Өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийнхэн Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, зарим их, дээд сургуулиудын 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын байдалтай газар дээр нь шалгаж танилцлаа.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ахалсан юм. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар, Г.Уянга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон албаны бусад хүмүүс тус бүрэлдэхүүнд ажилласан байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим их, дээд сургуулиудын үйл ажиллагаагаа явуулж байгаа хичээлийн байр нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх, цэцэрлэг, сургуулиудын багтаамж, барилга байгууламжийн эрүүл ахуй, аюулгүйн шаардлага, засвар үйлчилгээний ажлын байдалтай танилцахын зэрэгцээ сургалтын агуулга, тогтолцоог гишүүд түлхүү анхаарч сонирхож байлаа.
Эхний очсон сургууль Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37-р сургууль, 124-р цэцэрлэг байсан юм. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан 90 хувьтай байгаа гэж сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хэлж байсан. 37-р сургуулийн тухайд 2012-2013 оны хичээлийн жилд 2030 сурагч, 90 багштай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулна. 37-р сургууль Нийслэлийн хойд захын сургууль хийгээд тус дүүргийн 17,18 зэрэг гурван хорооны өрхийн хүүхдүүдийг сургадаг онцлогтой. Хичээлийн А,Б хоёр байртай. Бага дунд сургуулиудын барилга, тоног төхөөрөмжийг өргөтгөх төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2002 онд хичээлийн шинэ байрыг барьж өгчээ. Ажлын хэсгийн гишүүд сургуулийн байр сав, анги танхимтай танилцахаас илүүтэй сургалтын стандарт, сургалтын агуулгын тал дээр багш, ажилчдаас асууж байсан юм. УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ, Аж ахуйн асуудлыг шийдвэрлэж болох байх. Анги танхим , байр саваа үзүүлэхээсээ илүүтэйгээр сургалтын тогтолцооны алдаатай оноотой талаа ярилцмаар, анхаармаар байна. Бидэнд сайн сайхан байна гэж худлаа зүйл үзүүлэх хэрэггүй, аль болох болохгүй, бүтэхгүй шийдвэрлүүлмээр байгаа зүйлээ үзүүлж харуулж баймаар байна. Захирал, эрхлэгч нар бүх асуудалдаа хутгалдсаар байгаад сургалт хүмүүжлийн ажил орхигдоод байна. Юм болгоныг гадаадаас хуулж авмааргүй байна, ялгаж салгах хэрэгтэй. Хүүхүүдийн хамтын хөдөлмөр, төлөвшүүлэх тал дээр анхаарах цаг болсон байна хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар, Хариуцлагын тогтолцоог сайжруулж, боловсролын салбарт аудит оруулах хэрэгтэй болсныг онцолж байсан юм. Удирдах шатны хүмүүс хүүхдүүдийн төлөө сэтгэл гаргаж ажиллахгүй байна. Жил бүр төсвөөс хөрөнгө оруулалт боловсролын салбарт хийгдэж байгаа ч үнэн хэрэгтээ бүрэн хэмжээгээр зарцуулагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байсаар байгаа. Боловсролд ээлтэй ээлгүй Засаг дарга нарыг зарлаж, дэмждэг, хариуцлага тооцдог болно гэдгээ салбарын сайд хэлсэн. Мөн сурах бичигт багш нарын санаа огт тусгагдаггүй. Сурагчид тендерт ялсан хэн нэгний эрдмийн ажлын золиос болж байна. Багшид зориулсан сурах бичгийг гаргах цаг болсныг гишүүд дурьдаж, сургалтын агуулгад Монгол зан заншил, Монгол хүний онцлог, өв соёлын асуудлыг шингээж өгөх талаар ярилцлаа. УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ын дарга З.Баянсэлэнгэ, манай боловсролын салбарынхан шинэ зүйлийг нэвтрүүлэх болжээ. Жижүүрийн хэдэн хариултаар өөрсдийгөө хамгаалахаа болих хэрэгтэй байна. Өнөөдөр бид та нарын ажлыг шалгаж, хянаж, айлгах гэж ирээгүй. Монголын боловсролын салбарт дутагдаад байгаа, болохгүй байгаа асуудлыг хамтдаа шийдэж, ярилцаж, болохоосоо болохгүйг хүртэл хийх гэж ирсэн гэдгийг уулзалт бүртээ онцолж байлаа. 37-р сургуулийн сурагчдын бүртгэлийн ажил нэг дэх өдөр \ 2012.08.27\ эхэлнэ гэж байсан бол 124-р цэцэрлэг хүүхдүүдээ үндсэндээ бүртгээд дуусан гэж байсан.
124-р цэцэрлэг 280 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай. 2-5 настай хүүхдүүдийн 19 бүлэг хичээллэдэг. Хагас сайнд 5 настай хүүхдүүдэд зориулсан Хувилбарт сургалтын хоёр ангийг хичээллүүлдэг байна. Нийслэлийн хэмжээнд 45 хороо цэцэрлэггүй байдаг юм байна. 1970 оноос өмнө баригдсан цэцэрлэгийн барилга 30 хувийг эзэлдэг. 6 хүүхэд тутмын 4 нь цэцэрлэгт ямар нэг байдлаар хамрагдаж чаддаггүй гэсэн албан бус судалгаа байдаг. Нийслэлийн хэмжээнд газрын асуудал хүндрэлтэй байдаг учраас цэцэрлэг нэмж барих, төсөв санхүүгийн асуудал нь хууль эрх зүйн хүрээнд дутмаг байдгийг албаны хүмүүс онцолсон. Гэр цэцэрлэгийг хуулийн хүрээнд хэрхэн байгуулж болох, түүний үр дүн, төрөөс цэцэрлэгийн намны 2-5 настай хүүхэд бүрт олгодог 705 мянган төгрөгийг хэрхэн зөв хүртээмжтэй, хяналттай хуваарилах, 24-ийн цэцэрлэг, ясли дэрэг олон асуудлаар багш ажилчид, албаны хүмүүстэй гишүүд харилцан саналаа солилцсон.
Сэтгэгдэл ( 0 )