“Киви” хамтлаг хөгжмийн зохиолч Б.Долгионы гавьяатын найран дээр албан ёсоор зодог тайлна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 25

“Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэдэг алдарт үг ямар гайхамшигтай үнэн үг вэ гэдгийг  амьдралд бид бишгүй л харж байна. Тэдний дундаас хамгийн том жишээ нь “Киви” хамтлаг. Шар Ука, Хар Намуунаа нэмэх нь Ази фэйс гэсэн шийдэл ая зохиогч, продюссор Ангирмаагийн толгойд гялсхийх тэр л агшинд ирээдүйн Кивигийн алдар хүнд, олон олон уран бүтээл, чамлахааргүй хөрөнгө мөнгөний үүд нээгдсэн гэлтэй. Үнэхээр Ука, Намуунаа хоёр сайн продюссорын ачаар урлагийнхны сүлжээнд орж чадсан нь Кивигийн амжилтын үүд байсан. Ази нүүр царайны хувьд Кивигийн хувьд сонин биш. Харин ч сонирхолтой манер болж, шинэ цус шинэ сенсааци дагуулж байсан нь бүр ч сайн хэрэг болсон. Гэвч тэдний амжилтын жинхэнэ хүч бол хөдөлмөр байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Царай зүс, бие галбир, хоолойны цараагаар Кивигийн гурваас илүү охид хаа сайгүй л байна. Хүнд урлагийн од гэж бий. Түүнийг шүүрч чадсанаа анзаарч чадвал ганц л зүйлийг чадах хэрэгтэй болдог. Тэр бол ерөөсөө л хөдөлмөр. Киви хамтлагийнхаа хар, шар хоёр алтанд Ангирмаа ч өөрөө баярлах учиртай. Түүний хатуу ширүүн, зөв буруу зэмлэл бүрийг дааж, хөдөлмөрлөж чадсанаараа энэ хоёр бүсгүй түүнтэй хамт Кивиг босголцжээ.

Хүссэн хүсээгүй Киви бол Монголын од. Бидний бүтээсэн од. Масс бол урлагийнхнаас шалгалт авдаг соёлын дээдийн конкурсын багш биш. Тэд мэргэжлийг биш цэнгэл таашаалыг хүсдэг тул Кивиг сонсдог юм. Цаашдаа ч сонсогчид урлагийнханд өнгөн талаас нь дүгнэлт өгдөг “гэнэн” зангаа гээхгүй. Дуулж чадаж байна уу, үгүй юу фэнүүдэд ямар падлий байна аа. Тэд Укагийн шар үс, Намуунаагийн шокаладан арьсыг, бас үе үе солигдох ази хүүхний царай нүүрийг л харахаас биш тэдний хоолойг тоож сонсдоггүй. Бас хамгийн эмгэнэлтэй нь тэдний урсгаж буй хөлс, хүчийг хэзээ ч олж хардаггүй. Энэ охид бүтээх ёстой зүйлээ бүтээсэн. Одоо амрах, эсвэл өөрийнхөөрөө байх хүсэл хамгийн их оргилж, бас амьдрал тэднээс тэгэж шаардаж байгаа. Тийм ч учраас Ука бие даасан цомог гаргаж, Намуунаа сургуульд явахаар шийдсэн байна. Нялх Агийгийн хувьд урлагийн хүн байж цаашдаа чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэхдээ л түүний залуу насны хамгийн сайхан үе, хойшид үргэлж дагах хамгийн содон алдар Киви болж үлдлээ. Бусад хоёр гологдсон охидын хувьд ч мөн адил. Охидын хамтлагийн хувьд Киви дэндүү их насалж, хангалттай хөгширлөө. Урлагийн хууль ийм хатуу учраас тэдний урлагийн нас жам ёсоороо нүд аньж байгаа нь энэ. Харин бие даасан уран бүтээлийн тухайд тодорхой орон зай байхыг үсүйсгэх аргагүй. Тэр тусмаа ид үедээ зодог тайлж байгаа Киви-гийн гишүүний хувьд.

Сүүлийн үед тэртэй тэргүй тарчихсан Кивиг тараагүй мэтээр Пиардах оролдлогыг хэн нь ч юм хүчээр гаргаж байна. Тарсан гэдгээ өнөөдрийн төлөв байдлаараа хангалттай харуулж, дотоодоосоо мэдээлэл алдаж баталсан. Хамгийн сүүлд хөдөөгүүр хамтдаа тоглолоо, хөгжмийн зохиолч Б.Долгионы гавьяатын найранд шинэ дуугаа өргөнө гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээллээр тарах болов. Үүгээр Кивигийн хамт байгааг нотлох юмуу. Алалцаад салсан ч бай халтууранд хамт явдаг чинь хөөрхий манай хэдэн одуудын амьдралын эрхээр хийж буй боолын хөдөлмөр. Анхныхаа дууг авч дуулсан, урлагийн замд хөтөлж явсан хүнийхээ найран дээр очиж  нэг дууг нь дуулж өгнө гэдэг чинь аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдгээр тайлбарлагдана. Хэрвээ тэд үнэхээр Б.Долгионы гавьяатын найран дээр шинэ дуу дуулбал тэр бол сүүлчийн ёслолын буудлага гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Энэ бол албан ёсны, хүндэтгэлтэй төгсгөл мөн. Гэвч бодох юм байна аа ...

Аливаа зүйлийг цаг үетэй нь хамт мөнхөлж орхих шиг сайхан зүйл хаа байна. Үхэн хатан зууралдсанаар харин ч ихийг алдах магадлалтай. Яг одоо “Киви”-чүүд арай давуулж сэтгэж чадвал нэг л зүйл хиймээр байна. Тэр бол албан ёсны хаалтын тоглолт, хаалтын цомог. Нэг удаа цөм хийгээд, хүнд хүсэгдээд, уйлуулаад, дуулуулаад, ухаан санааг нь бүрмөсөн онгичиж хаяад яваач. Дандаа өөрийг нь боолчилж, хүлж баглаж байсан тайзан дээр ухаан мэдрэлгүй болтлоо ганц сайхан орилоод, өөрийнхөөрөө хамаг стрессээ тайчиж үлдээгээд яваач. Тэгвэл хүмүүс Кивиг арай удаан сонсох болно. Яг одоогийн манераараа худлаа мэдээ цацаад л, хиймэл царайгаа харуулаад л байвал сарвалзаж, хэл нь гозолзсоор хатаж үхэж буй цөлийн гүрвэлтэй адил төгсөнө. Зарим хүнд үхлээ өөрөө сонгох боломжгүй хувь заяа байдаг. Харин Кивигийн хувьд өөр ажээ. Киви “үхсэн”. Энэ бол үнэн. Харин тэд эрхийн дагуу үүнийгээ яаж тайлбарлах нь сонин байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top