Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Жамъян Хамаг Монголын хаан Амбагай сэцний түүхийг өгүүлсэн “Тэнгэрийн чулуу” романыг өнгөрсөн хавар уншигчдын гар дээр тавьсан билээ. Тэрээр өмнө нь “Чингис хааны мэнгэ, “Хубилай сэцэн хаан”, “Чорос”, “Өршөөл”, “Хулан хатан” зэрэг түүх, гүн ухаан, сэтгэлзүйн сэдэв бүхий сэтгэлгээ, зөн билгийн роман бүтээсэн юм. Мөн “Хөх өвсний эгшиглэн” найман боть зохиол бичсэн тэрээр “Хөх өвгөд”, “Равжаа хутагт”, “Улиас минь” зэрэг туульсын роман бичихээр ажиллаж байна. Д.Жамъян зохиолчтой “Нөхөр, дайсан хоёроо ялгаж явах”-ыг монголчуудад сануулсан Амбагай сэцэн хааны тухай ярилцлаа.
-Их Монгол Улсын үндэс суурийг Хамаг Монголын хаан Амбагай сэцэн тавьсан гэдэг ч энэ тухай хүмүүс бага ярьдаг?
-Тийм ээ, Хамаг Монголыг анх байгуулсан хаан нь Хабул. Хабул хаан Амбагайг Хамаг Монголын хаанаар өргөмжилж, Амбагай Хотула хааныг өргөмжилсөн юм. Хотулын дараа Есүхэй баатар Хамаг Монголыг зонхилж байсан. Есүхэй баатар хаан цолгүй. Зонхилогч байсан. Гэхдээ Хамаг Монголыг удирдаж байсан шүү дээ. Дараа нь 1189 онд Тэмүүжин Хамаг Монголын хаан болж Чингис цолтой болсон. Тиймээс Хамаг Монгол Их Монголын өмнө нь байсан улс. Би яагаад Амбагай хааны түүхийг сөхөж тавих болов оо гэвэл Хабул хаан бол Хиад боржигон овгийн хүн. Амбагай хаан Тайчууд хүн. Амбагай Хабул хааны авга ах Сэнгүн билгийн хөвүүн. Хабул хаан өөрөө долоон хүүтэй атал Амбагайг хаан болгосон байгаа юм. Гэтэл Амбагай хааныг Татарууд барьж аваад Алтан улсад аваачиж модон илжигэнд хадаж амийг нь хороосон. Тэр үед Амбагай хаан Балхачи гэдэг Бэсүд овгийн хүнд “Очиж, манай Хамаг Монголчуудад дуулга. Төр барьж, зонхилж байгаа хүмүүст хэл. Хотулыг хаан болгоорой. Миний хөвүүн Хадаан тайшийг цэргийн хэрэг эрхлүүл” гэж захьжээ.
-Яагаад, хаан ширээнд үе уламжлан суумаар юм?
-Үүнд нэг л учир бий. Хиад боржигон овог төр барьж байснаа Тайчууд хаан болсон шүү дээ. Тайчууд хаан болсны дараа Амбагай хааны захиасаар Хабул хааны хүү Хотула хаан болсноор Хиад боржигоны удам угсаа төртэйгөө холбогдож байгаа юм. Хоёрдугаарт, Хамаг Монгол улс Хүннү гүрний байгуулсан төрт ёсны уламжлалаар буюу хамаг асуудлыг олонхийн саналаар Их хуралдайгаар шийддэг байжээ. Хүннүгээс уламжилсан төрт ёсны загварыг Хамаг Монгол улс хэрэгжүүлж явсан байгаа юм. Тиймээс энэ улс их хүчирхэг байсан. Хамаг Монгол улсад Хэрэйд, Найман гэх мэт соёлжсон аймгууд, гурван голын монголчууд Хиад боржигон, Тайчууд нэгджээ. Дараа нь Чингис хаан Их Монгол улсыг байгуулсан. Хамаг Монгол нь Их Монгол улсыг байгуулах суурь, үндэс болж өгчээ. Хамаг Монгол байгуулагдаагүй байсан бол Их Монгол улс байгуулагдахгүй. Хамаг Монгол улс байгаагүй бол Тэмүүжин Чингис хаан болохгүй байсан. Тиймээс Амбагай хааны байгуулсан түүхэн гавьяа нь Хамаг Монгол улсыг Хиад боржигоны атганд буцааж өгөөд хиадууд их улсаа байгуулсан явдал юм.
-Түүхэн зохиол нэлээд судалгаа шинжилгээ шаарддаг чимхлүүр ажил. Та анх хэзээнээс эхэлж Амбагай хааны намтрын товчоон хийгээд хэдэн зуунуудын тэртээх түүхийг сонирхох болов?
-Би түүхийн дэвсгэр дээр л зөн билгийн аргаар романуудаа урладаг. Өөрөөр хэлбэл, түүхийн сэдвийг уран сайхны аргаар бичих эрэлхийллийг хийгээд байгаа юм. Миний бичсэн зохиолууд сюрреализмд багтана. Түүх бичээгүй, зохиол бичиж байгаа ч түүхэн судалгааг хангалттай хийхгүй бол болохгүй. Би Монголын нууц товчоог 12 жил судалсан. Нууц товчооны 400 гаруй хүний дүр, олон үйл явдал, нууц түлхүүр, оньс бүгдийг жаахан жаахнаар нээж, харсан. Эргэн тойронд Монголын түүхтэй холбоотой бичиг баримт байна шүү дээ. Зохиол бичихэд хамгийн гол зүйл нь түүхэн баримтаа сайн мэдэж, судалгаа хийсэн байх ёстой. Ингэхгүйгээр зохиогоод биччихэж болохгүй. Миний цуглуулсан матераил 2000 оноос хойш юм.
-Энэ хугацаанд та хаад хатдын тухай хэд хэдэн роман бичсэн. Материалаа бүрэн цуглуулаад суухад “Тэнгэрийн чулуу”-г ямар хугацаанд бүтээв?
-“Чингис хааны мэнгэ”, “Хубилай сэцэн хаан”, Өгөөдэй хааны тухай “Өршөөл”, Галдан бошигт хааны тухай “Чорос”, “Хулан хатан” романыг бичсэн. Амбагай сэцэн хааны тухай “Тэнгэрийн чулуу” роман нь хаад хатдын тухай зургаа дахь ном. Өнгөрсөн хавар хэвлүүлсэн энэхүү романыхаа материалыг цуглуулаад зохиолынхоо гол санаа, зохиомжийг олчихсон гэж үзээд суухад зургаан сар бичсэн. Үзэг барьдаг гурван хуруу маань жаахан мэдээ алдаж байгаа юм.
-Та зохиолоо үзгээр бичдэг юм уу?
-Би одоо ч үзгээр бичдэг. Компьютерийн ард суудаггүй. Үзэг нь арай амьд. Нэг ёсондоо цусаараа бичдэг юм шүү дээ. Хурууны арьсны цаана цус, судас байгаа биз дээ.....Үргэлжлэлийг энд дарж уншина уу......
Сэтгэгдэл ( 0 )