Монгол Улсын Ерөнхийлөгчийг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16-р дээд хэмжээний уулзалтад урив

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Саид Аббас Арагхчиг хүлээн авч уулзлаа. Тэрээр Иран Улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмаденижадаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16-р Дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан урилгыг гардуулан өглөө.

“Ерөнхийлөгч М.Ахмадинежад эрхэм Ерөнхийлөгч тантай Бээжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны дэээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж хоёр орны харилцаа болон бус нутгийн асуудлаар санал солилцож ярилцах завшаан олдсоноо дурсаж байсан.

Эрхэм Ерөнхийлөгч та энэ удаад Иран Улсад айлчлах нь хоёр орны харилцаанд түүхэн чухал үйл үйл явдал болно гэж бид итгэж байна” гэж ноён Саид Аббас Арагхчи хэллээ.

Энэ уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлуудаар санал солилцсон. Ялангуяа түүх соёлын чиглэлээр хамтарсан судалгаа хийх талаар санал нэгдэв.  Иранд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох, Ил хаант улсын үед бичигдсэн сурвалжуудын гар бичмэл,  үндсэн эхүүд, соёлын дурсгал  олноор хадгалагдаж байдаг ажээ. Мөн Ил хаант улсын үед баригдсан хэдэн арван сүм, хийд, барилга, ордон, монгол нэртэй уул, гол мөрөн цөөнгүй бий. Иймд хоёр орны судлаачид , түүхчид Монголын эзэнт гүрний түүхийн судалгааг шинэ шатанд гаргах ажлуудыг эхлүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.  Түүнчлэн перс , араб хэл мэддэг түүхчдийг бэлдэх талаар санал солилцлоо.

Эвсэлд үл нэгдэх орнуудын хөдөлгөөн нь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг бататгахад чухал хувь нэмэр бүхий байгууллага бөгөөд Дээд хэмжээний уулзалтаас олон улсын харилцааны гол чухал асуудлуудад дүгнэлт хийж баримт бичгүүдийг гаргадаг юм. ЭҮНХ-ий Сайд нарын 2012 оны уулзалтаар манай улсын цөмийн зэвсэггүй статус, бичигтэн болох НҮБ-ын 10 жил, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын  олон улсын судалгааны төв, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа зэрэг НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд манай улс авч явдаг нийт 6 асуудлаар холбогдох заалтуудыг тусган батлуулжээ.

Монгол Улс 1991 онд ЭҮНХ-д гишүүнээр элсч Дээд хэмжээний уулзалтад тогтмол оролцсоор ирсэн. 2003 оноос хойш Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top