“Галакси” сургуулийн захирал Г.Даваахүү: Хүүхдийг илүү хөгжүүлэх боломжтой газар нь хувийн хэвшлийн сургууль цэцэрлэг байдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 27

 Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ л цаг үед Zindaa.mn сайт орос хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, чанартай боловсролыг  Монголын үрсэд  хүргэж буй “Галакси” цогцолбор сургуулийн захирал Техникийн ухааны доктор, Буриад улсын гавьяат багш Гарьдын Даваахүүтэй ярилцлаа.

 

- Анх сургууль байгуулагдсан талаар яриагаа эхлэх үү?

-       Галакси сургууль маань Монголын хувийн хэвшлийн хамгийн анхны сургуулиудын нэг.1998 онд энэ сургуулийг байгуулж байсан. Тэр үед хууль эрх зүйн орчин нь сайн бүрдээгүй хэцүү байсан үе л дээ. Бүх юм шинэ байлаа. Ихэнх хувийн сургуулиуд өөрийн гэсэн байргүй байсан.

-Таны хувьд арван жил болон дээд боловсролыг хаана эзэмшсэн бэ? 

- Эмээ өвөө маань Да хүрээний хүмүүс. Ээж аав хотынх.  Би өөрөө унаган хотын хүүхэд.  Арван жилдээ 14-р сургуулийг дүүргэсэн. Уралын политехникийн дээд сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Тус сургуулийг   программ зохиогчийн мэргэжлээр улаан дипломтой төгсөж байсан.  Монголын анхны программистуудын нэг. Одоо Ногоон намын Энхбат, “Бодь” –ийн Нацагаа нартай хамт сурч байсан. Төгсөж ирээд статистикийн төв газарт программ зохиогч, ахлах программ зохиогчоор ажиллаж байгаад, ШУ-ны академийн информатикийн төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгчээр ажиллаж байгаад хувийн сургууль байгуулсан. Хамгийн анхны байгууллага маань Энхжин сургалтын төв гэж байсан.

-Та багш мэргэжилтэй хүн биш байж яагаад  хувийн сургууль нээе гэж бодсон юм бэ? Зах зээлийн орон зайг нь харсан юм уу? Тухайн үеийн боловсролын тогтолцооноос болов уу?

-Энэ их сонин байсан. 1998 онд миний бага хүү Энхжин анх сургуульд орох гэж байсан үе л дээ. Оросын элчингийн  14-р сургуульд хүүгээ элсэн оруулахын тулд бэлтгэл ангид сургах гэсэн орос хэлний бэлтгэл анги гэж байгаагүй. Тэгээд өөрөө багш хөлсөлж хүүгээ сургаж эхэлсэн чинь манай 2, 3 найзууд бас гуйгаад хамт хичээлүүлж байлаа. Ингээд гэрт маань 10-аад хүүхэд хичээллэдэг болсон нь “Галакси” сургуулийн анхны бэлтгэл анги байсан гэж хэлж болохоор юм. Миний унаган орос хэл их хэрэг болсон. Хэдийгээр программ зохиогчийн мэргэжилтэй боловч  бага насны хүүхдийг ямар арга зүйгээр орос хэлийг хялбар сургах вэ гэдэг асуудлаар толгойгоо гашилгаж байгаад дараа нь өөрийн гэсэн арга зүйтэй болсон нь одоо “Галакси” сургуульд хэрэглэж байгаа орос хэлний арга зүй юм. Анхны орос хэлний сурах бичгээ “В мир русского языка” гэж нэрлэж байлаа.

-Галакси сургуулиар овоглож байгаа хичнээн  газар байна вэ? Хаана, хаана байрладаг юм бэ?

“Галакси” цогцолбор сургууль маань “Эрдмийн цацраг” цэцэрлэг, эмзэг бүлгийн 100 хүүхэд үнэ төлбөргүй хүмүүждэг “Янзагахан” цэцэрлэг, “Галакси” бүрэн дунд сургууль, “Галакси” зуслан, “Галакси” шатрын клуб, Гэр бүлийн хөгжлийн төв ТББ зэрэг салбар байгууллагатай.

-“Галакси” бүрэн дунд сургууль “Модны 2”-оос  хороолол өгсөх замд “Сан” дээд сургуулийн хойно байрладаг.  

Эрдмийн цацраг” цэцэрлэг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрладаг.

“Янзагахан” гээд 100 хүүхдийн халамжийн, эмзэг бүлгийн хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг гэр цэцэрлэг бий. Энэ нь Баянзүрх дүүргийн 9, 17 дугаар хорооны өрхийн орлого нь бага, ээж аав нь цэцэрлэгт явуулж чадахгүй хүүхдүүдийг сургадаг.

Бас “Галакси” зуслан байгаа. Манайх Хөх хот, Бээжин, Москвад өөрийн бас салбартай.

-Манайд 23, 14, 18 гээд орос сургуулиуд байдаг. Тухайн үед тэр орос сургуулиудын сургалтыг голсон гэсэн үг үү?

- Үгүй ээ, 23, 18-р сургуулийн сургалт сайн. Гэхдээ ОХУ-н хөтөлбөрөөр бус, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд шүү дээ. Би Орос 14-р сургуульд хүүгээ өгөх гэж л бэлдэж байсан маань тэр. Тэгэхээр манай Галакси  сургууль анх орос хэлний бэлтгэл анги болон байгуулагдаж байлаа. Орос 14-р сургуульд хүүхэд элсэн орох шалгалтанд нь бэлтгэх бэлтгэл анги анх нээж байлаа.  

Одоо манай сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүд хоёрхон сарын дотор монголоор болон орос хэлээр уншиж бичиж сурдаг. Тэдгээр шавь нараа харахаар өөрийнхөө гурван хүүхдийг яаж зовж уншуулж бичүүлэх гээд  ажлаа таслаад , гэрийн багшаар хичээл  заалгаад явж байсан маань санагддаг.  Тийм ч учраас бусад эцэг эхүүдийн ажлыг хөнгөвчлөх гэж хүүхдүүдэд чанартай өндөр боловсрол мөн тэднийг  хос хэлтэн болгох гэж сургуулиа байгуулсан.

- Нэгдүгээр ангийн хүүхдийг хоёрхон сарын дотор орос монголоор уншиж бичүүлж сургаж байгаа  сургалтын давуу тал юу байна?

 -Энд сургуулиас гадна цэцэрлэгийнхээ тухай ярих хэрэгтэй байх.  Манай цэцэрлэг нь сургуулийнхаа залгамж холбоо болох гэдэг утгаараа хөтөлбөр нь тасралтгүй байдаг. Манай  “Эрдмийн цацраг ”цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүд чөлөөт цагаараа орос хэл заалгадаг. Гурван наснаасаа орос дуу шүлэг сурч, улмаар оросоор  ярьж эхэлдэг.  4, 5 настай хүүхдүүдэд “Галакси” сургуулийнхаа хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрөөр хичээллүүлэн, өөрийн насандаа арай илүү хөгжин, тоглоомын аргаар орос хэл эзэмших боломж олгодог.

Энэ хүүхдүүд маань сургуулийн 12р ангид элсэн орохдоо сургуульд суралцах бэлтгэлтэй, математикийн тухай цэгцтэй ойлголттой, орос хэлний анхан шатны мэдлэгтэй болдог нь багш нарын ажлыг ихээхэн хөнгөвчилдөг. Ээж аав нь бараг оролцохгүйгээр орос, монгол хэлээр уншиж, сайхан бичигтэн болдог нь манай сургуулийн хөтөлбөр, багш нарын арга зүйтэй холбоотой болов уу гэж боддог.

Энд цэвэр орос орчинг бүрдүүлж чадсан. Орос багш нараар заалгадаг болохоор  өдөржингөө орос хэл, яриа хөгжүүлэх хичээл, орон нутаг судлал нь ч орос хэлээр орно. Бидний арван хоёр жилийн ажлын үр дүн маань манай хөтөлбөр  юм шүү дээ. Нэгээс арваннэгдүгээр анги дуустал бид сургалтынхаа хөтөлбөр болон нэгж хичээлийн хөтөлбөрөө боловсруулчихсан.


 -Манай ЕБС-д Кембрижийн сургалт буюу хос хэлтэй болгох сургалтыг  энэ жилээс эхлүүлж байгаа. Тэгвэл танайхыг уг хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг гэж ойлгож болох уу?

-Кембрижийн хөтөлбөр бол Англи-Монгол хэлний хос хэлтэн. Манай сургуулийн хөтөлбөр Орос-Монгол хэлний хос хэлтэн. Би Кембрижийн хөтөлбөрийг дэмждэг. Даяаршлын үед хэлтэй бол хөлтэй гэж хүүхэд гадаад хэлтэй өөрийнхөө олох ёстой мэдээллийг хоёр хэл дээр олно гэдэг их давуу тал.  Тэгэхээр хүүхэд маань үнэхээрийн хос хэлтэй болоод тэр тусмаа ялангуяа мэдээлэл  технологийн эрин үед интернет дээр  хайлтаа хүртэл хоёр хэл дээр хийчихнэ, Нэгэнт орос, монгол хэлийг сурах арга зүйтэй болчихвол англи хэл амархан. Тийм учраас манай хүүхдүүд хоёрдугаар ангиасаа үзэж байгаа юм.

-Танай “Эрдмийн цацраг” цэцэрлэгээр дамжсан хүүхдүүд суурь орос хэлтэй болохоор суралцахад дөхөм байдаг юм байна. Тэгвэл танай цэцэрлэгээр дамжаагүй хүүхдүүд сургуульд орохоор мэдлэгийн түвшингийн ялгаа гарна.  Үнэндээ улсын сургуулиудад зургаан настангууд монголоороо уншиж бичихэд хүртэл амаргүй байдаг шүү дээ?

 -Мэдээж хэрэг манай “Эрдмийн цацраг” цэцэрлэг өөрөө маш их эрэлттэй цэцэрлэг. Манай цэцэрлэгийг төгссөн хүүхдүүд оросоор чөлөөт цагаараа сурсны үр дүнд тэр хүүхдүүдэд орос хэлний сургалттай сургуульд ороход нь хялбар байх нь ойлгомжтой.

Харин манай цэцэрлэгийн бэлтгэл ангийн хөтөлбөрт хамрагдаагүй хүүхдүүдэд эхэндээ хүндрэлтэй байдаг. Гэхдээ сургуулийн өдөр өнжүүлэх ангид хичээллэн гэрийн даалгавраа хийж, ойлгоогүй хичээлийг нь давтуулан ажилласны үр дүнд шинээр элсэн орсон хүүхдүүд 12-р сарын 30-ны дотор мэдлэгийн түвшингээрээ адил хэмжээнд хүртэл суралцдаг. Ер нь манайх цагийн ачааллыг ихэсгэхгүйгээр хүүхдэд энэ хэлийг олгодог арга зүйтэй. Сургалтын орчин бүрдүүлж ажиллахад сургуулийн захиргаа, багш нар маш их анхаарч ажилладаг.

2010 оноос эхлэн багш нар үзүүлэн, тараах материалаа медиа хэлбэрээр бэлтгэн, хичээлээ медиа хэлбэрээр зохион байгуулж байгаа нь нэгж хичээлийн чанарыг сайжруулахад, хүүхэд хичээлдээ сонирхолтой хандах, мэдээллийн технологитой харьцах чадвартай болоход ихээхэн тус дэм болж байна.

Мөн сургуулийн сайтандаа зайны сургалтын Moodle системийг байрлуулан, сурагчдын гэрийн даалгавар болон бусад мэдээллийг сайтын тусламжтайгаар суралцагчддаа хүргэж байгаа нь эцэг, эх сурагчдын талархлыг хүлээж байна.


-Танай сургуулийн давуу чанар нь хөтөлбөртөө байна уу, багш нартаа байна уу?

-Хоёуланд нь  бий. Манай сургуулийн хөтөлбөр олон хувилбартай, хүүхдийн онцлогт илүү ойртуулан боловсруулсан тул эцэг, эхийн хүссэн мэдлэг, чадавхийг хүүхдэд олгодгоороо талархал бол маш олон хэлбэрийн, альтернатив варианттай. Өөрөөр хэлбэл, хувийн сургууль бол цөөхөн хүүхэдтэй байдаг. Энэ хүүхдүүдэд зориулсан, эцэг, эх, сурагчдын хүссэн мэдлэгийг олгох хөтөлбөр байх талаар санаа тавьж ажилладаг. Мэдээж манай сургуулийн стратеги төлөвлөгөөтэй уялдан боловсруулдаг.

-Хэн тэр хөтөлбөрийг зохиосон бэ?

 - Манай багш нар,  хамт олны ажил. Манай бүх багш нарын оролцоотойгоор энэ хөтөлбөр хийгдэж байгаа гэж ойлгож болно. Манай сургуулийн 5-р ангийг төгсөхдөө орос, монгол хэлээр уншиж, бичиж ярьдаг, англи хэлний анхан шатны мэдлэгтэй төгсөнө. Математикийн хичээлийг орос, монгол хэл дээр заадаг. 9, 11-р ангийг төгсөхдөө орос, англи, хятад хэлээр ярьдаг, мэдээлэл зүйн өндөр мэдлэгтэй, интернетийн орчинд чөлөөтэй ажилладаг, математикийн хичээлээр гүн мэдлэгтэй төгсдөг.

Төгсөх ангийн сурагчидаа ямар мэргэжлээр суралцах судалгаа гарган, 10-р ангиас нь бэлтгэдэг. Зарим сурагчид эзэмших мэргэжлээрээ судалгааны ажил хийх анхан шатны мэдлэгтэй болж төгсдөг.

 Хувийн сургуулийн гол давуу тал бол альтернатив вариантаар бүх сургалтын хөтөлбөрөө хийдэг.

-Альтернатив вариант гэдэг нь?

-Олон хувилбарт хөтөлбөртэй гэсэн үг. Хоёрдугаарт, өндөр цалинтай гадаадын багш нар ажиллаж байна. Ийм учраас сайн боловсруулсан хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр зэрэгтэй багш нар хичээл зааж байгаа тохиолдолд сурч чадахгүй хүүхэд гэж бараг байдаггүй юм л даа.

-Ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөрийг БСШУЯ-наас гаргаад тэр хөтөлбөрийн дагуу явдаг. Таны яриаг сонсоод байхад хүүхдийг илүү хурдан сайн сургахын тулд дэвшилтэт шинэ санаа олныг гаргадаг юм байна. Тэрийг Боловсролын яамнаас шалгадаг цензур юу байна?

- Аль ч хувийн хэвшли йн сургууль, цэцэрлэг МОнгол Улсын хууль дүрэм, түүний дотор боловсролын хуулинд захирагдаж, дагаж мөрдөн ажиллана шүү дээ.

Бидний сургалтын хөтөлбөрийн Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэн хянаж баталдаг. Батлагдсан хөтөлбөрийн дагуу ажилладаг.

Ер нь батлагдсан хөтөлбөр дээр хувийн сургуулийн онцлогийг тусгадаг. Аль ч сургууль өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Энэ олон сургууль ямар нэг давуу талаараа бусдаасаа ялгарна шүү дээ. Тэгэхээр манай хөтөлбөр бол бага сургуульдаа хүүхэд орос, монгол хэлээр маш сайн уншиж, бичиж сурах нь, математикаа орос, монгол хэл дээр ойлгодог болох нь, бусад бүх хичээл буюу орон нутаг судлал, зураг, дуу хөгжим, биеийн тамир, хөдөлмөр гээд бүх хичээл нь орос хэл дээрээ яриа хөгжүүлэх маягаар явчихдаг байх нь. Ингээд манай сургуулийн бага ангийг төгсөхдөө хүүхэд орос, монгол хэлээ сайн мэддэг, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, математикийн гүнзгийрүүлсэн мэдлэгтэй төгсөнө. Дараа нь тавдугаар ангиасаа хятад хэл ороод эхлэхээр бүрэн бус дунд боловсрол буюу есдүгээр ангиа төгсөхдөө хүүхэд орос, англи, монгол хэлээрээ маш сайн мэдлэгтэй, хятад хэлний анхан шатны мэдлэгтэй төгсөнө. Анхан шат ч юу юм бэ дээ, дөрвөн жил үзчихэж байгаа юм. Ингээд математик гүнзгийрч орсон, мэдээлэл зүй гүнзгийрч орсон, дээр нь тодорхой хэмжээнд хичээлээс гадуур урлаг, уран сайхны нэлээн сайн мэдрэмжтэй төгсөнө. Арваннэгдүгээр ангиа төгсөхдөө гадаад гурван хэлтэй төгсөнө. Орос, хятад, англи хэл сайн эзэмшсэн, математик нь нэлээн цэгцтэй мэдлэгтэй, дээр нь мэдээлэл зүй буюу технологийг эзэмшиж чадсан, тэгээд ямар мэргэжлээр сурах гэж байна тэр мэргэжил дээр нь бид нар 10, 11 дүгээр ангид нь чиглүүлээд өгчихдөг. Манай сургуулийн сургалтын хөтөлбөрийн стратеги нь энэ. Өөрөөр хэлбэл, эдийн засагч болох гэж байвал аравдугаар ангиасаа эхлээд эдийн засгийн анхан шатны мэдлэгийг олгох курст суудаг юм. Эсвэл эмч болно гэвэл хими нь илүү гүнзгий ороод явчихна, эсвэл инженер болно гэвэл математик, физик нь илүү гүнзгий ороод явчих жишээтэй. Өөрөөр хэлбэл, сонгон судлах хичээлээ тэр хүүхэд сонгоод аваад явчихдаг.


 Ер нь ихэнх хүүхдүүд арваннэгдүгээр ангиа төгсөөд  конкурстээд аль тэнцсэнд оръё гээд зорилгогүй яваад байдаг. Тэгэхээр таны яриаг сонсоход есдүгээр ангиасаа хувь хүнийх нь зорилгыг тодорхойлоод яваандаа ямар мэргэжилтэй болох юм гэдэг дээр  суурийг нь бэлдээд өгдөг  юм шиг санагдлаа?

-Тийм. Би бусад сургуулийг мэдэхгүй байна. Манай сургуулийн хувьд есдүгээр ангиа төгслөө, энэ хүүхдийн гол зорилго юу юм, амьдралдаа ямар зорилготой хэн болох гээд байгаа юм, ямар мэргэжил эзэмших гээд байгаа юм, тэр битгий хэл, тодорхой хэмжээнд, жишээ нь, би эмч болно. Тэгээд  боловсролоо  Хятадад олно гэх юм бол хятад хэл, хими, биологи нь гүнзгийрэх нь. Би эмч болж байгаа, Эрхүүд эзэмшинэ гэвэл тэртэй тэргүй орос хэл нь сайн, орос хэлний нарийн мэргэжлийн үгнүүдтэй танилцуулна. Ерөөсөө 10, 11 дүгээр ангид тэр хүүхэд маш зорилготой, ерөнхий шалгалт хаана өгөх вэ, ямар улсад, ямар мэргэжлээр суралцах гэж байна гэдгийг бэлддэг. Ингэхээр  тэр хүүхэд арын хаалгагүй маш амжилттайгаар их, дээд сургуульд суралцдаг. Манай дөрвөн төгсөлтийн 80 хүүхэд байна. Бүгдээрээ их, дээд сургуульд орсон, дандаа өөрийнхөө хүссэн мэргэжлээр хоёр жил бэлтгэгдээд орж байгаа.

Гадаадын сургуульд хичнээн хувь нь, дотоодын сургуульд хичнээн хувь нь?

- Төгсөгчид 100 хувь сургуульд ордог. Эцэг эх нь хүүхдийнхээ төлөө сайн ажилладаг. Манай багш нар ч сайн бэлдээд өгчихдөг. Гадаадад  50 хувь нь сурч байгаа. 4 төгсөлийн сурагчдаас 5 хүүхэд ОХУ-н их дээд сургуулиудад тэтгэлгээр сурч байна.

-Тэтгэлгийг хаанаас хариуцаж байгаа вэ?

-Тэтгэлгээр сүүлийн гурван жилд нийт тоогоороо таван хүүхдийг явуулчихаад байна. Таван хүүхдийг ОХУ-ын Медведевийн тэтгэлгээр явуулсан. Тэр хүүхдийн сурах сургалтын төлбөр нь 100 хувийн тэтгэлгээр суралцдаг.

-Тэтгэлэгт хамрагдахын тулд сурагч өөрөө ямар шалгуурыг биелүүлчихсэн байх ёстой вэ?

- Мэдээж хэрэг сурлага байх ёстой, тодорхой хэмжээнд сургуулийн амьдралд идэвхтэй оролцсон байх ёстой гээд. Энэ жил Гэрэлмандах, Анужин хоёр явж байгаа.  

 Манай Галакси сургуулийн гол онцлог бол цэцэрлэгийн бага бүлгээс эхлээд 12-р анги төгстөл бүх хөтөлбөрийг бэлдсэн байдгаараа онцлогтой.  Цэцэрлэг  гэхэд 2, 3, 4, 5 настангуудын бүх хөтөлбөр нь байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бол манай сургуулийн багш нарын олон жилийн хөдөлмөр. Бүх ангийн бүх хичээлүүд нэгж хичээлийн хөтөлбөрийн түвшинд боловсруулагдсан.

Баянзүрх дүүрэгт манай Янзагахан цэцэрлэг байдаг.  Энэ цэцэрлэгт БЗД-н 9, 17-р хорооны эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд үнэ төлбөргүй хүмүүждэг. Бид СӨБ-н хувилбарт сургатын хөтөлбөр, хүүхдийн ажлын дэвтэр, багш эцэг эхчүүдэд зөвлөмж боловсруулсан. БЗДүүрэг, СБДүүргийн бүх цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүй тараан, сургалт зохион байгуулсан.

Манайх өөрөө galaxy –edu.org сайттай.  

Манай сайтан дээр хүүхдийн анкетийг эцэг эхэд тавиад үзүүлчихдэг. Бид нар үүнийг нууцлалын зэрэгтэй ч хийж болно, эцэг эх нь хүүхдээ харах дуртай  хөөрхөн байхгүй юу. Хүүхдийн мэдлэгийн түвшинг электрон хэлбэрээр үнэлж байгаа юм. Хүүхэд нь гурван сарын дараа ямар болох вэ, зургаан сарын дараа ямар болох вэ, есөн сарын дараа яах вэ, өөрөөр хэлбэл, хичээлийн жил төгсвөл ямар байх вэ гэдгийг үнэлж болно.

-Цэцэрлэгийн төлбөр нь?

-Сарын 195 мянга.   Галакси сургууль жилийн 980 мянга.

-Янзагахан цэцэрлэгт хүүхдээ явуулахын тулд ямар шалгуураар ордог вэ?

-Ямар ч шалгуур байхгүй. 100-гаас илүү гарсан ч бид нар авдаг юм.  Манай багш нар хүүхдээ өөрсдөө усанд оруулаад, аав ээжээс харамлах нь холгүй  явж байдаг юм.

-Танай сургуулиар  оронгуут  маш олон шагналууд шууд нүдэнд тусаж байна. Тэр дундаа 2010 оны тэргүүний  сургууль гэсэн цом.   Нийт  сургуулиуд дундаас шилдэгээр шалгарсан   юмуу?

-Сургуулийн хувьд манайх 2010 оны хувийн бүх сургуулиудын тэргүүний сургууль болсон. Цэцэрлэгийн хувьд 2010 оны Сүхбаатар дүүргийн болон Нийслэлийн тэргүүний цэцэрлэгээр шалгарсан. ОХУ-ын Төрийн Думын шагнал, ОХУ-ын элчин сайдаас гээд олон шагналууд байгаа.

-Анги дүүргэлтийн хувьд?

-Хувийн сургуулиудын давуу тал нь ангидаа бага хүүхэдтэй байдаг. 18-25 хүүхэд байгаа, манай аль ч ангид. Цэцэрлэг 120-130 хүүхэд болчихдог. Манай сургууль 350 орчим хүүхэдтэй. Энэ жил нэгдүгээр анги хоёр анги элсэлт авах болсон.  Одоо сурч байгаа болон төгссөн сурагчдаас маань дамжуулаад  манай сургалтын тухай маш сайн мэддэг.

-Хичнээн багштай вэ?

-40-өөд багштай. Түүний дотроос ОХУ-аас 10-аад багш уригдаж ажилладаг.

-Хүн болох багаасаа гэж ярилцдаг.  Өндөр боловсрол олгохоос гадна монгол ёс заншил,  хүн байх, эх оронч үзэл төлөвшүүлэх талын хичээл ордог уу?

-Боловсролын яамнаас батлагдсан хөтөлбөрийн дагуу манай сургуульд монгол хэл, монгол бичгээ үзнэ. Монголын түүх, монголоороо бахархах үнэт зүйлсийг хичээлийн хөтөлбөрөөр заадаг.

Өдөр болгон Төрийн дууллаа дуулна, эх оронч үзэл гэдэг утгаараа түүхийн хичээл орно.

Дэлхийн түүх, Монголын түүх, Оросын түүх гэсэн гурван хичээл орно. Хоёрдугаарт, хүн болох багаасаа гэдэг үгийг өлгөөд нэг юм хэлэхэд одоо манай цэцэрлэг шинэ байрандаа орох гэж байна. Бага насны хүүхдээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд  гол дутагдаж байгаа зүйл бол төлөвшил, хүмүүжил.

Мэдлэгтэй байхын зэрэгцээ сайн хүн байх ёстой, бүх зүйлийг хийж чадах чадвартай байх ёстой, амьдрах чадвартай байх ёстой гэдэг утгаараа Залуу ноёд, хатагтайн клуб зохион байгуулж байна. Энэ клубын гишүүн болсноор багаасаа биеэ яаж зөв авч явах тухай, зочлох, зочлуулах тухай ойлголт, ахмад настантай яаж харилцах вэ, айлд очоод ээж аавтайгаа хамт байхдаа биеэ яаж авч явах вэ, айлын ширээн дээр байгаа зүйлийг яаж хэрэглэх вэ гээд маш олон амьдралын чадварт сургах юм. Мөн аэробика, фитнесс клубууд хичээллэнэ.

- Танай сургууль гадаадын сургуулиудтай хамтарч  ажилладаг уу? Олон шагнал авахаас гадна орос суурьтай болохоор ОХУ-д ямархуу жин эзэлдэг бол гэж сонирхмоор санагдлаа?

-ОХУ-ын Боловсролын яам, Москва хотын засаг захиргаа, ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын дэргэдэх Боловсрол соёл шинжлэх ухааны төвтэй маш нягт хамтарч ажилладаг.

Энэ хавар гэхэд би Москва хотод болсон өөрийнхөө орос хэл заадаг бүх орнуудын удирдлагуудын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоод ирлээ. Саяхны нэг баяртай мэдээ гэвэл наймдугаар сарын эхээр манайх Русский мир гэдэг маш том фонд байдаг. Тэр фондоос Монгол Улсад телевизээр орос хэл заах эрхээ авчихлаа. Оросын боловсрол соёл шинжлэх ухааны төвтэй хамтарч, Ольга Федоровна гэж захирал нь. Хичээлээ 16-наас эхлэх байх. UBS телевизтэй юмуу, эсвэл МҮОНТ-тэй хамтарна. Түүнчлэн ТВ8 телевизтэй хамтран орос хэлний хичээлүүд явуулахаар бэлдэж байна. Эрхүү, Улаан-Үд, Екатеринбург хотын засаг захиргаа, тэдний Боловсролын газруудтай бас хамтарч ажилладаг. Урд тал руу гэвэл Бээжингийн Жилийн их сургууль, Хөх хотын Хонда интернэшнл скуул гэж олон улсын сургуулиудтай бараг өдөр тутмын гэж хэлж болно доо, хамтын ажиллагаатай. Ялангуяа, медиа сургалтаар хамтарч ажилладаг. Израилийн Тейл Авивтай мөн хамтарч ажилладаг. Бүр нарийн ярих юм бол маш олон зуслантай хамтардаг. Орос, Хятадын зуслангууд байна. Ер нь гадаад харилцаа нэлээн өргөжчихсөн. Гадаад харилцаандаа их анхаарч ажилладаг. Хамгийн сүүлийн нэг жишээ бол АНУ-ын Хөдөлмөрийн тепартаменттай хамтарч ажиллаж, Янзагахан цэцэрлэгийн хүүхдүүдэд сурах бичгийг тэдний санхүүжилтээр хэвлүүлж гаргасан.

-Та бусад хувийн болон улсын сургуулиудын ололттой болон дутагдалтай талыг юу гэж хардаг вэ?  Монголын боловсролын системийн тогтолцооны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Боловсрол гэдэг чинь өөрөө туршлаган дээр зөв болж гарч ирэх гээд байна ш дээ. Энэ намар Боловсролын байгууллагын 90 жилийн ой болох гэж байна. 90 жилийн ойн өмнө гэхэд мэдээж хэрэг манай боловсролд алдсан, оносон зөндөө юм байгаа. Үүн дотроос би нэг л юмыг хэлмээр байна. Хувийн хэвшлийг боловсролд оруулж ирдэг маш  том зөв хэлбэр. Яагаад гэвэл энд өрсөлдөөн бий болж байгаа. Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн гол ололттой тал бол маш олон хувилбарт хөтөлбөрүүдтэй, нэг ангид цөөн тооны суралцагчидтай, сургалтын орчны хувьд маш сайн, өндөр мэргэжлийн чадварлаг багш нараар бүрдсэн байдаг. Нэгэнт цөөхөн сурагчтай, маш сайн багштай, хөтөлбөртэй байхад тэр хүүхдэд гүн гүнзгий мэдлэг олгоход үнэхээрийн боломжтой. Тэгэхээр энэ бол маш том ололт. Миний санаагаар бол даяаршлын үед хүүхэд багаасаа гадаад хэл сурах нь зөв бодлого л гэж би боддог. Энэ дээр улс анхаараасай гэж боддог.


-Галакси сургуулийн цаашдын зорилт, зорилго?

-Манайх ямар ч байсан тасралтгүй боловсрол олгох зорилттой. Тасралтгүй боловсрол гэдэг маань манайд сургуулийн өмнөх боловсрол байна, бага боловсрол, бүрэн бус дунд боловсрол байна. Бүрэн дунд боловсролын байгууллагаа бид байгуулчихлаа. Одоо бид нар тодорхой хэмжээнд энэ хүүхдүүдээ ямар нэгэн мэргэжлээр нарийвчилж сурахад нь туслах үүднээс ямар ч байсан дээд боловсролын тогтолцоог судалж байна. Мөн түүнчлэн боловсрол хүүхдийг, хувь хүүхэд, өөрөөр хэлбэл, масс сургалтын тухай би ярихгүй байна. Яг тодорхой нэгэн хувь хүүхдийг яаж хөгжүүлж, ямар талаас нь академик биш, прогматик талаас нь яаж илүү үр дүнтэй хөгжүүлж болох вэ гэдгийг судлах өөрийнхөө цогцолбор сургуулийнхаа  дэргэд судалгааны төвтэй болох хүсэлтэй байгаа.

-Ерөнхийдөө ярилцлагаа өндөрлөе. Миний асуугаагүй таны хэлье гэсэн зүйл байвал танд үлдээе?

-Би эцэг эхчүүдэд хэлэхэд чанартай боловсролыг мэдээж хэрэг төлбөртэйгөөр олж авна. Тэгэхээр нэгэнт боловсролын байгууллага хүүхдийнх нь төлөө ингэж зүтгэж ажиллаж байхад ээж аав бас хөдөлмөрлөх ёстой. Тийм хувийн хэвшлийн сургуулиудад хүүхдээ өгснөөр та харамсахгүй ээ. Яагаад гэвэл энэ маань эцэг эхийн захиалга, нийгмийн захиалга. Өөрөөр хэлбэл, хувь эцэг эх юу хүсч байна, хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байна, ямар талаас нь, аль сайн талыг нь хөгжүүлэх гэж байна гэвэл илүү хөгжүүлэх боломжтой газар нь хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг байдаг юм шүү гэж хэлмээр байна. Та хүүхэддээ чанартай боловсрол, хос  хэлний өндөр мэдлэг олгоё гэвэл 99086644 утсаар холбогдоорой.

 -Таны Монголын үрсийг өндөр боловсролтой хүн болгох ариун үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай Zindaa.mn сайтын хамт олонд бас ажлын амжилт хүсье.

-Ярилцсан Г.Оюун

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR MAXWELL(41.203.78.161) 2019 оны 09 сарын 29

Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй болон имэйлээр холбоо барина уу. Имэйл:

0  |  0
(112.72.13.235) 2019 оны 02 сарын 08

Mundag hvn shvvdee

1  |  0
Top