АТГ-ынхныг ажилтай болгож буй “албан тушаалтнууд-II”

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

АТГ-ынхан авлига авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн хөрөнгийг хувийнх юм шиг зарцуулж буй албан тушаалтнуудыг илрүүлэн шалгасаар байгаа. Зарим хүн тус газрынхныг "тул барихгүй" мөртлөө "жараахай"-нуудтай зууралдлаа гэх нь бий. Төрийн албанд суучихаад төрийн өмчийг, татвар төлөгч иргэдийн мөнгийг их, бага гэлтгүй "идэж" байгаа хүмүүстэй "барын зулзагыг бага дээр нь дарж" тэмцэх нь АТГ-ынхны хуулиар хүлээсэн үүрэг билээ. Тиймдээ ч төрийн алба хаагчдыг өндөр, дунд, бага гэлтгүй шалгаж, хуулийн хариуцлага тооцуулж байгаа.

Х.Наранхүүд холбогдох хэрэг өршөөгдөнө

УИХ-ын гишүүн Х.Наранхүү төрийн өмчит "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан, мөн үйлдвэрт олон компани, хүмүүсийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод байгаа билээ. Түүний энэ үйлдэлд Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа. Энэ хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд явж байгааг албаны хүнээс лавлахад "Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэгт Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн гэм буруутай гэх үйлдэл бага. Харин Х.Наранхүүд холбогдох хэргийн тухайд Өршөөл үзүүлэх тухай 2006, 2009 онд батлагдсан хоёр хуулийн аль нэгийнх нь үйлчлэлд хамрагдана" гэлээ.


О.Чулуунбатын хэргийг Ж.Чайлмерсийг барьтал түдгэлзүүлэв

Монгол банкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын гэх тодотголтой хэргийг АТГ-т шалгаснаас хойш багагүй хугацаа өнгөрч, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа шүүхээр шийдвэрлэнэ хэмээсээр өнөөг хүрэв. Уг нь энэ хэрэгт АНУ-ын иргэн Жорж Чайлмерс гэгч холбогдоод байсан юм. Хууль хяналтын байгууллагынхан Ж.Чайлмерс Монгол банкны ерөнхийлөгчийг залилан мэхэлсэн хэмээн хэргийг нь тусгаарлаж, Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцэх гэж байв. Гэвч Ж.Чайлмерс АНУ-аас хуурамч паспорт авч, хил даван зугтсан гэдгийг холбогдох байгууллагынхан баталдаг.

"40000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат 2006 оны гуравдугаар сарын 9-нд Жорж Чайлмерстэй 200 сая долларын аккредитив нээх гэрээ байгуулсан. Түүгээр нь Жорж Чайлмерс 20 гаруй сая долларын хөрөнгө босгосон ч нэг ч орон сууц бариагүй юм. Прокурорын байгууллагаас Ж.Чайлмерсийн хэргийг О.Чулуунбатынхаас тусгаарлан хэлэлцүүлэх шийдвэр гаргасан ч өдгөө АНУ-ын иргэнгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэн, шүүхэд шилжүүлсэн О.Чулуунбатад холбогдох хэргийг Ж.Чайлмерсийг барьтал түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.


Л.Гүндалайн төрийн өмчийг завшсан хэргийг хэрэгсэхгүй болгоогүй

Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн өмчийг завшсан хэрэгт буруутгагдаж байсан УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр прокурорын байгууллагаас гаргасан. Тэрбээр яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын "Булгат-Овоо" компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан нь ч нотлох баримтаар баталгаажсан байдаг. Мөн Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан аж. Үүнийг нь тухайн үед илрүүлж Л.Гүндалай хэргээ хүлээн, 20.3 сая төгрөгийг улсад буцаан тушаасан байдаг. Түүнчлэн ХӨСҮТ-д бүртгэлтэй байсан "Ланд круйзер" маркийн автомашиныг ЭМЯ-нд шилжүүлэн, улмаар Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд хүргүүлжээ. Сүүлд нь хэрэг шалгах үед уг машиныг түүний ахын хашаанаас хураан авч битүүмжилсэн юм. Түүний хэргээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэсгийг Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд өөрийнх нь хүсэлтээр хамруулсан. Харин төрийн өмчийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгасан хэрэг нь өршөөлд хамрагдаагүй. Түүний бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлэх хүртэл Л.Гүндалайд холбогдох хэргийг түдгэлзүүлээд байгаа гэж прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ.


Улсын нөөцийн газрын даргад холбогдох хэргийг цагдаад шилжүүлжээ

ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. АТГ-аас түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч харьяаллыг нь өөрчлөн, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байна. Албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг яагаад цагдаагаар шалгуулахаар шилжүүлэх болов. Энэ хэргийг замхруулах замд нь оруулж байж магадгүй гэх хууль хяналтын байгууллагын ажилтан байна. 900 тонн улаан буудайг "Монголд үйлдвэрлэв" гэсэн хуурамч бичиг баримттайгаар улсын нөөцөд авсан. Улсын нөөцөд тариа буудай нийлүүлсэн аж ахуйн нэгжид урамшуулал болгож, тонн тутамд 80000 төгрөг олгох Засгийн газрын журмыг далимдуулан хууль бус үйлдэл гаргасан. Энэ булхайтай ажилдаа газар тариалан эрхэлдэг "Баяржавхлан" ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, "Бооцын тариа" ХХК-ийн захирал С.Баатар нарыг ч мөн татан оролцуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 72 сая төгрөг гаргуулжээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор баталсан дээрх журмыг эрх мэдлийнхээ хүрээнд "эвтэйхэн" зохицуулсан түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 148.3, 263.2-т заасан "залилан мэхлэх, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон ч дээрх шийдвэрийг гаргасан байна.

Д.Батсайханы албан тушаалыг түдгэлзүүлэх саналыг  өмнө нь Нийслэлиин прокурорын газарт хүргүүлж байсан боловч хүчингүй болгож байжээ.

 

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын хэрэгт нэмэлт шалгалт хийж байна

Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн нь 2005-2009 онд тус газрын ерөнхий нягтлан бодогч, даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан хэрэгт буруутгагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж буй билээ. Тэрбээр төрсөн хүү Э.Мөнх-Оргил захиралтай "ДУМЕ" ХХК, өөрийн үүсгэн байгуулсан "Мон Ти Юү" ББН зэрэг аж ахуйн нэгжээс зах зээлийнхээс өндөр үнээр бараа материал их хэмжээгээр худалдан авч, дүүргүүдийн мал эмнэлгүүдэд олгох ёстой малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, үйлчилгээний хөлсөнд түүнийгээ тооцон нийлүүлдэг байсан, Банк бус санхүүгийн байгууллагууд руу бараа материал худалдан авсан мэтээр мөнгөн гүйлгээ хийж, бэлэн мөнгө гарган авч, тухайн үеийн зах зээлийн ханшаас өндөр үнээр малын эм, бараа материал бэлтгэсэн зэргээр хууль зөрчсөн гэдгийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа юм. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан аж. Өдгөө уг хэрэгт дахин шинжээч томилон, дүгнэлт гаргуулахаар болоод байгаа гэнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top