“Улс төрийн тэтгэвэр”-т сууж буй С.Төмөр-Очир багш нараа ямар ч шалтгаангүйгээр ажлаас халдаг болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 24


Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг 9,4 хувь нэмэгдүүлэхээр боллоо. Засгийн газрын энэ шийдвэр гарахаас өмнө Монгол улсын их сургууль төлбөрөө 30 хувь нэмэхээр болсон байв. Үүнийгээ бууруулах эсэхийг одоо болтол тус сургуулийн удирдлагууд шийдээгүй байгаа бололтой. Мөн эндэхийн багш нарыг тодорхой шалтгаангүйгээр ажлаас нь халдаг болсон байна. Саяхан  тав, зургаан багшийг халсан сурагтай. Халагдагсад нь ямар учраас ажилгүй болсноо мэдэхгүй явна. Тэдний мэдээлж буйгаар захирал С.Төмөр-Очир нь өөрт тааламжгүй санагдсан, Ардын намынх нь бодлого үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан багш нарт дургүйцэхдээ ийнхүү халах тушаалаа гаргадаг гэнэ. С.Төмөр-Очир гэдэг буурал толгойтой бүдүүн эр УИХ-ын даргын алба хашиж байсныг хүмүүс санаж байгаа байх. Ардын намын удирдлагаас түүнийг “Улс төрийн тэтгэвэр”-т нь гарган  МУИС-ын захирал болгосон юм гэнэ лээ. Ер нь тус намд дээр үеэсээ ийм уламжлал тогтсон. “Улс төрийн тэтгэвэр” гэдэг хэллэг харин саяхнаас яригддаг болжээ. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэхүү нэр томъёог анх гаргаж ирэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дээр “Туршилтын журмаар” хэрэглэсэн нь тун зохимжтой болсон тул хүмүүс үг яриандаа өргөн хэрэглэж  байгаа юм. Дахиад улс төрийн тогоо руу орж ирэх боломжгүй хүмүүсээ энд тэндэхийн их дээд сургуульд хуваарилдаг, эсвэл гадаад оронд элчин сайдын яам бараадуулж хаядаг байна. Ардын намынхан үүнийгээ бас “Улс төрийн тэтгэвэр”-т хамааруулна. С.Төмөр-Очирын хувьд  тэдний нэг ажээ. Мань хүн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн заавраар сургалтын төлбөрөө нэмсэн гэдэг. Үүнийг нь зарим багш нар эсэргүүцэхэд тэр ажлаас халах арга хэмжээ хүртэл авдаг болсон юм байлгүй дээ.  

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top