Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хэрэглээ нэмэгдэж байгааг уул уурхайн салбар идэвхжиж байгаатай холбон тайлбарлаж байна. Тухайлбал нүүрсний олборлолт биет хэмжээгээрээ нэмэгдсэн, үүнийгээ дагаж тээвэрлэлтийн хэмжээ өссөн, тээвэрлэлт өссөн учраас дизель түлшний эрэлт огцом нэмэгджээ. Дизель түлшний хэрэглээ 2024 оны хоёрдугаар хагасаас хойш тогтмол өссөөр буй.
Монгол Улс одоогийн байдлаар өдөрт дунджаар 34-35 вагон буюу 2200 орчим тонн шатахуун хэрэглэж байна. Үүний дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг гэх судалгаа гарчээ. Салбар яамны хэлснээр АИ-92 автобензины импорт хэвийн үргэлжилж, өдөрт 30 орчим вагон татан авч байгаа аж.
Шатахууны нийлүүлэлтийн хувьд “Роснефть” зэрэг үндсэн нийлүүлэгчийн импортыг тогтвортой хадгалах төлөвтэй байгаа ч, нүүрс тээвэрлэлтийн хэмжээ цаашид нэмэгдэхээр байна. Нэгэнт нэмэгдэх тул түлшний нөөц, ханган нийлүүлэлтийн асуудлыг эрэлттэй уялдуулан нэмэх шаардлагатай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )