Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цаасан нотлох баримт шаардахгүйгээр бүрэн цахимаар бүртгэх боломжийг бүрдүүллээ.
Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцааны эрхийг дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд банк, банк бус санхүүгийн байгууллагын ажилтан мэдээллийн эзний зөвшөөрөлд үндэслэн тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим мэдүүлэг болон холбогдох маягтыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн системд илгээнэ. Ингэснээр иргэн улсын бүртгэлийн байгууллагад биечлэн очиж, цаасан баримт бүрдүүлж өгөх шаардлагагүйгээр барьцааны бүртгэлээ цахимаар бүртгүүлж, баталгаажуулах боломжтой болж байгаа юм.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нийт бүртгэлийн 55-60 хувийг барьцааны гэрээ болон барьцааны эрхийг дуусгавар болгосны бүртгэл эзэлдэг. Тус үйлчилгээг бүрэн цахимжуулснаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ бүртгэлийн шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэнд илүү ойр, шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )