Түлшний үнэ нэмэгдсэний улмаас “Lufthansa” 20 мянган нислэгээ цуцлав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Германы иргэний агаарын тээврийн “Lufthansa” компани зуны хуваарийн ойрын зайн 20 мянган нислэгээ цуцалжээ. Түлшний үнэ огцом өссөнөөр ойрын зайн нислэг үйлдэхэд ашиггүй болсон гэж тус компани тодруулсан байна.

Ингэснээр “Lufthansa” 40 мянга гаруй тонн түлш хэмнэнэ гэж тооцоолжээ.

Мягмар гараг гэхэд Франкфуртаас Польш, Норвегийн чиглэлд гүйцэтгэх нислэгийн тоог 120-иор бууруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт тус компани Европ дахь охин компани болох “CityLine” нислэгийн компанийг хаах үйл явцыг түргэтгэж буйгаа зарлаж байсан. Энэ хүрээнд 27 онгоцыг ашиглалтаас гаргах ба энэ нь керосины үнэ нэмэгдэж, мөн хөдөлмөрийн маргаантай холбоотой нэмэлт зардалтай холбоотой гэж тайлбарлажээ. Тус компанийн нисгэгч, үйлчлэгч нар ажил хаясны улмаас олон тооны нислэг цуцлагдахад хүрч байсан билээ.

Иран дайн эхэлснээс хойш онгоцны түлшний үнэ хоёр дахин өсжээ. Үүнтэй холбогдуулан Европын “Air France-KLM”, АНУ-ын “Delta” зэрэг хэд хэдэн иргэний агаарын тээврийн компаниуд нислэгийн тоогоо цөөлөхөд хүрсэн байна. Зарим компаниуд чиглэлээ өөрчилж, тийзийн үнээ нэмжээ.

Хэрэв дайн үргэлжилбэл, нислэг цуцлагдах явдал олширч, тийзийн үнэ өссөөр байна гэж шинжээчид анхааруулж байна. Европ онгоцны түлшний 50 хувийг Персийн булангийн орнуудаас импортолдог бөгөөд ихэнх хэсэг нь Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top