Гадаад эхнэрийнхээ нүүрэн дээр буцалсан ус асгасан этгээдийн ялыг НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгост гадаад эхнэрийнхээ нүүрэн дээр санаатайгаар буцалсан ус асгасан этгээдэд шүүхээс прокурорын төлөвлөсөн ялаас хүндрүүлэн ял оноожээ. 

Хэрэг өнгөрсөн оны 2-р сарын 3-нд гарсан бөгөөд Тайланд эхнэрээ унтаж байх үед нь ус буцалгагчинд байсан буцалсан усыг түүний нүүр болон хүзүү рүү асгаж, гэмтээжээ. Гэмт этгээд анхандаа санамсаргүйгээр бүдэрч унасан хэмээн мэдүүлсэн боловч шүүх хурлын үеэр хэргээ хүлээн, уучлалт хүсжээ. 

Шүүгч шүүх хурлын үеэр "Унтаж буй эхнэрийнхээ нүүрэн дээр санаатайгаар буцалсан ус асгасан нь энгийн хүний ​​хувьд ойлгоход хэцүү хүчирхийллийн гэмт хэрэг байсан. Хохирогч бие махбодийн болон сэтгэл зүйн хувьд хүнд гэмтэл авсан. Мөн хохирогч шүүгдэгчтэй 2021 онд танилцаж, 2024 онд гэрлэсэн ч шүүгчдэгийн байдлаас үүдэн оршин суух виз авч чадаагүй байна. Тиймээс Солонгост түр хугацаагаар оршин сууж байсан. Мөн хэлний мэдлэг хязгаарлагдмал, соёл, нийгмийн байдлын хувьд бусдаас тусгаарлагдсан байдалтай байсан тул гэмт хэрэгт өртсөн нь түүнийг онцгой эмзэг байдалд оруулсан" гэжээ. 

Прокурорын зүгээс түүнд 3 жилийн хорих ял төлөвлөжээ. Гэсэн ч шүүхээс түүнд илүү хатуу ял оноох шаардлагатай хэмээн үзэн, 3.5 жилийн хорих ял оноожээ.  

Хохирогч эмэгтэй нөхрөө ял шийтгүүлэхгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл өгсөн ч шүүхээс үүнийг түүний жинхэнэ хүсэл биш хэмээн үзжээ. Учир нь хохирогч эмэгтэй үүнээс өмнө цагаагчдын эрхийг хамгаалах байгууллагын тусламжтайгаар нөхөртөө хатуу шийтгэл ногдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл өгч байжээ. Үүнийг харгалзан үзэн шүүхээс гэмт этгээдэд тохирох ялыг нь оноосон нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүх байгууллагын нэр хүндийг өсгөжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top