1967 онд анхны нислэгээ үйлдэж байсан Боинг компанийн Боинг 737 загварын нисэх онгоц дэлхийд борлуулалтын тоогоор тэргүүлдэг. 737 загварын дөрөв дэх үе болох 737 Max анхны нислэгээ 2017 онд үйлдэж, Индонезийн хямд үйлчилгээ санал болгодог ”Lion Air” түүнийг анх удаа ашигласан түүхтэй.
Тавхан сарын хооронд хоёр ч осол гарснаар 737 загварын “аюулгүй” гэх нэр хүндийг микроскопоор л харагдах хэмжээнд авчрав. Эхний осол нь өнгөрсөн оны аравдугаар сард 189 хүний амийг авч одсон сүйрэл бол хоёр дахь энэ сарын 10-нд Аддис Абеба хот орчим гарсан Этиопын иргэний агаарын тээврийн компанийн 737 Max онгоцны осол.
737 MAX ОНГОЦЫГ ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ЯМАР КОМПАНИУД ХУДАЛДАН АВАВ?
Маш олон, гэхдээ ихэнх захиалгууд хүлээгдэж байгаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар, Боинг компани нэг эгнээтэй нийт 350 онгоцыг 46 иргэний агаарын тээврийн компанид нийлүүлжээ. Одоогийн байдлаар, тус компани иргэний агаарын тээврийн 80 гаруй компаниас таван мянга гаруй онгоцны захиалга аваад байгаа аж. Ингэхдээ ихэнх захиалгыг нь хоёр ч удаа осолдоод буй Max 8 загварууд эзэлж байна. Max 7, 9 болон 10 зэрэг бага болон том оврын загварууд бий. Хамгийн том хэрэглэгчдийг Мах 8 загварын 31 онгоц бүхий АНУ-ын Southwest Airlines компани тэргүүлдэг бол 22 Мах-тай American Airlines, 20 Мах-тай Air Canada удаалдаг байна. Norwegian Air, FlyDubai болон хэд хэдэн Хятадын компаниуд энэ загварын нисэх онгоцыг ашиглаж байна.
737 MAX ЗАГВАР ЦААШИД НИСЭХ ҮҮ?
157 хүний амийг авч одсон Этиопын ослын маргааш нь гэхэд Хятад улс Мах загварын нийт 96 онгоцны нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ. Тус улсад дэлхий дээр 737 Max онгоцоор үйлддэг нислэгийн 20 орчим хувь нь ногддог байна. Мөн Индонезийн адил Ethiopian Airlines компани тус онгоцоор нислэг үйлдэхээс татгалзаад байна. Нөгөө талаар, АНУ-ын Southwest Airlines нислэгт ашиглаж буй Мах загварыг оролцуулаад бүх онгоцныхоо аюулгүй байдалд итгэлтэй буйгаа мэдэгдсэн бол American Airlines Этиопт болсон ослын шалтгааныг тогтоох ажиллагааг ажиглана хэмээн мэдээлэв. Мөн ийм хариултыг АНУ-ын иргэний агаарын тээврийн холбооны газар өгчээ.
Үүнээс гадна, Fiji Airways, Boeing 737 Max 8 загварын таван онгоцтой Singapore Airlines компаниуд тус онгоцноос татгалзахгүй гэж мэдэгдээд гэхдээ нөхцөл байдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглана гэжээ.
Boeing 737 Max 8 загварыг захиалаад буй Австралийн Virgin Australia болон Папуа Шинэ Гвинейн Air Niugini компаниуд захиалгаа цуцлах бодолгүй буйгаа зарлажээ.
ТА 737 MAX ОНГОЦООР НИСЭХ ЭСЭХИЙГ ХЭРХЭН ШАЛГАЖ БОЛОХ ВЭ?
Хэрэв та тийзээ аль хэдийн захиалсан бол захиалгын хуудаснаас мэдэх боломжтой. Харин тийз захиалахыг зэхэж байгаа бол ихэнх билет захиалгын сайтууд онгоцны загварыг тодорхой заасан байдаг. Та мөн http://flightstats.com цахим хуудаснаас нислэгийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
МАХ ӨМНӨХ 737 ЗАГВАРУУДААС ЮУГААР ЯЛГААТАЙ ВЭ?
Мах загвар нь өмнөх загваруудыг бодвол илүү том хөдөлгүүр, автомат системээр тоноглогдсон, туулах зай илүү их сонголттой /3550, 6570 миль г.м./ ба түлш бага зарцуулдаг байна. Мах загварыг Европын Airbus компанийн A320neo шинэ загвартай өрсөлдөх зорилгоор үйлдвэрлэжээ. Lion Air компанийн ослын дараа 737 Max нь тодорхой нөхцөлд хурд нь унахаас сэргийлэх үүднээс онгоцны урд хэсэгт даралт өгөх програм суулгасан нь ил болсон бөгөөд энэ системийн талаар зарим нисэгч нар мэддэггүй байсан нь мөн илэрчээ.
ХОЁР ОСОЛ ХООРОНДОО ХОЛБООТОЙ ЮУ?
Хэлэхэд эрт байна. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь осол онгоц хөөрснөөс хойш богино хугацаанд болж, онгоцны нислэгт алдаа гарч, нисгэгчид нисэх онгоцны буудал руу буцах зөвшөөрөл хүсч байжээ. Ослын ахмад шинжээчид хүртэл шалгалтын энэ үед энэхүү хоёр ослыг холбоотой гэх мэдээлэл тун бага байна гэж ярьж байна. Lion Air компанийн ослоос хойш чухалчилсан процедурын талаар Ethiopian Airlines компанийн нисгэгчид мэдээгүй байсан бол гайхах зүйлгүй хэмээн зарим нь үзэж байна. 189 хүний аминд хүрсэн уг ослын талаарх урьдчилсан тайланд нисгэгчид төхөөрөмжид алдаа гарахад онгоцны удирдлагыг хяналтад авах гэж ихээхэн тэмцсэн талаар тэмдэглэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )