Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Сайд болно гэдэг тоглоом биш

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Монгол улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр өглөө УИХ-ын даргад Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаарх хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Ингээд түүний сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.

-Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын даргад сая өргөн барилаа. Засгийн бүтэц ямар байхаар төсөлд тусгагдсан бэ?

- УИХ-ын даргад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Бүтцийн тухай хууль гэдэг нь хэдэн яам, сайдтай ажиллах вэ гэдгийг шийддэг хууль. Бүрэлдэхүүний тухай хууль нь ямар ямар сайд вэ гэдгийг л тодорхойлж байгаа юм. Энэхүү хууль батлагдсаны дараа сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж эцэст нь УИХ-аар оруулж батлуулдаг. Ингэснээр Засгийн газар бүрдэх учиртай. Одоогийн засгийн бүтэц 19 сайдтай ажиллахаар төслийг өргөн барилаа. Яамдын тоогоор авч үзвэл хуучин 11 яам байсан бол өдгөө 16 яамтай болж ажиллана.

-Яамдын бүтцэд өөрчлөлт оруулах болсон үндэслэл нь юу байв?

-Яамны тоо нэмэх болсон үндэслэл нь нэгдүгээрт, өнгөрөгч дөрвөн жилд улс орны хөгжлийг тодорхойлдог гол байгууллага бол Үндэсний шинэтгэлийн хороо гэж бий. Энэхүү агентлаг нь яамдуудтайгаа харьцаж, бодлого зангидах хэмжээнд улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж хараахан чадахгүй байна. Өмнөх засгийн үед ч уг агентлагийн эрхийг нэмэгдүүлье гэж ярьдаг байлаа. Тэгэхээр Үндэсний шинэтгэлийн хороо гэдэг байгууллагыг яам болгосноор бусад яамтайгаа холбоотой ажиллана гэж үзэн Эдийн засгийн хөгжлийн яам болгож байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа ямар зарчмыг баримталсан гэхээр тухайн салбарыг хариуцаж буй сайд үр дүнтэй ажил хийх ёстой. Одоо байгаа яамдыг харахаар дөрвөн яам хэд хэдэн томоохон салбарыг хамарсан байгаа юм. Энэ нь аль нэг сайдаас хариуцлага нэхэхэд төвөгтэй. Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэхэд л хоёр том салбарын ажил тэр чигээрээ нэг яаманд байх жишээтэй. Тэгэхээр томоохон салбар давхардсан яамдыг салгаж, үүрэг хариуцлагыг нь тодорхой болгох үүднээс яамдын тоог нэмсэн. Эрдэс баялгийг эрчим хүчнээс тусад нь ажиллуулахаар бодлого нь тодорхой болно. Түүний төлөө хариуцлага хүлээх хүн ч духандаа тэмдэгтэй болно гэсэн үг. Тэгэхгүй бол 2-3 салбарын дунд нэг сайдтай  болохоор аль ч салбар нь хөгжсөн зүйлгүй хоцордог. Жишээ нь ТЭЦ-5 баригдсан уу гэхэд л баригдаагүй, уул уурхайн салбарт ахиц гарсан уу гэхээр гараагүй гэх мэтээр аль ч салбарт хариуцлага хүлээхгүй байдал бий болдог учраас хариуцлагыг чангатгаж байгаа юм.

-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг хоёр яам болгосон нь?

-Энэ салбарыг нь бодлоготой нь уялдуулж хоёр салгахаар төлөвлөсөн. Наад зах нь Монгол Улсын хэмжээний замыг ярихаа болъё. Та бүгд зөвхөн Улаанбаатарын замыг мэднэ. Зам тээвэр, барилга хот байгуулалт гэдэг хоёр том салбарыг нэгтгэснээр хоёуланг нь унагаасан.  Улаанбаатар хотын төлөвлөлт ч байхгүй болсон шүү дээ. Шинэ Засгийн газар ямар бодлого барьж байна вэ гэхээр орон нутгаас олноороо Улаанбаатарт шилжин ирж буй иргэдийг сааруулах арга бол аймгийн төвүүдийг хот шиг хот болгож өгье. Ерөөсөө л энэ. Аймаг бүрийн төвийг хот болгохын тулд хот төлөвлөлт хийнэ. Сүхбаатар аймгийн дарга Батсуурь гэдэг хүн хот төлөвлөлтийг хэчнээн зөв хийв. Түүнтэй адилхан аймгуудыг хот шиг хөгжүүлбэл орон нутгийн иргэд заавал нийслэл рүү нүүх шаардлага гарахгүй. Тиймээс Барилга хот байгуулалтын яам нөгөө салбараасаа тусдаа ажлаа нэр төртэй хийх хэрэгтэй. Энэхүү салбарыг хариуцсан хүн дөрвөн жилийн дараа бүх аймгийн төвийг хот шиг хот болгосон. Хот төлөвлөлт жигдэрсэн. Барилга байгууллага стандартын дагуу баригдсан байх учиртай. Замын асуудлыг ярья. Улаанбаатар энэ зун замын асуудлаар  шалгалтад тэг дүн авсан шүү дээ. Бороо орохоор бүх засмал зам эвдэрдэг, ус зайлуулах шугамгүй, энхэл донхол үүсдэг. Тиймээс зам барилга хоёрыг нийлүүлж хариуцсан нэртэй явах биш салгаж хариуцлагыг дээшлүүлье гэдэг утгаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг тусдаа ажлаа хийснээр ямар ахиц дэвшил гарав гэдгийг харуулна.

-Соёл урлаг, спортын яамыг яагаад шинээр байгуулах болсон юм бэ?

-Соёл боловсрол, шинжлэх ухааны яамны хувьд монголчууд сая олимпоос харахад нийт авсан медалийнхаа тоог хүн амдаа харьцуулахад Монгол Улс дэлхийд долдугаарт эрэмлэгдэж байна. Цөөхүүл ч гэсэн тэнгэрлэг монголчууд. Дэлхийн тавцанд спортоороо өрсөлдөхдөө бодлогын хэмжээнд асуудлаа гаргаж тавья гэж төлөвлөсөн. Өнгөрсөн олимпоос алт авч байсан бол энэ жил таван медаль авлаа. Цаашид энэхүү амжилтаа ахиулах үүднээс спортын асуудлыг тусад нь авч үзэх агентлагийн бодлогыг яамны хэмжээнд зангидах цаг болсон. Мөн монголчуудын бахархаж явах, үр хүүхдэдээ үлдээх зүйл, Монголоо гэсэн сэтгэл, ахуй заншил, уламжлал юм. Монголын соёл урлаг, аялал жуучлалыг хөгжүүлэх үүднээс тусад нь салгаж байна. Боловсролын салбарт томоохон өөрчлөлтийг хийхийн тулд энэ салбар биеэ даасан бодлого явуулах хэрэгтэй. Соёлыг боловсролын нэг хавсарга болгож болохгүй.

-Хөдөлмөрийн яамны хувьд?

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн дийлэнх нь монголчуудыг ажилтай, орлоготой болгоход гол анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулах шаардлагатай гэж үзсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг Хөдөлмөрийн яамд харьяалуулж хүнээ ажилтай мэргэжилтэй болгох. Түүнчлэн  жижиг дунд үйлдвэрийн асуудлыг үйлдвэр  гэж харахаасаа ажилгүй хүмүүсийг ажилтай, орлоготой болгох үүднээс хөдөлмөрийн яамд хариуцуулж байгаа юм. Ийм зүйлсийг нэгтгэнэ. Нөгөө талдаа гэр бүлийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хариуцна.

-Агентлагийн тоо цөөрөх үү?

-Хэвлэл мэдээллээр 20-30 сайдтай болох гэж байгаа тухай буруу сурталчилгаа явж байгаа. Тийм зүйл огт байхгүй. Бид хийх гэж буй ажлаа хариуцлагатай хийхийн тулд юуг яаж өөрчлөх вэ гэдгийг төлөвлөж байгаа юм. Одоогийн 43 агентлагаас 30 орчим агентлаг үлдэнэ. Өөрөөр хэлбэр соёл урлагаа хариуцсан хороо нь яам руу харьяалагдана гэх мэтчилэн агентлагуудын тоо цөөрнө. Яамнаас гадна агентлаг гэж тусдаа биеэ даасан, эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй том байшинтай газрыг яам руу нь харьяалуулж нэг бодлогоор зангидна. Тэгээд иргэдэд үйлчилдэг үйлчилгээг нь дөт болгох чиглэлээр  ажиллана гэсэн үг. Энэхүү ажлыг хийхэд ямар бүтцийг бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулна.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэр судлаж боловсруулсан бэ?

-Төсөлд судалгаа хийсэн. Олон улсын жишгүүд болон Монгол Улстай ойролцоо 2-5 оронд ямар байсан талаар судалгаа хийсэн. Манай өмнөх Засгийн газруудын түүвэр судалгааг ч хийлээ. Тоо хөөцөлдөхгүй, үр дүнтэй ажлыг л эрхэмлэж ажиллана.

-УИХ-ын гишүүнийг давхар Засгийн газарт томилж ажиллуулахгүй байх талаар анхаарч ажиллах тухай Ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлж байсан. Энэ талаар?

-Одоохондоо энэхүү асуудлыг ярихгүй. Учир нь яам, агентлагийнхаа бүрэлдэхүүнийг тодорхой болгоно. Дараа нь хэнийг, хаана томилох тухай асуудлыг бүтэц бүрэлдэхүүний хууль баталсны дараа  тодорхой болно.

- УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газарт орж ажиллах уу?

-Болно. Өнгөрөгч парламентад УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажилласан шүү дээ.  Ер нь нэг зүйлийг анхаарах ёстой. Манайхан сурталчилгаа явахаар айгаад буруу зүйл ярьдаг. Сайд болно гэдэг тоглоом биш. Албан тушаал авна гэхээсээ ажил хийх гэж ирж байгаа. Хамгийн наад зах нь сайд нар 12 цаг ажиллана. Ээлжийн амралт байхгүй. Монгол Улсын сайд жилд гадаад руу хоёроос дээш явахгүй.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top