Ж.Тэмүүжин: Шингэн түлшний үйлдвэр байгуулах нь онцгой ач холбогдолтой

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

Өнөөдөр “Blue Sky tower”-ийн хурлын зааланд Монгол Улсын ШУА-ийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Шинжлэх ухаан технологийн агентлаг, эрчим хүч, уул уурхайн чиглэлийн төрийн болон хувьцаат компанийн төлөөлөгчид манай улсад энэ сарын 15-19-ний хооронд айлчлан, нүүрс болон цахилгаан станцын хаягдал үнснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцохоор олон улсын хурал зохион байгууллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ӨАБНУ-ын талаас тус улсын Шинжлэх Ухаан Технологийн Газар (ШУТГ), Баруун булангийн Их Сургууль, Технологийн инновацийн агентлаг (ТИА), Минтек (Эрдсийн судалгааны байгууллага), Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл, Эском (төрийн мэдлийн цахилгаан үйлдвэрлэгч компани) төлөөлөгчид болон САСОЛ компанийн эрдэм шинжилгээ хариуцсан ерөнхий судлаач, ерөнхий менежер зэрэг хариуцлагатай ажилтнууд хүрэлцэн ирсэн юм. Нүүрсийг шатаан эрчим хүч гарган авах болон боловсруулж, шингэн түлш үйлдвэрлэхэд нүүрсэнд агуулагдах шатдаггүй буюу органик бус хэсэг нь шаталтын хатуу хаягдал үнс хэлбэрээр үлддэг бөгөөд энэхүү үнсийг байгаль орчинд хор нөлөө багатайгаар боловсруулах нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засаг, байгаль орчны чиглэлийн онцгой ач холбогдолтой гэдгийг хурлыг зохион байгуулагчид онцолж байлаа.

Монгол улсын ШУА-ийн Хими, Хими-Технологийн хүрээлэнд Академич Ж.Тэмүүжингийн удирдлаган дор цахилгаан станцын хаягдал үнсийг дэвшилтэт арга технологиор боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр шинжлэх ухаан, технологийн туршилт судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд ӨАБНУ-аас ирэх төлөөлөгчид хаягдал үнс болон нүүрсийг боловсруулах чиглэлээр хамтын төсөл судалгааны ажил хэрэгжүүлэх боломжийг мөн хайж байгаа аж. 

ШУА-ийн Академи Хими, Хими-Технологийн хүрээлэнгийн Академич Ж.Тэмүүжинтэй цөөн хором ярилцлаа.

-Нэг тонн нүүрсээр шингэрүүлсэн түлш гаргалаа гэхэд хэдэн хувийн шингэрүүлсэн хийн түлш гаргаж болох вэ?

-Үнсний хувьд бол САСОЛ компанийн танилцуулснаар 10-36 хувийн маш их үнсний агууламжтай нүүрс ашиглаж шингэрүүлсэн түлш хийдэг юм байна. Түүнээс 30 гаруй хувьтай гарсан хаягдал үнсийг боловсруулан, барилгын материал цементэд ашиглах, тоосго зэргийг хийдэг талаар танилцууллаа. Монголд энэ төрлийн хийжүүлэх төсөл ямарваа нэгэн туршилт одоогоор хийгдээгүй.

 

-Тухайлбал яг ямар барилгын материал хийж болох уу. Мөн чанарын хувьд баталгаатай байж чадах болов уу?

-Барилгын материалын хувьд цементийг орлуулах боломжтой шинэ төрлийн барилгын материал эсвэл өөр төрлийн материалтай хавсран барилгын материал хийж болох талаар ярилцаж байна. Тэгэхээр чанарын хувьд хол зөрүү гарахгүй.

-Өнөөдөр манай станциудаас гарч байгаа үнсийг хэрхэн ашиглах талаар ямар нэгэн ажил хийхээр төлөвлөгдсөн үү?

-Үнс бол манайд өнөөдрийн түвшинд анхаарах ёстой асуудлыг нэг болоод байгаа. Манай III цахилгаан станцын хувьд жилдээ 100 мянган тонн үнс гаргадаг бол IV станцын хувьд жилдээ 250-300 мянган тонн хаягдал үнс гаргадаг. Одоогоор энэ төрлийн хаягдал үнсийг хэрхэн ашиглах талаар цаашид хийх ажлын эхлэл өнөөдрийн олон улсын хурал болж байна. Цахилгаан станцын хаягдал үнсийг цацраг идэвхтэй гэдэг шалтгаанаар ашиглах боломжгүйд хүргэдэг. Энэ нь үнсийг ашиглахад саад болдог. Үнэндээ бол байгалийн шавар шавхай барилгын материалд цацраг агуулагддаг. Их байна уу бага байна уу гэдэг нь чухал байдаг.

-Одоо манайд энэ төрлийн судалгааг явуулдаг байгууллага байгаа юу?

-Манай ШУА химийн хүрээлэн энэ төрлийн судалгааг хийж байна. Манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад нүүрсийг шингэрүүлэн, шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах нь онцгой ач холбогдолтой бөгөөд энэ чиглэлийн үйлдвэр барих чиглэлээр манай зарим аж ахуйн газрууд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. ӨАБНУ-ын САСОЛ компанийн төлөөлөгчид нь манай улсын нүүрсний шингэрүүлэлтийг сонирхож буй аж ахуйн газруудтай мөн уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Манай улсад ӨАБНУ-аас урьд нь ийм өндөр түвшний зочид төлөөлөгчид айлчлан хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцон, хамтарсан хурал зохион байгуулж байгаагүй бөгөөд энэхүү айлчлалын үр дүнд харилцан ашигтай хамтын ажиллагаа бий болно гэж үзэж байгааг албаныхан хэллээ. Түүнчлэн айлчлалын үеэр ШУА болон МИНТЕК компани, ШУА болон ӨАБНУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөлийн хамтарсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

Х.Даваанаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.5.196.86) 2014 оны 03 сарын 24

хуурамч амьтан хичнээн хүн үнсэн дэх цацраг идэвхит бодисоор хордох нь часд хамаагүй байх даа

0  |  0
Top