Дараа нь Рашид- ад Дины “Судрын чуулган”-ы эхийг электрон хэлбэрээр буулган бэлтгэснээ Ерөнхийлөгчид гардуулан өглөө. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч уг бүтээлийн эхийг хуулбарлан өгөхийг Туркийн Ерөнхийлөгч А.Гүлдээс хүсч захидал илгээсэн юм.
Одоо монголчууд бид гадны янз бүрийн эх сурвалжаас биш жинхэнэ эх бүтээлээс нь түүхээ судлах сайхан боломж нээгдлээ. Перс хэл дээр бичигдсэн энэ түүхэн бүтээлийг эх хэлнээс нь монгол рүү орчуулаагүй байгаа юм. Энэ бүтээл нь монголчуудын үүсэл гарлаас эхлээд Ил хаант улсын Газан хааныг хүртэлх түүхийг хамруулсан судалгааны чухал эх сурвалж билээ. “Судрын чуулган”-ыг Хүлэгү хааны ач Газан хааны зарлигаар 1300-1311 онд бичсэн байна. Түүнийг туурвихад олон орны түүхчид оролцсон ажээ. Тэдний дотор Хубилай хааны зарлигаар томилогдсон нэрт түүхч Болд чинсан тэргүүтэй монгол түүхчид гол үүрэг гүйцэтгэжээ.
Энэ бүтээл гурван хэсгээс бүрддэг. Нэгдүгээр хэсэг нь Монголын түүх, хоёрдугаар хэсэг нь дэлхийн түүх, гурав дахь нь газар зүйн толь юм. Харамсалтай нь гурав дахь хэсэг нь хэрэглээний явцад үрэгджээ. Номын бүх зургийг монгол зураач, урчууд бүтээсэн байна. Тухайн үеийн монголчуудын дүр төрх, угсаатны онцлогийг нэн бодитой тусган харуулсан тэдгээр зураг өнөө үед судалгааны асар их ач холбогдолтой юм.
Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүхийн үнэт эх сурвалж “Судрын чуулган”-ы хуулбар хувийг Монголдоо залж ирлээ.
Сэтгэгдэл ( 0 )