гайхамшигтай сайн эмэгтэй гэж би боддог” хэмээн Трамп баяр хүргэхдээ өгүүлжээ.

Сүй тавьсан мэдээ Тейлор Свифттэй хамт өсөж, хувийн амьдралыг нь өөрийнхөөсөө өөрцгүй мэддэг дэмжигчдийнх нь хувьд ч баярт явдал болсон нь дамжиггүй. Свифт сүй тавихаасаа өмнө Жо Элвин, Мэтти Хили, Том Хиддлстон, Жо Жонас, Тейлор Лоттнер, Жэйк Жилленхол, Жон Майер зэрэг залуустай “учиртай” байсан бөгөөд хэд хэдэн дуугаа тэдэнд зориулсан байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
балай(67.171.160.15) 2025 оны 08 сарын 27

хайртай хос болж ал ал нь жүжиглээд кк

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 08 сарын 27

хайртай хос болж ал ал нь жүжиглээд кк

0  |  0
Top