ӨГЛӨӨНИЙ МЭНД!

22 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 24. Энэ өдрөөс хойш он дуусахад 129 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 59 минутад мандан, үдшийн наран 19 цаг 50 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө цэлмэг 20 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр  Украинд Тусгаар тогтнолын өдөр, Гүржид Үндсэн хуулийн өдөр, Коста Рикад Үндэсний хүрээлэнгийн баяр, Индонезид Телевизийн баяр, Киргизэд Дотоодын цэргийн өдөр, Либерид Үндэсний далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Өмнөд туйл судлаач, Уэдделл нуурыг нээсэн Их Британийн судлаач Жеймс Уэдделл, Нобелийн шагналт биологич Албер Клод, Палестины Чөлөөлөх байгууллагын удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Ясир Арафат, Бразилын зохиолч Пауло Коэльо, “Sepultura” хамтлагийн гоцлол гитарчин Андреас Киссер, “Харри Поттер” киноны Рон Уизлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Руперт Гринт нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1542 онд Испанийн эзлэгч Франсиско де Орельяна Амазон мөрний бэлчирийг нээжээ. Түүний баг руу нутгийн эмэгтэй дайчид халдсан тул голыг Амазон хэмээн нэрлэжээ.

1814 онд англичууд Вашингтон хотыг эзэлж, Цагаан ордныг шатаав.

1853 оны энэ өдөр америк тогооч Жорж Крам төмсний чипс анх хийжээ.

1937 оны энэ өдөр Зөвлөлтийн нисэгч Константин Кайтанов дэлхийд анх удаа 11037 м өндрөөс шүхрээр буув.

1949 оны энэ өдөр НАТО-г үүсгэн байгуулах тухай гэрээ хүчин төгөлдөр болжээ.

1978 онд Якутад 19 килотонны хүчтэй “Кратон-3” цөмийн дэлбэрэлт болов.

1991 оны энэ өдөр Украин тусгаар тогтнолоо тунхаглажээ.

1995 оны энэ өдөр “Windows 95” үйлдлийн систем гарав.

2016 онд Италид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 295 хүн амиа алдав.

Энэ өдөр үс засуулвал тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top