Монгол руу чиглэх аяны цуваа улам олширсоор байна. Байгалийн баялагт маань шунаж буй их гүрний төрийн томчууд, бизнесмен, эрдэмтэн судлаачид, жирийн үүргэвчтэй аялагч гээд зүсэн бүрийн амьтны хөл тасрахаа болив. Энэ жил жуулчид тоймгүй ирлээ. Түүхэн ойнууд давхцсан болохоор тэр биз. Гэвч аялал жуулчлалын салбарынхан алдагдалтай ажилласан гэх хачирхалтай мэдээ бас сонсогдов. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх юу хийж суугаа юм бол оо. Хариуцсан салбарынх нь нэг томоохон хэсэг олсон мөнгөө хар салхинд хийсгэчихэв үү. Энэ мэт сонин юм их байна. Гадаадын аялагчдын дунд ижил хүйстэн олноороо ирж байгаа гэнэ. Тэднийг манайх руу Монгол ралли аялалынхан голцуу зохион байгуулдаг юм байна. Англид төвтэй “Adventures” компани олон төрлийн аялал хийдэг бололтой. 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол ралли аялалынханы онцлог нь адал явдал хөөж, хуучин автомашинуудыг жолоодон Англиас гарч манайд ирдэг. Машинуудаа нэг бол хандивлана, эсвэл маш хямдаар зарна. Тэд 1995 оноос хойш жил бүр хийх болсон Монгол ралли тэмцээнийг зохион байгуулахад бас оролцож байгаа. Хуучин машинуудаа энд ирээд засч сэлбэх ажлаа манайхны дунд богино хэмжээний сургалт маягаар зохион байгуулах ч тохиолдол бий. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Монгол Ралли”-гийн захирал, Улаанбаатар хот дахь Английн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч Томс Моргантай уулзаж байв. Тухайн үед “Монгол ралли” аялалд 44 орны 1000 гаруй аялагч оролцжээ. Томс Морган хотын захирагчтай уулзах үеэрээ “Раллид оролцож байгаа машинууд түргэн тусламжийн, галын гээд тусгай зориулалтынх. Монголд түргэн тусламжийн машины хэрэгцээ маш их байдаг. Тэгэхээр хэрэгцээтэй газар нь хандивлана” гэсэн байна. Г.Мөнхбаяр ч үүнд нь талархаж “Машин засч сэлбэх, сургалт зохион байгуулах ажлыг Бизнес хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулаарай. Тусалж дэмжихэд бэлэн байгаа” гэжээ. Аялалынхан ийнхүү хотынхонтой зузаан хэлхээтэй болов. Английн дээрх компани болон Монгол ралли аялагчид үйл ажиллагаагаа дэлхийн олон улс оронд явуулах үүднээс бас “Хөгжлийн төлөө адал явдал” нэртэй төрийн бус байгууллагыг ажиллуулна. Монгол дахь энэ байгууллагыг нь Г.Байгаль гэдэг эмэгтэй хариуцдаг тухай “Өдрийн сонин”-д сэтгүүлч Т.Цогт-Эрдэнэ бичжээ. Түүний сарын цалин дөрвөн сая юм байна.
Монгол ралли аялалын ижил хүйстнүүдтэй манай монголчууд хамт явахаас бэрхшээдэг гэнэ. Хоёр жилийн өмнө эдгээр хүмүүст орчуулагчаар ажиллаж байсан нэгэн хүн энэ талаар хууч яриа дэлгэж байх юм. Тэрээр “Хөдөө хээрээр хурдлан давхих ижил хүйстнүүд хоноглох газраа буумагц элдвээр аашилцгаана. Гажиг авир араншин гарган бэлгийн таашаал эдэлнэ. Бие биеэ хардаж, хоорондоо зодолдоно. Ижил хүйст хосууд бэлгийн цэнгэл эдлэхийг хараад суух гүндүүгүй монгол эр ховор. Яахав, хэдэн төгрөг олохын тулд аргагүйн эрхээр цуг явдаг байлгүй, зарим нь. Мөн манай ижил хүйстнүүдээс ч тэдэнтэй нийлсэн нь бий” гэж байв. Өнгөрсөн онд Монгол ралли аялалынхан “Эрдэнэ зуу” хийдэд очихоор явахдаа машин дээрээ эмэгтэй хүний дүрс бүхий хийлдэг эдлэл байрлуулжээ. Үүнийг нь харсан монгол эр аялагчдад Монгол ёс заншлаас ярьж, “Ийм зүйлийг манайхан огт таашаахгүй. Үүнийгээ ил тавьж явах хэрэггүй” гэж мянга хэлээд нэмэр болоогүй байна. Тэгвэл энэ зун ирсэн аялагчид нь бас өнөөх хийлдэг хүүхний дүрсээрээ гангарч явжээ. Аялалынхаа дараа шөнийн цэнгүүн зохион байгуулж, хосууд нь шалдан нүцгэнээрээ гудамжинд гарч байсан тухай яриа ч чих дэлсэж байв.
Монгол руу хөврөх тэдгээр аялагчид Англи болон Европын холбооны улс орнуудаас төмрийн хог дээр хаях гэж байгаа машинуудыг цуглуулж аваад замдаа гарна. Ер нь тэдний нэг гол зорилго нь тэдгээр улс орны машины сэг хаягдалыг багасгах явдал ажээ. Тиймээс хуучин машиныг нь тухайн улс орноос л холдуулж байвал хаана аваачиж хаях нь тийм чухал биш бололтой. Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар бол Англиас гараагаа эхэлдэг Монгол раллид оролцсон машинуудаас замдаа дор хаяж тавь, жараад нь хаягддаг байна. Харин Монголд орж ирсэнийг нь “Хөгжлийн төлөө адал явдал” төрийн бус байгууллагынхан борлуулна. Богино хугацаанд борлуулах үүрэг хүлээх тул маш хямдаар худалдаална. Хотын захиргаатай ярилцаж тохироод засварын ажилчид хүртэл ажиллуулах болсон тул өнгө үзэмжийг нь ялимгүй сайжруулж амждаг байна. Ийм машинуудыг газар дээр нь шууд 2000-6000 ам.доллароор зарна гэхэд хүмүүс дуугүй л авдаг ажээ. Машин зарсан орлогоосоо “Кристина нобел” санд хандивлан өнчин өрөөсөн, ядуу зүдүү амьдралтай хүмүүст өгүүлдэг гэх боловч тус сангийнхан “Бидэнд өгсөн мөнгө гэж юм байхгүй шүү дээ” гэх нь олонтоо тохионо.
Хандивын машинууд ч бас ялгаагүй хулхи гэдгийг та бүхэн эндээс нэгэнт ойлгож байгаа байлгүй. Гадаадын, ялангуяа Европын улс орны хог дээр аваачихад мөнгө төлнө. Тиймээс тэд ийнхүү манайхыг нэг ёсондоо хаягдлын цэг болгож байгаа тул ямар өөдтэй юм хандивлахав дээ. Хотын захиргааныханд хандивласан гэх гал командын болон эмнэлэгийн зориулалттай машинууд нь 1954-1970 онд үйлдвэрлэсэн байх жишээтэй. Бас болоогүй ээ, манай хил гаалийнхан өнгөрсөн онд 340-өөд иймэрхүү машиныг нь татвараас чөлөөлсөн байгаа юм. Онцгой албан татвар, гаалийн татвараас чөлөөлөх ажлыг Сангийн яамны зээл тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газрынхан амжуулж өгдөг ажээ. Ийнхүү биднийг цөмийн хаягдал булах нь яана даа гээд сууж байхад Европын төмрийн хог монголыг бүрхэх бололтой. Одоо Еворпын аль ч улсад 1990 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машиныг гудамжаараа бараг явуулахаа больсон. Тэгвэл манай улсад Монгол раллид оролцогч гэх ижил хүйстэн голцуу аялагчдын гараар моторын хүчин чадал багатай, Suzuku Piggio Borris мэтийн загвар бүхий амбасын үеийн машинууд овоорч байгаа ажээ. Хотын утааг бохирдуулахад эдгээр нь бас нэмэр болно.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )