Эх орны маань баруун хязгаар Ховдын улаан уулс, Хар-Ус нуур, Сутайн цаст оргил, Гурван Цэнхэрийн гол гээд үзэсгэлэн төгс байгалийн гоо сайхнаар хосгүй баян нутаг юм. Уртаараа 10-аад км, өргөнөөрөө 3-5 км орчим Тооройн цагаан элс гэж байх. Үүнийг бичигч би өмнийн их говийн хүн, хаяа Гурван Бөгтий, Хонгорын элс, Молцог, Халзангийн элсийг үзэж дээр нь хөлбөрч явсан хэрнээ Тооройн цагаан элсийг хараад гайхан биширснээ хэлэх нь зүйтэй. Юун гэвэл нар гялбуулсан цагаан өнгөтэй, нарийн торгон ширхэгтэй энэ эпс нь хэмжээгээрээ бага ч үзэмжээрээ гойд байлаа. Элэг, цөс, хуян, бөөр, давсганд сайн цулхир хэмээх ногоо энд элбэг ургана. Цулхирчид гэж бараг мэргэжлийн хүмүүс байдаг.
Захчин түмэн:
Тооройн цагаан элс нь
Товойн цайгаад байна л
Торомгор бяцхан тэр минь
Наарыч гээд байна л хэмээн уран торгон, хөгжимлөг гоё дууг зохиожээ. Газар сэтгэл хоёр ийнхүү сүлэлдсээр дуу, шүлэг болон мөнхөрсөн авай. Цулхираас гадна энд тэсэг, харгана, шаваг, хармаг, үүргэнэ, бударгана ургадаг болохоор буянт малын идээшилт нутаг юм. Захчингууд бол ойрадуудын нэг хэсэг. Ховдын Мянгад, Зэрэг, Алтай, Үенч, Мөст сумдад тархжээ. Ховордсон ан араатнаас гадна энд Улаан номонд данстай гангар хун, хойлог, халбаган хошуут, хээрийн галуу, Цагаан суүлт, бүргэд болон ёл, харцага, ууль, шар шувуу, хараацай, алтан гургалдай зэрэг ховор сонин жигүүртнүүд сүрэглэн авай.
Цэцэн мэргэн, алиа шооч удамтай захчин түмний нутагт үзэж ханашгүй, үгээр дүрсэлж барамгүй, Гурван Цэнхэрийн агуй, Ботгон хад, Агуйт зэрэг өвөрмөц тогтоц бүхий эрт галавт үүссэн олон сонин агуй байх. Гоогийн гурван хайлаас, Битүү нуурын хар асга зэрэг эрт цагийн сөнөсөн галт уулс ховор үзэмжээр нүд булаана. Гоо хайрханы гурван тогоо нь Ээж хайрханы есөн тогоо мэт гойд уран. Манхан нутгаар Цэнхэр, Төгрөгийн голууд мяралзан, Мааньт, их Цахир, Бугат, Төгрөг, Бургаст, Жаргалант, Цэнхэрийн ариун уст рашаан ундран мэлтэгнэнэ. Эдгээр нь цөс ходоодонд ээлтэй гэх. Манхан бол эртний хүний уугуул өлгий юм. Ишгэн толгой, Нүхэн өтөгийн хөшөө чулуу, Хуннүгийн үеийн булш, Хиргисүүр, Хойд Цэнхэрийн агуйн зураг нь үүнийг гэрчлэх бүлгээ. Тэмээн хяруул, эвэрт оронго гөрөөс, янгир, заан зэрэг олон амьтдын зурагтай, 15 орчим метр өндөр хүнхэр том Цэнхэрийн агуйд ороход үнэхээр л эртний хүний оромжинд морилох мэт. Энэхүү Цэнхэрийн орчимд 13 булш байдаг гэх...
2000 жилийн өмнөх Хүннүгийн үеийн Тахилтын хонхрын булшнаас сэлэмний хугархай, төмөр амгай, шавар ваар, номин алт зэрэг эдлэлүүд олджээ. Манханы төвөөс холгүй байдаг Ишгэн толгой уран зургийн музей мэт санагдаж билээ. Үхэр, адуу, хандгай, хун, бар, аргаль, могой, янгир, тэмээ зэрэг янз бүрийн амьтны тавь гаруй дүрс энд байдаг ажээ. Гурван Цэнхэрийн бэлчир орчмоос дунд палеолитын үеийн буюу МЭӨ 100000-40000 жилийн өмнөх чулуун зэвсгүүд, хусуур, ялтас зэрэг олдворууд зөндөө олджээ. Монгол даяар тарж түгсэн "Болзоо", "Тонжоо", "Булигаар хүрэн цүнх", "Хэдэн гялаан хонь", "Тооройн цагаан элс" зэрэг олон сайхан дуу төрсөн Манхан нутгийн тэнгэр доор, байгалийн үзэмж жигдрэнхэн хосолсон эртэн цагийн буурал энэ өлгийд захчин түмэн
"Азаргаар адуун дундаас
Агсам халиун тонжоо
Айлын багачууд дундаас
Амраг тэр минь тонжоо " гэх хайр сэтгэлийн уянга,
"Төгрөгийн Хар үзүүрийг
Тойруу гэлцээд байна л
Төвөөс ирсэн эмчийг
Боломжийн гэлцээд байна л" гэх уран хошин дуу,
"Ухаантайхан мордыт
Унаа биеэ бодыт" гэсэн ёжтой бөгөөд шог уянгаа дуулсаар өртөөлөн ирэх он цагийн урсгалыг найр хурим, бүтээл үйлсээр угтаж үдсээр бүлгээ.
"Товойн цайрч харагдах
Тооройн цагаан элстэй" Манхан нутаг сэтгэлийн дотор бидэр татаж цэнхэртэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Пизда