Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэмт хэрэг үйлдсэн, эс үйлдсэн талаар сүүлийн хэдэн сар талцлаа. Энэ бүхний эцэст экс төрийн тэргүүн маань дөрвөн жилийн ял авч, давж заалдахаа илэрхийлсэн. Харамсалтай нь хоригдож байх хугацаанд түүний бие ихээхэн муудсан бөгөөд өнөөдрийг хүртэл түүний оношийг тодорхойлж чадаагүй байна. Үүнд намынх нь гишүүд ихээхэн зовниж, жагсаал цуглаан хийн, суллах арга чарга хайн, улс төржих ажлыг хийж байгаа. Харин энэ үйлдлүүдийг Н.Энхбаярын “дайснууд” бусад нь хоригдож болоод байгаа газарт энэ хүн яахаараа байж болдоггүй юм, худлаа сүржигнэлээ хэмээн ярьж байна. Тэгэхээр энэ талцлыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа хэрэг хэмээн бодоод өнгөрч болох.
Тэгвэл энэ цаг үед Н.Энхбаярын хувьд нэгмөсөн улс төрөөс арчигдах уу? Нэр төртэйгээр эргэн ирэх үү гэдэг нэн тэргүүний асуудал болоод байна. Тиймээс гурван бүлэг бүхий жүжгийг найруулга сайтайгаар тавих хэрэгтэй болж байгаа юм. Эхний бүлэг болох “Өлсгөлөн” амжилттай тавигдаж, Монголчуудын өрөвч сэтгэлийг хөдөлгөөд авсан. Дараагийн бүлэг болох “Шүүх хурал” бүлэг бараг л зорилгоо биелүүлж Монголчуудыг талцуулаад авлаа. Тун удахгүй эцсийн бүлэг болох “Чөлөөлөлт” бүлэг тавигдана. Тодруулбал “Монгол улсын нэрийн өмнөөс” уншуулсан ялтанг суллах, ялыг хөнгөлөх хуулийн заалтууд Эрүүгийн хуулинд бий. Бие нь тааруу байгаа өнөө үед Н.Энхбаярын “доод хэд” Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйл дээр тоглолт хийх нь тодорхой болоод байна. Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйлд өвчний учир ялаас чөлөөлөх талаар тусгасан байдаг бөгөөд тодруулбал:
75.1.Шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой болсон буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх ялаас чөлөөлнө.
75.2.Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа ялтан сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой болсон буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх ял эдлэхээс чөлөөлнө.
75.3.Ялтан ял эдлэхэд саад учруулахуйц хүнд өвчнөөр өвчилсөн бол шүүх үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болно гэж заасан байгаа юм.
Тэгэхээр Энхбаяртангууд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-аар хүч нэмэгдүүлэн ялаас мултрах боломжтой болж байна.
“Чөлөөлөлт” бүлгийг товчхон дүрслэх хэрэгтэй болов уу. Н.Энхбаярын бие шоронд орсноор улам муудна. Үүний дараагаар эмнэлэгт дуулиантайгаар хүргэгдэнэ. Улмаар нарийвчилсан шинжилгээ хийлгээд ч онош нь тогтоогдохгүй байх үе түүний бие огцом муудна. Энэ үед мэдээж хэрэг нийгэмд бага зэрэг үймээн дэгдэж, буруутай, буруугүй хэмээн жагсаал цуглаан болох үед Н.Энхбаярын онош нь ялаас чөлөөлөгдөх 17 өвчний нэг нь болж таарна. Гэхдээ тэр нь мэдээж хэрэг гадаадад эмчлэгддэг өвчин байна. Улмаар эх орондоо бага зэрэг эмчилгээ хийлгэж байгаад “Би эргэж ирнэ” хэмээсээр хилийн дээс алхана. Энэ хугацаанд намын нөхөд нь ард түмний тархийг угааж Н.Энхбаяр сахиусан тэнгэр шиг ариухан, цагаахан, хэлмэгдсэн нөхөр болж хувирна. Ингээд Н.Энхбаяр улс төрд нэр цэвэр эргэн ирж, өрсөлдөгчдөө “хашраана” хэмээсээр ээлжит хороо найруулж эхэлснээр энэ бүлэг төгсөнө.
Энэ бол экс Ерөнхийлөгчийн хувьд хамгийн тохирсон зохиолтой жүжиг. Энэ жүжгийн туслах дүрд МАХН, МҮАН, Н.Энхбаярын гэр бүл, түүнийг хөгжөөн дэмжигч, одоогийн төрийн эрх баригчид байх болно. Харин үзэгч нь та бид.
Жүжгийг Н.Энхбаярын хүссэнээр төгсгөх үү, эс төгсгөх үү гэдгийг одоо төрийн эрх барьж байгаа “туслах дүр”-үүд л мэднэ. Жүжгийн үзэгч болохоор харж л сууя даа...
Э.Мөнгөн
Сэтгэгдэл ( 0 )