Уламжлалт нядалгааны арга хэвээр байсан цагт Монгол малын мах Уралын нурууг давахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

-Уламжлалт хэмээн тодотгосон зэрлэг нядалгааг хэдий хүртэл бөөцийлөх вэ-

Сүүлийн үед Монголчууд махнаас татгалзаж олноороо цагаан, ногоон хоолтон болж байна. Жилийн дөрвөн улиралтай Монгол орны хувьд махгүйгээр амьдрах боломжгүй хэмээн үзэх хүмүүс ч байдаг. Тийм байхыг үгүйсгэхгүй.

Гэвч бид нэг зүйлийг бодолгүй өнгөрч бас болохгүй санагдана. Бидний өвөг дээдэс өвөл нь мах, зун нь цагаан идээгээрээ хооллодог байсныг та хэн нэгний амнаас сонссон л байх. Тэр үед өнөөдрийнх шиг дуртай үедээ мал муулаад хүнсэндээ хэрэглэдэггүй байж. Гэтэл одоо Монголчуудын махны хэрэглээ дэндүү хэтрээд байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Халуун зунаар тэр тусмаа наадмын үеэр Монголд их хэмжээний нядалгааны хийгддэг. Энэ нь нэг төрлийн геноцит буюу хомроглон устгаж буй үйлдэл.

Монгол ухаанаар бол баярлахын тулд цус урсгаж нүгэл үйлдэж буй явдал. Энэ өнцгөөс нь харвал буян нүгэл хоёрыг нэг саванд багтааж буй болчимгүйдэл. Гурван өдрийг баярлаж өнгөрөөх хүсэл ийнхүү Монголчуудыг улайд дууддаг болжээ. Үүгээр мах идэхээ боль гэж явцуурч байгаа юм биш. Монголчуудын мах бэлтгэлийн явц үнэхээр аймшигтай байгаад л хамаг учир байгаа юм. Зарим нь "Бид махчин ард түмэн. Уламжлал руу маань дайрч давшлахаа боль" гэж магадгүй л дээ.

Гэхдээ Монголчууд малыг зэрлэгээр тарчлаан зовоож амийг нь тасалдаг эзүгээгийн аргаас татгалзах цаг болсон. Бид чинь XXI зууны ард түмэн. Монголд мал нядалгааны арга, технологи гэж алга. Хоттой хониноосоо хөөж барьж авч машинд ачаад, хэдэн өдөр ус, өвсгүй хорьсны эцэст маш зэрлэгээр хүч хэрэглэн муулдаг. Энэ бол Монгол айл хийгээд мал нядалгааны газруудын махаа бэлтгэдэг нийтлэг үзэгдэл болоод байна.

Дэлхий нийт аль хэдийнэ, бүр тодруулбал өнгөрсөн зуунд малыг зовоож нядлахаас татгалзаад байна. Зарим орон зовоож нядалсан малын махыг идэхээс хүртэл татгалзаж байна. Зах зухын жишээ гэвэл Австрали улс Малайзид хонины мах нийлүүлэхээ зогсоосон. Учир нь Австралийн телевизүүдээр Малайзын мал нядалгааны газруудын бичлэг цацагдсанаас ийм шийдвэр гарсан билээ.

Үүний учир шалтгаан нь Малайзын мал нядалгааны газар амьтны эрхийг бүдүүлгээр зөрчиж байсан явдал. Өөрөөр хэлбэл, амьтныг нядалж байгаа арга хэлбэр нь хүнлэг бус байсанд асуудлын гол оршино. Уг асуудал хоёр орны Засгийн газрын хэмжээнд яригдаж, Малайзчууд мал нядалгааныхаа арга, техникийг өөрчилж байж сая нэг юм Австрали дахин малын мах нийлүүлэхээ зөвшөөрлөө. Манай оронд үүнтэй төстэй хэрэг явдал хэдхэн жилийн өмнө бас болж байсан. Япончууд Багахангайн мах комбинатаас адууны мах импортолдог. Тэдэнд мөн л Монголчуудын мал нядалгааны арга, техник таалагдаагүй учир зөвхөн ухаан алдуулж нядалсан адууны мах авна гээд ийм төхөөрөмжийг Багахангайн мах комбинатад суурилуулжээ.

Хоёр хоногийн өмнө Налайхын мал нядалгаа хийдэг газрын хажуугаар явсан танил маань толгой сэгсрэн ярьж сууна. Тэнд хонь, адуу, тэмээг олноор нь хашиж, нядалж байгаа аж. Өглөө нь очиход 30 гаруй байсан тэмээ орой нь очиход дөрвөөр хорогдсон байж. Өдөрт дөрвийг нядална гэж тооцвол хамгийн сүүлчийн тэмээ лавтайяа долоо хонох нь. Ингээд бодоход энд байгаа тэмээнүүд хэдэн өдөр ус хоолгүй тарчилж байж амь тасрахыг хэлж мэдэхгүй юм. Өвлийн идэш, урин цагийн тасралтгүй үргэлжлэх баяр наадмын балгаар амьтныг үй олноор нь хоморголон устгаж буй геноцитын нэг хэлбэр Монголд байсаар л байна.

1990-ээд оны эхээр "Говь" төслийн хүрээнд Японы хэсэг судлаач Баянхонгор аймагт жил тойрон амьдарсан удаатай. Тэд малчин айлын өвлийн идшээ хийж байсан тэр агшныг Монголд харсан хамгийн аймшигтай зүйл хэмээн хожим нь хэвлэлд бичсэн байсан. Тэд Монголчууд малыг хамгийн хэрцгий, хамгийн болхи аргаар нядалдаг гэж тодотгосон байна билээ. Мөн мал нядлахдаа хүүхдүүдээ оролцуулдаг гэдгийг нь ч орхиогүй бичжээ. Тэд огтхон ч зохиогоогүй. Монголчуудын нийтлэг том дутагдлыг өгүүлжээ. Үүнээс харахад амь тавихдаа зовж, айсан малын махнаас соёлт хүн төрөлхтөн татгалзаж байгаа нь илт юм.

Тиймээс мал нядалгааны арга ажиллагаанд том шалгуур тавьж байна. Ер нь дэлхийн ихэнх улс оронд малыг ухаан алдуулж байж нядалдаг. Хятадын мах экспортлогч томоохон компаниуд малыг айлгаж цочоолгүй яг байгаль дундаа байгаа юм шиг тийм орчинд ухаан алдуулж төхөөрдөг юм байна. Импортлогч талынхан нь ч гэсэн мах комбинатын нөхцөл байдал, хэрхэн нядалж байгаад нь байнга хяналт тавьж байдаг гэсэн. Хөгшчүүл муулсан малын цөс том болсныг хараад "айчихсан байна" гэдэг. Айж, зовж амиа алдсан малын мах хүний биед сайнаасаа илүү саарыг өгөхийг үгүйсгэхгүй. Монголчууд мал нядалгааныхаа газрыг сонгохдоо хүртэл ухаан зарах хэрэгтэй байлаа.

Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын баруун хойд талд байрлах Эмээлтэд мал нядалгааны газар байна. Салхин дээд талдаа цус үнэртэж, амьтны амь тасарсан ийм газрыг орчин үед муу энергитэй хэмээн үздэг болсон. Улайнаас үүдэлтэй ийм аймшигтай энерги тээсэн салхи нийслэлийнхний дундуур сэвэлздэг. Сүүлийн үед гарч байгаа олныг хэртхийлгэсэн хэрэг ч үүнээс дам үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй.

Уг нь Монголчууд буянт мал хэмээн малыг дээдэлдэг. Тиймдээ ч зарим хүн малын амийг таслахдаа ихэд хүндэтгэлтэй ханддаг. 1990-ээд оны оны дундуур манай нутагт нэг өвгөний мал нядалгааны талаар хүмүүс ярьдаг байж билээ. Айлууд идшээ хийхийн тулд малаа хашиж авч үлдээд нядалдаг байж. Харин тэр хүн малыг хашиж зовоолгүй, хөтлөөд алхдаг байжээ. Тэр хүн муулах гэж байгаа малаа хөтлөөд хотоо нар зөв тойрсны эцэст мал нядлах газраа аваачин хүлж, унагаж зовоолгүйгээр гэнэт л нугасладаг гэнэ. Одоо бодоход тэр хүн гадаадынхны эдүгэ ашиглаж байгаа орчныг нь солилгүй, бас зовоолгүй нядалдаг жишээг тухайн үед хэрэглэж байсан бололтой.

Хожим нь нутгийнхан нь түүний энэ аргыг мал нядалгааны хамгийн тохиромжтой арга байжээ хэмээн хуучилдаг байсан. Одоо уламжлалт хэмээн тодотгоод байгаа зэрлэг нядалгаанаас Монголчууд татгалзах цаг болжээ. Орчин үед үүсч хөгжиж байгаа шинжлэх ухааны шинэхэн салбарын нэг нь зоопсихологи буюу амьтны сэтгэл судлал. Хүнээс бусад нь сэтгэдэггүй гэсэн уламжлалт ойлголт саармагжиж байна. Мал амьтан угаасаа байгалиас заяасан зөн совинтой гэдгийг захын хүн анзаарч мэддэг. Газар хөдлөх гай гамшгийг хамгийн түрүүнд хүн бус мал амьтан анзаарч мэддэг. Энэ бол сэтгэлгээний нэг өвөрмөц, бас тэгээд байгалиас заяасан чадвар байж мэднэ.

Хүнээсээ олон малтай хэмээн омогшиж, малыг зөвхөн мах хэмээн харж байгаа нь бас гунигтай. Уг нь Монгол малын мах жинхэнэ байгалийн цэвэр хүнсэнд ордог. Үүгээрээ жуулчдыг татах нэг хүчин зүйл билээ. 45 сая толгой мал маань дангаараа бидний амин зуулгын залгуулагч байх боломж бий. Гэтэл Монголчуудын малыг зэрлэгээр нядалдаг арга ажиллагааг дэлхий нийт зөвшөөрөхгүй байна. Бид энэ аргаа уламжлалт хэмээн өмөөрдөг. Монголчууд бидэнд айж зовсон малын мах гэхээсээ илүүтэй бордоогоор тэжээсэн ч хамаагүй, зөв нядалсан мах идэх нь эрүүл мэндэд нь хэрэгтэй.

Өвөг дээдсийн маань нэг уламжлал байсан. Малаа наслуулж байж иддэг. Гэтэл эдүгэ үеийнхэн залуу тусмаа бүр хурга тугал, шүдлэн хязаалан гээд аль болох залуу малын махыг эрхэмлэдэг болчихжээ. Уг нь хүн ч бай, мал ч бай адилхан л амьдрах гэж энэ хорвоод ирдэг юм гэнэ лээ. Бурхнаас хуваарилсан хоол маань мах мөн биш эсэхийг мэдэхгүй. Гэхдээ мах хэрэглэхийн тулд бас энэрэнгүй байх ёстой гэдгийг л баттайяа хэлж чадах байна.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top