Ажлын хэсгийн гишүүд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль дээр очсон. Нэг ээлжиндээ 500 хүүхэд хичээллэх хичээлийн байр, 300 хүүхдийн хүчин чадалтай дотуур байртай, нэг ангид 10-12 хүүхэд суралцдаг юм байна. 2010 онд 0,8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг хийж, 242 сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. 2012-2013 оны хичээлийн жилд суралцахаар 40 орчим хүүхэд бүртгүүлжээ. 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн суралцагчдын сонирхол, хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохируулан үсчин-гоо сайхан, хоол үйлдвэрлэл- нарийн боов, модон эдлэлийн мужаан, оёдолчин-эсгүүрчин гэсэн 4 мэргэжлээр мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтыг эхлүүлжээ. Сурагчид жил бүр өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээ борлуулдаг байна. Харин багшлах боловсон хүчин дутмаг байдгийг багш нар энэ үеэр хэлж байлаа. Социализмын үед ОХУ, Унгар зэрэг улсад согог зүйн чиглэлээр боловсрол эзэмшсэн багш нар одоо тэтгэвэртээ гарах болж байгаа. Хэрэв эдгээр багш нар тэтгэвэртээ гарвал дараагийн үеийн багш нар бэлтгэгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд дан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд ихээр ирэх болжээ. Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургууль дээр ч ийм хүндрэлтэй хүүхдийн тоо нэмэгдсэн байгааг захирал багш С.Энхтуяа хэлж байсан. 116-р сургуульд энэ хичээлийн жилд 78 хүүхэд суралцана. Нэг ангидаа 6-8 хүүхэд сурдаг. Дээрх хоёр сургуулийн багш, ажилчидтай уулзахдаа гишүүд сэтгэл хангалуун байлаа. Учир нь бусад сургуулийн адил аж ахуйн бэрхшээл тоочихоосоо илүүтэй хүүхдүүдийн сургалтын орчин, боловсролын чанарт ихээхэн анхаарч, сэтгэл гаргаж ажиллаж байгаад талархалтай хандаж байсан юм. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь дөрвөн энгийн сурагчтай ажилласантай тэнцэх хэмээний хүч хөдөлмөр зарцуулдаг гэдэг. Энэ бүхнийг үл хайхран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд төлөвшүүлэх, боловсрол олгох, зөв чиг хандлагатай болгож байгаад баяр хүргэж, хамтран ажиллахдаа хэзээд бэлэн байгаагаа илэрхийлж байлаа.
Үүний дараа Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулиудаар орлоо. Сургууль бүрийн засварын ажил үндсэндээ дуусчээ. Удирлагууд гишүүдэд өөрсдийн сургуулийг танилцуулж, санал бодлоо харилцан солилцсон юм. ЭМШУИС-ийн тухайд 10 салбар сургуультай, 7 нь Улаанбаатар хотод, үлдсэн гурав нь Говь-Алтай, Дорноговь, Дархан аймагт байдаг. Манай улсын анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд дэлхийн аль ч улсын эмч нартай эн тэнцүү боловсрол эзэмшиж чаддаг гэдгийн сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн хэлж байсан. Тухайлбал, нүд, шүд, эрүү, нүүр ам, зүү зэрэг хэд хэдэн чиглэл олон улсын түвшинд хүрсэн байна. Гагцхүү манай улсад анагаах ухааны сургуулийн эмнэлэг байхгүй байгаа нь томоохон дутагдал болж байгаа юм байна. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA-гаас буцалтгүй тусламжаар 28.6 сая долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ манай улсын Засгийн газрын шийдвэр хүлээгдэж байгааг гишүүдэд хэлж, дэмжиж өгөхийг хүссэн.
МУБИС-ийн тухайд улсын хэмжээнд ажиллаж байгаа багш нарын 70 орчим хувийг тус сургуулийн төгсөгчид эзэлдэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд багшийн нэр хүнд, нийгмийн хангамжийн асуудал муудсантай холбоотойгоор суралцагчдын тоо, чанарт ч мөн нөлөөлсөн гэдгийг сургуулийн удирдлага хэллээ. Хууль тогтоох байгууллагын төлөөлөлтэй уулзсандаа баяртай байгаагаа багш нар илэрхийлж, тогтвортой боловсролын тогтолцоотой болох нь чухал байгааг онцолсон. Сонгууль бүрийн дараагаар өөрчлөлт, шинэчлэл нэрээр боловсролын системийг бужигнуулж байгаа нь эргээд сөрөг нөлөөтэй. Одоо сэтгэлгээгээ өөрчилж, хүний толгойтой ажилладаг биш, сэтгэлтэй ажилладаг багш нарыг бэлтгэхэд чиглэсэн бодлого боловсруулахыг гишүүдэд захилаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )