Технологийн сонголтыг орхигдуулж ирсний гай их

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18


Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор байгаль орчныг анхаарах шаардлагад технологийн сонголт маш чухал үүрэгтэй. Үүнийг манайд орхигдуулж ирснийг олон зүйлээс харж болно.

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас мэдээлж буйгаар өнөөгийн байдлаар 19870.4 га газар уул уурхайн үйлдвэрлэл, олборлолтоос үүдэн эвдэрчээ. Энэ дотор геологийн эрэл хайгуулын ажлаас 1904.5 га, ашигт малтмалын олборлолтоос 17966.0 га газар эвдэрчээ. Эвдэрч сүйдсэн газрынхаа хэмжээгээр Төв аймаг тэргүүлж байна. Тус аймагт 6645.4 га газар эвдэрсэн нь уул уурхайгаас болж сүйдсэн нийт газар нутгийн 30 гаруй хувийг эзэлж байна.

ШУТИС-ийн багийн хийсэн судалгаагаар манай улс өнгөрсөн хугацаанд дөрвөн тэрбум гаруй ам.долларын эрдэс баялгийг ашиглалгүй хөрсөнд нь "шингээж" орхижээ. Энэ нь ашиглах боломжтой, эдийн засгийн үр ашигтай эрдэс баялаг гэсэн үг. Ялангуяа, зэс, алт зэрэг эрдэс баялгийг дутуу ашигласан тохиолдол олон аж.

1997-1998 оноос "Алт" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр байгаль орчин, ялангуяа газрын хөрсөнд байгаа ашигт малтмалыг бүрэн ашиглаж байна уу гэдэгт анхаарлаа хандуулаагүй ирсэн. Үүнээс хамаарч одоо алтны ордын хуучин овоолгыг нинжа нар ашиглах болж, энэ нь эргээд байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө дагуулж буй.

Судлаачид уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурахгүй байгаа, эрдэс баялгийг бүрэн ашиглахгүй хаях тохиолдол элбэг байгааг технологийн сонголттой холбон тайлбарлаж байна.

Манайд ажиллаж байгаа уул уурхайн компаниуд үнэндээ ихэвчлэн бусад оронд хаагдсан уул уурхайн хуучирсан технологийг оруулж ирж богино хугацаанд баялгийг сорчлон ашиглах байдлаар хэрэглэж байна. Үүнд төр, засгаас тавих технологийн сонголт, үнэлгээний хяналт сул байсаар ирсэн нь компаниудад өгөөш болж байна. Уг нь хуульд техник технологид үнэлгээ хийнэ гэж заасан байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар техник технологийн үнэлгээг хийж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээг ямар аргачлалаар хийх, хоцрогдсон технологийг яаж тогтоох, ямар шаардлага тавих журмууд тодорхойгүй, стандартаа барихгүй байгаа тул хэн хүссэн нь "өнгөрсөн" зууны хар "утаа савсуулсан" хуучин технологи авчраад зардал гаргалгүйгээр газрын хөрсөн дэх өнгөн хэсгийн эрдэс баялгийг цөлмөж байна.

Уг нь нийт ард түмний өмч, байгалийн баялгийг үр ашигтай, байгаль орчинд хамгийн бага нөлөөтэйгээр ашиглах нь аж ахуй нэгжийн үүрэг юм. Энэ агуулгаар ямар технологи сонгох нь ард түмний өмнө хүлээж буй үүргээ биелүүлэх нэг чухал хэлбэр. Нөгөө талаас энэ үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийг шахаж шаардсан хяналт дутмаг байгаа учир ийм механизмуудыг төр, засгаас яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна.

АМГ-аас энэ жил техник технологийн чиглэлээр судалгаа хийж, үнэлгээний чиглэлээр ажилладаг тусгай орон тоо бий болгоод ажиллаж байгаа нь дээрх ажлын эхний алхам болно гэж найднам. Түүнээс гадна арилжааны банкууд уул уурхайн компаниудад орчин үеийн стандартад нийцсэн технологи оруулж ирсэн нөхцөлд зээл олгох зэрэг олон талын, олон байгууллагын хяналтын механизмуудыг янз бүрийн хэлбэрээр бий болгох хэрэгтэй байна.

Арилжааны банк хуучирсан технологи оруулж ирсэн компанид зээл олговол хариуцлага тооцдог хөшүүрэг бүхий механизм бүрдвэл ядаж уул уурхайгаас байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөө өндөр хувиар буурах талтай.
 Эх сурвалж: Бизнес таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top