Төрөлт жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед эх барих салбар уналтанд орсон гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор танилтай бол төрдөг, танилгүй бол жирэмсэн эх эмнэлэг, гэр хоёрын дунд олон явдаг жишиг тогтоод байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, эмч, олон улсын байгууллагынхныг байлцуулан хэлэлцжээ. “Амаржих газар болон эх барихын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал” сэдэвт энэхүү нэгдсэн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг даргалсан юм.
Энэ удаагийн хурлаар үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, эх барих болон түүнтэй холбогдсон үйл ажиллагаанд зориулсан эрх зүйн зохицуулалт, хүний нөөц, санхүүжилт, хөрөнгө оруулалт нь эрүүл мэндийн салбар тэр дундаа эх барих секторт дутагдаж байгааг оролцогчид ярьж байлаа.
Нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр хурлын зохион байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулга авсан юм.
- Хэлэлцүүлгийн талаар?
- УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус бүлэг “Амаржих газар болон эх барихын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал” хэлэлцүүлгийг хийж байна. Энэ бол анх удаа хийж байгаа хэлэлцүүлэг биш. Өмнө нь 3-4 удаа ажлын хэсэг байгуулан мэдээлэл авч, холбогдох хүмүүстэй уулзаж, энэ асуудлаар нэмж ярилцах юу байна вэ гэдгийг хэлэлцэж байна.
- Төрөлт нэмэгдэж байгаа энэ цаг үед эх барих салбарт хамгийн чухал нь ямар асуудал байна вэ?
- Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаа ч эмнэлгийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй байна. Үүнээс гадна үндсэн дөрвөн чиглэлээр гол ажлуудыг хийх ёстой. Нэгдүгээрт хууль эрх зүйн шинэчлэл, хоёрт хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, гуравдугаарт хүний нөөцийн шинэчлэл, дөрөвдүгээрт санхүүгийн асуудал байгаа.
- Манай улсад донорын тухай хууль байдаг хэрнээ эх нялхсын тухай хууль байдаггүй шүү дээ. Эх барихын хууль эрх зүйн талаар?
- Олон улсад эх нялхсын тухай хууль байдаг л даа. Энэ хууль манай оронд зайлшгүй шаардлагатай. Энэ хуулиар маш олон асуудлыг зохицуулж өгөх юм. Тэгэхээр бид эх нялхсын тухай хуулийг санаачилж батлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
- Хөрөнгө оруулалтын тухайд?
- Шинээр ашиглалтад орж байгаа төрөх эмнэлгүүд хугацаанаасаа 1-2 сараар хоцорч байгаа. Хамгийн гол нь барилгын асуудал шийдэгдсэн ч цахилгаан, шугам сүлжээ буюу дэд бүтэц нь шийдэгдээгүй. Үүнийг төсөвт суулгах талаар ярих хэрэгтэй байна.
- Хүний нөөцийн хувьд?
- Төрийн албан хаагчийн сүлжээг уян хатан тогтоохгүй бол эмч хүн жирийн ажилчдын цалингаар энэ салбарт ажиллах боломжгүй. Хоёр хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой болохоор хүмүүс хариуцлагаас нь айгаад эх барих салбарт ажиллах хүчин хомс байдаг. Тийм учраас 2010 онд С.Ламбаа сайд 123 тоот тушаал гаргасан. Гэтэл Сангийн яам энэ тушаалыг авч хэлэлцээгүй. Угаасаа Сангийн яам авч хэлэлцдэггүй л дээ. Санхүүгийн хувьд бид 2013 оны төсөвт юуг суулгаж өгөх вэ гэдгийг бид өнөөдрийн энэ хэлэлцүүлгээрээ шийднэ. Энэ нь манай хэлэлцүүлгийн гол зорилго юм. Өнөөдөр эмнэлгийнхэн чадлаараа ажиллаж байгаа ч төсөв санхүү нь тааруу болохоор бэрхшээл тулгарч байгаа гэж үзэж байна.
- Хүйн халдвар болон эх барих салбарын дутагдлын талаар?
- Төрөх үед хүйн халдвар гардаг. Энэ нь ариутгал дутуу, ачаалал ихэссэнээс болдог. Уг нь ариутгалын асуудлыг нэг удаагийн хэрэгслээр шийдэж болно. Энэ бол олон улсын жишиг. Би сая зардлыг нь тооцож үзлээ л дээ. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 60,000 эх төрлөө гэхэд нэг удаагийн хэрэгсэл 20,000 төгрөгний үнэтэй. Тэгэхээр төсөвт 1.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгах хэрэгтэй болж байна. Энэ бол төсөвт өчүүхэн хэсэг юм. Өнөөдөр зам тавьж байна гээд улсын төсвөөс өч төчнөөн саяыг гаргадаг ч шинэ зам нь жил хүрэхгүй нураад унадаг, эргээд хэн ч хариуцлага хүлээдэггүй шүү дээ. Харин төрөх эхчүүдийн нэг удаагийн хэрэгслийг төрөөс дааснаар энэ асуудал шийдэгдэхийн зэрэгцээ ариутгалын зардал ч хэмнэгдэнэ.
- Эмнэлэгт танилтай л бол төрдөг тогтолцоо байгаа шүү дээ. Энэ бүхэн шийдэгдэх боломжтой гэж үзэж болох уу?
- Болно. Би өмнө нь ЭМЯ-нд ажиллаж байсан. Тэр үед хүмүүс байнга утасдаж гуйдаг. Би үнэхээр тэр хүнд туслахаас өөр арга байдаггүй. Яагаад гэхээр тухайн хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаж байгаа юм. Танилгүй хүмүүст өнөөдөр олон бэрхшээл гардаг, энэ бүхнийг эх нялхсын хуулиараа л шийднэ.
- Хөдөө орон нутагт төрөлт хүндрэлтэй байдаг?
- Өмнө нь жирэмсэн эхчүүдийг сумдад төрүүлдэг байсан. Харин сүүлийн үед сумдад бус аймгийн төвд төрүүлдэг болсон. Ингэснээр аймаг дээрээ ачаалал үүсгэж, зардал нэмж байгаа хэрэг юм. Харин сумын эмч нар өөрсдөө чадавхжих боломжгүй болж байна. Тэгээд аймаг дээр төрсөн эхчүүд, нярай нар гэртээ харихдаа салхи авч гам алдах тохиолдол бий. Тиймээс бид хүндрэлгүй жирийн төрдөг эхчүүдийг сум дээр нь төрүүлж байх ёстой. Тэгвэл хэн хэндээ чирэгдэлгүй.
- Тодруулга өгсөн танд баярлалаа.
Өнөөдөр дэлхий дээр 1000-1500 нярай эндэж байна. Манай улсын эхийн эндэгдэл өндөр тохиолддог орнуудын тоонд багтаж байсан бол одоо энэ үзүүлэлтэд ахиц гарч, цаашид эхийн эндэгдэлгүй улс болохыг зорин ажиллаж байгаа гэнэ. Тиймээс эх барих салбарт анхаарна гэдэгт эмэгтэйчүүдийн бүлэг болон тус салбарын мэргэжилтнүүд найдаж байна.
А.Баямаа
Сэтгэгдэл ( 0 )