Сүүлийн хэд хоногт аймаг, нийслэлийн намын хороод сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдээ тодруулж эхэлсэн. Зарим УИХ-ын гишүүд тойроггүй үлдсэн тохиолдлууд ч нэг биш удаа гарсан. Тэдний нэг нь өмнөх сонгуулиар Чингэлтэй дүүргээс ялалт байгуулан УИХ-д суусан Г.Баярсайхан. Хэний ч мэдэхгүй танихгүй залуу гэнэт гарч ирээд тэр даруйдаа л УИХ-ын гишүүн болчихсон. Сансаныг бодвол мань хүн тойрогтоо нилээдгүй зүйлийг хийсэн гэж Чингэлтэйнхэн амь сайтай ярьцгаадаг. Хамгийн сүүлд л гэхэд чуулган завсарлахаас өмнө Чингэлтэй хайрхан уулыг дархан цаазтай болгоод амжсан.
Харин тэрээр Дүүргийнхээ намын хороон дээр халуун тэмцэл, хэрүүл уруултай учраад байгаа. Энэ удаад түүнд тойрог олгохгүй гэдгээ намынх нь хороо мэдэгдээд авсан. Түүний оронд Б.Батбаатар гэх УИХ-д суугаад үзчихсэн “Памферстай гишүүн” гээд цоллуулаад амжсан Чингэлтэйн АН-ын даргаа, намын хорооноосоо нэр дэвшүүлэх гээд сойж байгаа гэх юм.
Гэтэл Г.Баярсайхан өөр байр суурыг илэрхийлж байгаа. Тэрээр “ Би тойроггүй болоогүй. Надад УИХ-ын 2012 оны сонгуулиар нэр дэвших тойрог байгаа. Тойрог хаашаа ч алга болоогүй. Би өөрөө ч байж л байна. Надад энэ сонгуулиар АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвших бодол бий. Манай намын удирлагууд ч тус дүүрэгт намайг сойх талаар ярьж байгаа” сурагтай.
Одоо түүнийг үнэхээр тойроггүй үлдсэн үү аль эсвэл дахин Чингэлтэйдээ дахин нэр дэвших үү гэдэг эцсийн шийдвэрийг зөвхөн АН-ын ҮЗХ шийднэ. Тус дүүрэгт нэр дэвших хүсэлтэй хүмүүс ганц Г.Баярсайханаар ч тогтохгүй олон бий.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )