“Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх санаачилга 2011” тайлан номын нээлт “Иргэний танхим”-д өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Өнөө үед байгалийн баялгаар баян орнуудад уул уурхайн ордуудыг зүй зохистой, өгөөжтэй ашиглах, уул уурхайн хөгжлийн асуудалд хариуцлагатай, ул суурьтай хандах явдал урьд урьдынхаас илүү чухал болж байна. Үүнд дүгнэлт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 онд Давосын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо “Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх” санаачилга дэвшүүлсэн нь дэлхий дахины, ялангуя хөгжиж байгаа орнуудын талархал, дэмжлэгийг хүлээсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар уг санаачилгыг ажил хэрэг болгох үүднээс Дэлхийн Эдийн засгийн Чуулга уулзалттай хамтран 2010 онд Улаанбаатар хотноо “Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын анхдугаар уулзалтыг зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг олон талаас нь хөндсөн. Мөн энэ санаачилгын дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг Ази, Африк, Латин Америкийн арав гаруй оронд зохион байгуулсан.
Хариуцлагатай уул уурхайн санаачилгын хүрээнд Монгол Улс болон бусад орны туршлага, судалгаан дээр үндэслэн боловсруулсан тайланг Дэлхийн Эдийн засгийн Чуулга уулзалт, Бостон Консалтинг групптэй хамтран боловсруулсан байна. Ингэхдээ олон орны Засгийн газар, ТББ-ууд болон уул уурхайн компанийн төлөөлөл болсон 400 гаруй мэргэжилтний нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн санал, зөвлөгөөнд суурилан гаргасан байна. Ялангуяа олон улсад үйл ажиллагаа явуулж буй 22 төслийн туршлага, Монгол, Чили, Либери, Гана зэрэг байгалийн баялгийн асар их нөөцтэй ч харьцангуй хөгжил буурай орнуудаар жишээ аван судалгаа хийж, уул уурхайд түшиглэн хэрхэн хөгжих талаар зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжид удирдамж болгон 6 багц ерөнхий бүдүүвчийг тодорхойлж өгснөөрөө чухал ач холбогдолтой. Үүнд:
1. Бүх хувьцаа эзэмшигчдэд дэвшилтэт ур чадвар эзэмшиж, сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах
2. Уул уурхайн хөгжилтэй холбоотой ашиг орлого, хөрөнгө зардал, эрсдэл, хариуцлагын талаар нэгдмэл ойлголт, төсөөлөлтэй байх
3. Уул уурхайн төсөл хэрэгжүүлэх бүхий л үйл явцад хувьцаа эзэмшигчийг оролцуулахын төлөө хамтын хүчин чармайлт гаргах
4. Аливаа үйл явц, зохион байгуулалтын ажлуудыг ил тод, олон нийтэд нээлттэй байлгах
5. Сайтар зөвшилцөх, хяналт тавих, үүрэг амлалтаа биелүүлэх нийтээр хүлээн зөвшөөрөх механизм бүрдүүлэх
6. Маргааныг бүх талаар түргэн шуурхай зохицуулан шийдвэрлэх
Санаачилгын I үе шатанд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхтэй холбогдсон асуудлыг тодорхойлоход анхаарлаа хандуулж байсан бол энэхүү II дахь үе шатанд дээрх тодорхойлсон асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой дүгнэлтүүдийг нэгтгэн гаргаж, бүрдүүлэх багц тус бүрт хэрэгжүүлэх тусгай арга, ажиллагааг тодруулж өгсөн байна.
Ингэхдээ бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгааг холбогдох жишээ, судалгаа, тухайн үеийн санал санаачилгуудаар үзүүлж өгсөн. Тухайлбал Монгол Улс уул уурхайн хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээний яриа хэлэлцүүлэг хийх хөтөлбөр боловсруулан гаргасан байх жишээтэй.
2011 оны 11 дүгээр сард дэлхийн 33 улс орны уул уурхайн компаниуд, тэдгээрийн салбар, төрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан судалгаанаас харахад эдгээр бүх улс орны, янз бүрийн хувьцаа эзэмшигчид ихэнхдээ энэхүү тайланд дурдсан арга хэмжээнүүд уул уурхайг хариуцлагатай бөгөөд тогтвортой хөгжүүлэхэд “ихээхэн” юм уу “онцгой их” тус дөхөм болдог хэмээн үзэж байна.
Ялангуяа, сургалтын болон хөгжлийн хөтөлбөр боловсруулах, нийгэм, эдийн засгийн хамтарсан судалгаа явуулах, бүтээлч яриа хэлэлцүүлэг өрнүүлэхийг онцлон дурджээ.
Энэ тайланд баялаг мэдээлэл, санал санаачилга нэгтгэгдсэн бөгөөд уг салбар өөрөө ээдрээ түвэгтэй, бас олон улс орон, тэдгээрийн соёл энд хамрагдаж байгааг хүлээн зөвшөөрч байна.
Ийм учраас уг тайлангийн гол зорилго нь “бэлэн жор” гаргах, эсвэл бүх талыг багтаасан цогц шийдэл олох бус харин энэ хүрээнд хийж байгаа өнөөгийн бодит, тодорхой ажилд дэмжлэг үзүүлэхүйц онцгой, илүү үнэ цэнэтэй ойлголт, төсөөлөл, заавар зөвлөгөөг өгч чадна хэмээн бид найдаж байна.
Энэ нь Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд цаг үеэ олсон бодит баримт бичиг бөгөөд манай улсын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, иргэн, олон нийтэд санаа авууштай зүйл олон байгаа гэдгийг уг тайланг боловсруулахад оролцсон Монгол Улсын иргэний хувьд онцолж хэлмээр байна.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэхүү төслийн тайланг монгол хэлнээ хөрвүүлэн, олон нийтэд хүргэж байгааг дуулгахад таатай байна” гэв.
Дараа нь сэтгүүлчид сонирхсон зүйлээ асууж хариулт авлаа.
Сэтгэгдэл ( 0 )