Монгол Улсаас БНХАУ, БНСУ, Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудад хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/356 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат оролцож, БНХАУ, БНСУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу экспортлох боломжтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, экспортын гарцын асуудлыг хэлэлцэв.
Тэрбээр Монгол Улсаас БНСУ, Япон зэрэг улс руу таримал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг судалж, экспортын гарцыг шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна.
Ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Гадаад харилцааны яам, Ургамал хамгааллын газар, Мал эмнэлгийн газрын төлөөлөл багтжээ.
Мөн хуралдаанд Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх Ч.Сүнжидмаа, Хөрш орнуудын газрын III нарийн бичгийн дарга Д.Нямаа нар оролцож, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг хөрш болон Зүүн өмнөд Азийн улс орнуудад экспортлох боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.




Сэтгэгдэл ( 0 )